Иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээгээр наадсан сугалааны залиланд цэг тавья

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 23 ・ 4

  • Азтан тодруулдаг группүүд багадаа 70 мянган гишүүнтэй байна
  • Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлж авах сонирхолд хөтлөгдөж хэдэн мянгаараа оролцоно. Эдгээр үйл ажиллагааны ихэнх нь ашиг хонжоо олох зорилготой байдгийг иргэд ухамсарлахгүй, залилуулсаар байгаа нь харамсалтай. Азтан шалгаруулахад үйл явцыг нь та нарийн хянах боломжгүй байдаг. Бүр хэдэн таньдаг хүмүүстээ хонжвороо хувааж өгч залилдаг бүлэг этгээдүүд ч байна

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлийг ч дагуулж байна. Тэдгээрийн нэг нь цахим гэмт хэрэг юм. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл иргэдийг залилан мэхлэх, гэмт хэргийн хохирогч болгосоор байгаа нь нуушгүй үнэн. Тухайлбал, гадаадад суралцуулна, виз гаргана, диплом болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын бичиг баримт гаргаж өгнө, 5000-20000 төгрөг шилжүүлэх, эсвэл бараа аваад азтан болоорой хэмээн залилах тохиолдол эрс олширсон. Ялангуяа, LIVE азтан. Сүүлийн үед онлайнаар янз бүрийн машин, утас, онцгой эрхийн хонжворт сугалаа их боллоо. Жишээ нь, та ердөө 5000 төг тухайн хүний данс руу хийгээд утастай, эсвэл машинтай болох хонжворт оролцоно. Уг нь нэг их мөнгө биш л дээ. Гэхдээ тухайн сугалааг нэлээд хэдэн группт шэйрлэж, олон хүн үздэг. Хэд хэдэн баримт дэлгэе. Саяхан нэгэн группт IPhone 11-ийн азтан тодруулах сугалаа болсон юм. Тухайн групп 100 мянга орчим гишүүнтэй. Азтан болохын тулд админы данс руу 5000 төгрөг шилжүүлнэ. Таван хуушуурны мөнгөөр IPhone 11 хожчих санаатай 1000 гаруй хүн тухайн данс руу мөнгө шилжүүлсэн байгаа юм. 1000 хүнээр бодоход таван сая төгрөг админы дансанд цугларчээ. Гар утас нь 2.5-3.0 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Тэгэхээр группийн админ багадаа хоёр сая төгрөгийн ашигтай ажиллажээ гэсэн үг. Ер нь 1000 хүнээс 5000 төгрөг авсан атлаа ганцхан азтан тодруулна гэдэг нь луйврын шинж чанартай үйлдэл. Энэ бол хамгийн энгийн жишээ. Дуучин Ч.Ану буюу Ч.