Хөл хорионд орсон хүүхдүүд баярын өдрөө ч бухимдаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 02
  • Хуруу даран хүлээж байхад нь баярлуулахгүй, гэртээ хоол хийж өгөөд өнгөрнө гэж хэлж чадсангүй, гоёод л гараад ирлээ
  • Туул гол орчимд машинууд эгнэж, шорлог, хуушуур зарж буй хүмүүс самбараа зоож, галаа зэхжээ

Хүүхэд бүхний хоног тоолж, догдлон хүлээдэг онцгой өдрийн нэг бол зургаадугаар сарын нэгэн юм. Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр хүн бүхэн бяцхан үрсийнхээ хүслийг биелүүлж, эрхийг нь эдлүүлэхийг эрмэлздэг. Аав ээжийн өгсөн амтат бэлэг, алиалагч, тоглоом, чимэглэл, арга хэмжээ, элдэв наадгай хүүхдүүдэд аз жаргал бэлэглэж, дурсамжийг нь өнгөлдөг билээ. Гэхдээ энэ жилийн тэмдэглэлт өдөр онцлогтой. Дэлхий нийтийг аймшигт цар тахал нөмөрч, багачууд хөл хорионд ороод багагүй хугацаа өнгөрсөн. Мөн коронавирус тархах эрсдэлээс сэргийлэхийн тулд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, аливаа баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг эрүүл мэндийг байгууллагууд зөвлөж буй. Түүнчлэн олон нийтийн газрууд 0-12 насны хүүхдэд үйлчлэхийг хориглож, тоглоомын төвүүд хаалгаа барьсан. Ийнхүү хөл хорио тогтоосон үед хүмүүс хүүхдүүдээ хэрхэн баярлуулж буйг сурвалжиллаа.

Түм түжигнэж, бум бужигнаж байдаг төв талбай эл хул байлаа

Жил бүрийн хүүхдийн баяраар түм түжигнэж, бум бужигнаж байдаг нийслэлийн төв талбай энэ жил эл хуль байлаа. Хаа нэг бага насны хүүхдээ хөтөлсөн хүмүүс холхих бөгөөд, хаачихаа эргэцүүлэн, зөвлөлдөх өсвөр насны хүүхдүүд энд, тэнд цугларсан харагдана. Уг нь энэ өдөр нийслэлийн захиргаанаас "Монгол хүүхдүүд" ёслолыг төв талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Тиймээс өнөө жил ч мөн талбайд ямар нэг үйл ажиллагаа болно гэж итгээд ирсэн тухайгаа зарим хүн хэлж байлаа. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн А.Хонгорзул “Амарч байгаа өдрөө хүүхдүүдээ баярлуулах санаатай талбай дээр ирсэн ч цагийн гарз боллоо. Уг нь хүүхдийн баяраар талбай дээр үлгэрийн баатар цуглаад, энд тэнд тоглоом зоочихдог байсан юм. Гэтэл энэ жил ямар нэг үйл ажиллагаа болохгүй байгаа юм байна. Яг урд нь барилгын ажил эхлүүлчихсэн болохоор шороо, тоос босоод ёстой онцгүй байна. ЭМЯ-наас баяраа гэртээ тэмдэглээрэй гэсэн зөвлөмж өгсөн ч үргэлж гэрийн хорионд байгаа хүүхдүүддээ баярын өдөр нь салхи амсуулах хэрэгтэй гэж бодсон юм” гэлээ.