Уранхолбоогийн явуулсан “Приус 30” маркийн автомашины сугалааг олон хүн мартаагүй байх. Тэрбээр оролцогч бүрээс 5000 төгрөгийн хураамж авсан. “Сугалаанд 3500 хүн оролцсон” гэж Ч.Ану өөрөө тайлбарладаг ч үүнийгээ нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, 3500-гаас их хүн оролцсон байхыг үгүйсгэхгүй. Дараа нь нэгэн хувцасны дэлгүүртэй хамтарч Toyota Harrier маркийн автомашины азтан тодруулахаар болсон. Ингэхийн тулд нэр бүхий дэлгүүрээс 29 мянган төгрөгийн үнэтэй дотуур хувцас худалдан авах болзолтой. Гэвч өнөөдрийг хүртэл азтанг тодруулаагүй учраас бага зардлаар тансаг жийп хөлөглөх хүсэлдээ автсан гэнэн хүүхнүүдийн хэл амны бай болжээ. Ану өөрийгөө зөвхөн зуучилсан төдий гэж зөвтгөдөг ч бас л түүний үгэнд итгэх хүн гараагүй хэвээр. Make up artist Белла 10 мянган төгрөгөөр хогны уут авч гурван сая төгрөг хожоорой хэмээн LIVE хийж байлаа. Иргэд 10-хан мянган төгрөгөөр саятан болох ээлжит дайралтаа хийж, даруй 2000 орчим хүн худалдан авxээ. Иргэд тухайн уутыг авснаар 20 саяын орлого оруулж, харин ганц нь л гурван сая төгрөгтэй болно. Сугалаа хэр шударга явагддаг нь эргэлзээтэй. Энэ мэтчилэн олны танил хүмүүс нэр нүүрээ ашиглаж аль нэг компанид өндөр үнэтэй гэрээгээр барааг нь зарах, эсвэл өөртөө ашиг олох нь элбэг болжээ. Ийм дайралтад өртөгсдийн 90 хувь нь бүсгүйчүүд байдаг. Жижиг чулуугаар том чулуу цохих гэсэн ахархан бөгөөд гэнэн бодолдоо автсан хүүхнүүд азтан болохын тулд хэдэн ч удаа 5000, 10 мянгыг золионд гаргахад бэлэн байна. Харин хүний шунал дээр тоглолт хийгсэд улам олширч, хэн дуртай нь ямар нэгэн онлайн азтан нэртэй залилан явуулах болжээ. Гэтэл цагдаагийн байгууллага үүнд хэрхэн анхаарал хандуулдаг нь тодорхой бус. Хэвлэлүүдэд ярихдаа “Энэ бол залилангийн шинжтэй гэмт хэрэг мөн” хэмээн хэлдэг мөртөө гомдол гаргасан иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдол хуруу дарам цөөн байна. Бүсгүйчүүд 5, 10, 20, 30 мянган төгрөгөөр шатаад өнгөрөх нь энүүхэнд. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр олны танил эмэгтэйчүүдийн ийм үйлдэл хэрээс хэтэрч байна. Харамсалтай нь, үүнийг цэгцэлж, шалгах хэн ч алга. 

Хүүхнүүдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон азын сугалаа

Амар хялбар аргаар ахиухан мөнгө, эсвэл автомашинтай болох гэсэн хүүхнүүд улам л залхуу болсоор. Азтантай LIVE үздэг хүүхнүүдийн тоо хэдэн мянгаараа байдаг бол хэрэгтэй мэдээлэл түгээхэд ердөө 10 хүн л үзнэ. Олны танил хүмүүс хийсэн бүхий л бичлэгээ азтантай гэж хандалт аваад сурчихсан. Азаар авах гээд байгаа зүйлээ ажлаа хийгээд авбал илүү таашаалтай, амттай баймаар. Онлайн азтан бол зүгээр л сугалаа нэртэй мэхлэлт шүү дээ. Гоё сайхан мэт боловч бүгд авч, хожиж чадахгүй. LIVE азтан тодруулах үйл явцын талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Хатанбаатар ярихдаа “Хөл хорионы үед иргэд ихэвчлэн цахим орчинд өдрийг өнгөрөөж байна. Гэмт хэрэгтнүүд үүнийг нь олзолж хууль бус үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Иргэд гэртээ цахим орчинд цагийг өнгөрүүлэх болсноор онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт цахим гэмт хэргүүд олширч байна. Ялангуяа, иргэдээс 5-10 мянган төгрөг хурааж азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл гэдийг анхааруулъя. Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлаж азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад байр, машин хурдан удмын адууны хонжвортой явагддаг болжээ. Идэвхтэй группт LIVE хийгээд данс байршуулж иргэдээс 20 мянган төгрөг хурааж азтан шалгаруулдаг болж. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлж авах сонирхолд хөтлөгдөж хэдэн мянгаараа оролцоно. Эдгээр үйл ажиллагааны ихэнх нь ашиг хонжоо олох зорилготой байдгийг иргэд ухамсарлахгүй, залилуулсаар байгаа нь харамсалтай. Азтан шалгаруулахад үйл явцыг нь та нарийн хянах боломжгүй байдаг. Бүр хэдэн таньдаг хүмүүстээ хонжвороо хувааж өгч залилдаг бүлэг этгээдүүд ч байна. Үүнээс сэрэмжлэхийг дахин анхааруулъя” хэмээн хэлсэн. Иргэдийн сэтгэхүй дээр наадаж азтан тодруулдаг тусгай хэд хэдэн групп хүртэл бий болжээ. Тухайн группүүд хамгийн багадаа 70 мянган гишүүнтэй. 70 мянгаас 30 хувь нь азтан тодруулах сугалаанд тогтмол оролцдог гэсэн судалгаа ч байна. Энэ нь амар хялбар аргаар ашиг олохыг хүсэгчдэд олз болж байна. Харин нөгөө талаараа бага зардлаар ихийг олох гэсэн хүүхнүүдийн бэлэнчлэх сэтгэлгээг улам нэмэгдүүлсээр. Үүнээс гадна сүүлийн үед нэмэгдэх болсон өөр нэг цахим гэмт хэрэг нь цахим дэлгүүр. Урьдчилгаа мөнгө авч сураггүй болох, эсвэл харуулсан зурагнаасаа тэс өөр (хямд бөгөөд хулхи) бараа өгдөг. Ийм гэмт хэрэг эрс нэмэгдсэнийг цагдаагийнхан анхааруулсаар байгаа ч иргэд хашрахгүй хэвээр буй. Тэгвэл цахимаар гаарч буй гэмт хэргүүдээс мөрийтэй тоглох тохиолдол бас эрс нэмэгджээ. Цахим орчинд бусдад мөнгө болон ажлын байр, бараа эд материал амлах, пирамид хэлбэртэй бизнесийн сүлжээнд элсэхийг санал болгох, бусдад мөнгө зээлүүлэх зэрэгт сайтар няхуур хандаж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас анхааруулав. Залилах гэмт хэрэг улсын хэмжээнд жилдээ 600 бүртгэгдэж байсан бол 2019 онд 4600 болж огцом өссөн нь цахим сүлжээний хяналтгүй хэрэглээтэй холбоотой юм. 

Засгийн газрын мэдээ сонин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 24/

    Наад сугалаа чинь хөдөө суманд бүр их цэцэглэсэн.мотоцикл,гэр,зурагт гм ийг хонжворт тавиад хонь ямаагаар сугалаа явуулдаг.Эхний хүмүүст нь хонжвор таархаар малчид азаа үзнэ гээд хэдэн хонь ямаагаа хөтлөөд ирдэг.Зохион байгуулагчид баахан мал цуглуулж аваад буцдаг.Жинхэнэ луйвар явж байхад сум орон

    Хариулах
  • Эрдэнэ Золбоо /Утас99894321/ чаддаг юм бол надтай маргаарай / 2020 04 сар 23/

    үгүй ээ. Харин ч ийм төлбөртэй бичээч нар болих хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Угаасаа Улсад ордог байсан юмнаас 20 хувийг нь буцааж өгч байгаад баярлах хэрэгтэй. Бас үнээс болоод татвараа нуун дара

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 23/

    Ene sugalaand orj baigaa humuusiig l oilgodoggui yum. Teneg hun aztai gegcheer tsor gants teneg ni hojno. Busad ni luivarduulna gedgiig l oilgohgui bna shde

    Хариулах
  • гайхширал / 2020 04 сар 23/

    Цахим хэрэглээ ч яахав буруутай байж болно. хамгийн гол буруу нь шунахай сэтгэл, хөнгөн аргаар мөнгө олох гэсэн хүмүүжил, зөөлөн хэлэхэд өөрийгөө зараад мөнгө олдог болсон байна ш дээ

    Хариулах