Зургаан сарын турш гэрээсээ гараагүй хүүхдүүдээ баярынх нь өдөр ч мөн цагдах бэрх байгааг эцэг, эхчүүд учирлаж байлаа. Харин хүүхдүүд ямар нэг арга хэмжээнд оролцож, наадаж, тоглохгүйгээр “аргацааж” баярлах таалагдахгүй байна хэмээн ундууцав. 127 дугаар сургуулийн сурагч А.Мөнхтогтох “Хүүхдийн баяраар ангиараа уулзахаар товлосон юм. Гэхдээ 10 орчим хүүхэд ирлээ. Кино театр, үзвэр үйлчилгээний байгууллага ажиллахгүй болохоор хаачихаа сайн мэдэхгүй л байна. Хоолны газрууд 12-оос доош насны хүүхдүүдэд үйлчлэхгүй байгаа юм билээ. Тиймээс хоол идэхийн тулд 12-оос дээш настай гэдгээ нотлох шаардлагатай. Ямар ч үйл ажиллагаа болохгүй байгаа болохоор хүүхдийн баяр онцгүй болж байна” гэсэн юм.

Туул голын эргээр "Шавсан" хүүхдүүд олон байв

Хотын төвд хүүхдэд үйлчлэх газар байхгүй учир эцэг эхчүүд голын захаар багачуудынхаа хамт агаарлаж байлаа. Нийслэлтэй хамгийн ойр байрлах Туул голын орчимд машинууд эгнэж, шорлог, хуушуур зарж буй хүмүүс самбараа зоож, галаа зэхжээ. Замын хажууд хүүхдүүд дугуй унаж, бөмбөгөөр наадах бөгөөд пицца, тахиа барьсан хүмүүс холхино. Түүнчлэн томчууд модны сүүдэр бараадаж, багачууд голын захаар шаагилдаж байлаа. Гэртээ уйдаж, зурагт, утастай нөхөрлөж буй хүүхдүүдийн магнай тэнийж, “цангаа тайлагдаж” байгааг эцэг, эхчүүд хэлж байсан юм. Түүнчлэн хүүхдүүд ээж, ааваасаа “эрт явахгүй шүү, энд жаахан байна шүү” гэж хоргоох нь “нар нь гарч” байгааг нь гэрчилнэ. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Байгалмаа “Нэгдүгээр сарын 27-ноос хойш хүүхдүүд гэрийн хорионд орсон. Өдрийн турш гэртээ байхаар утас, зурагттай л “нөхөрлөдөг” юм байна. Дэлгэцийн хэрэглээг нь хязгаарлахыг хичээж байгаа ч хичээл нь хүртэл зурагтаар орж байгаа болохоор бүр мөсөн хорьж чадахгүй юм. Мөн тэр бүр агаар салхинд гаргаад, тоглуулаад байх боломж ч хомс.Тиймээс баярынх нь өдөр л цэвэр агаар бэлэглэж байна даа. Энэ хэцүү цагт элдэв чихрээс дээр бэлэг байх” гэсэн юм. Гадаа үе, үе хуй босож, салхи сэвэлзэн байсан ч хүмүүс харих гэж яарахгүй байгаа нь анзаарагдаж байлаа. Гэхдээ хэдий голын захад, агаартай орчинд байгаа ч багачууд амны хаалт зүүж, айдастай наадаж байлаа.

 "Хүүхдийн баярыг жил бүхэн тэмдэглэдэг болохоор охид маань баярлаад сурчихжээ"

”Хүүхдийн баярын өдөр хэн бүхний зорьдог газрын нэг бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Жил бүр багачуудад зориулсан элдэв арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан тус газар өнөө жил мөн л үйл ажиллагаа явуулахгүй, тоглоомуудаа хураажээ. Зөвхөн хоолны газар, хүнсний мухлагууд нь л өчигдрөөс ажиллаж эхэлсэн аж. Гэхдээ хүрээлэнгийн ойр орчим хүүхдээ хөтөлж, тэрэг түрсэн хүмүүсийн хөлд дарагджээ. Ямар нэг арга хэмжээ зохион байгуулаагүй ч уйдаж буй хүүхдийнхээ сэтгэлийн аргацаах санаатай энд ирсэн тухайгаа ээж, аавууд учирлав. Баянзүрх дүүргийн иргэн С.Сүх-Очир “Тоглоомын төв ажиллахгүй, зоогийн газар, дэлгүүрүүд хүүхдэд үйлчлэхгүй болохоор орох, гарах газар олддоггүй юм байна. Хүүхдийн баярыг жил бүхэн тэмдэглэдэг болохоор охид маань баярлаад сурчихжээ. Хуруу даран хүлээж байхад нь баярлуулахгүй, гэртээ хоол хийж өгөөд өнгөрнө гэж хэлж чадсангүй, гоёод л гараад ирлээ. Гэхдээ үнэндээ хаачихаа мэдэлгүй, энд ирээд, жаахан дагуулж алхлаа. Маскаа зүүхгүй гэж уурлаад, ярвигтай л юм” гэсэн юм.Цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоолд машин зогсох зай ховор байлаа. Мөн үүдэнд нь буй хамгаалагч хүмүүсийн амны хаалтыг шалгаж, нэвтрэх зөвшөөрөл өгч байсан юм. Түүнчлэн дотогш нэвтэрсэн хэн бүхэнд маск зүүж, гараа ариутгахыг тэд сануулж байлаа. Ийнхүү амны хаалт зүүж, ахуйн ариун цэвэр сахихыг хичээж буй багачууд баяраа тэмдэглэхээр нийслэлийн эргэн тойронд холхино.

Хан-Уул дүүргийн II хорооны иргэн 

Н.Байгалмаа

Өвөл, хавар гэртээ байсан болохоор хүүхдүүд одоо залхаж байх шиг байна. Хааяа цэцэрлэгт хүрээлэн, туул голын зах руу гарахаар чухам баярладаг юм. Манай улсад хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх газар үнэндээ хомс юм. Агаартай, цэвэрхэн орчинд цогцолбор байгуулчихвал маш олон асуудал цэгцэрнэ шүү дээ.

141 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч

А.Тэмүүлэн

Хичээл амарчихсан ёстой муухай байна. Найзуудаа ч их санадаг. Энэ жилийн хүүхдийн баяр ч уйтгартай болж өнгөрлөө. Өмнө жил парк ороод, тоглоом тоглоод хөгжилтэй байсан.

27 дугаар цэцэрлэгийн сурагч 

А.Цэлмүүн

Цэцэрлэгтээ явахгүй гоё байна. Гэхдээ гэрээсээ гарч болохгүй болохоор муухай юм. Гадаа коронавирус байгаа учир гэртээ л тоглож болно. Хэрэв гадаа гарах юм бол ээж, аавыг нь цагдаа нар торгож байгаа гэсэн. Гэхдээ цонхоор харахаар манай байрны хүүхдүүд гадаа тоглоод л байдаг. Орой аав, ээж нь торгуулдаг байх. Би “Коронавирус алга болоосой” гээд өдөр болгон бурханд залбирч байгаа.

104 дүгээр сургуулийн сурагч

Х.Энхтөр

Хөл хорионоос болоод хүүхдийн баяр ёстой онцгүй болж байна. Хүрээлэн дээрх шийд, тоглоомууд ажиллахгүй болохоор үзэж харах зүйл огт алга. Халуун наранд хүрээлэн тойроод алхах сонин биш шүү дээ. Талбай, парк орсон мөн л юу ч зохион байгуулаагүй байна лээ. Тиймээс одоо гэр рүүгээ явж байна. Энгийн өдрүүдэд ээж, аав гэрээс гаргахгүй юм. Өнөөдөр хүүхдийн баяр гээд зөвшөөрөл аваад гарсан ч нэмэр алга. Одоо бид хөдөө л цөлөгдөх байх.

Батлан хамгаалах их сургуулийн оюутан

О.Нямсүрэн

Дүү нараа баярлуулах гээд гэрээсээ гарсан ч баярлуулж чадалгүй харих гэж байна. Ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа болохоор хөөс, шаар хоёр авч өгөхөөс гавьсангүй. Дээрээс нь, хүүхдүүд маск зүүхгүй, шаардлага хүлээж авахгүй юм. Дотооддоо вирус алдаагүй юм чинь амны хаалт зүүхгүй байж болдоггүй юм байх даа.

 

Засгийн газрын мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх