Ө.Чойжинсүрэн: Нэгэн жарны турш хамтдаа амьдарч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 15 ・ 2

Ө.Чойжинсүрэн, Н.Аюуш нарыг “Гэр бүл” булангийнхаа анхны зочдоор урьж ярилцлаа.


-Та хоёр өөрсдийгөө танилцуулна уу?

Нөхөр Ө.Чойжинсүрэн:-Би Говь-Алтай аймгийн Цогт сумын “Далан” бригадын Өлзийдамдингийн Чойжинсүрэн гэж хүн байна аа. 1936 онд төрсөн, хулгана жилтэй.

Эхнэр Н.Аюуш:-Би мөн Говь-Алтай аймгийн Нүдэнхүүгийн Аюуш гэдэг хүн байна. Бид хоёр нэг нутаг, нэг довны хоёр оо.

-Та хоёр хэдэн онд нэг гэрт орж байв даа?

Ө.Чойжинсүрэн:-1960 онд.

-1960-2020 он гэхээр та хоёр хамтдаа амьдраад 60 жил болж байгаа юм байна. “...Жаран жилийг туулавч хайрын гал нь хэвээрээ” гэдэг шиг?

Ө.Чойжинсүрэн:-Нэгэн жарны турш хамтдаа амьдарч байна. 1960 онд бид хоёр 25-тай байсан юм. Бид хоёр чацуу юм. Тэрнээс хойш 60 жил болж байна. 60 жил хамт амьдарч, жаргал зовлонгоо хуваалцаж, найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Нас 85 хүрч байна. 1953 онд нэгдэлд орж нэгдлийн малчин байлаа. Манай нэг охин Эвлэлийн төв хорооны Алтан медалиар шагнагдаж Илгээлтийн эзэн болж байлаа. Тэрний ах нь илгээлтээр гарч Улсын залуу аварга малчин болж ЗХУ-д нэг сар жуулчлах эрхийн бичгээр шагнагдаж байсан юм.

-Та хоёр одоо хаана амьдарч байгаа вэ?

Н.Аюуш:-Бид хоёр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд амьдарч байна. 11 дүгээр хороололд хүүхдийн гэрт амьдарч байна. Хүүхдийндээ хамтдаа, цуг байна аа, нэг гэрт.

-Ач, зээ нар тоймгүй олон биз?

Н.Аюуш:-Байна аа байна. Зарим нь Өмнөговьд байна. Хүүхдийн хүүхдүүд ач, зээ нар гээд зөндөө олуулаа байна.

-Монголчууд их гэрсэг, бүлсэг ард түмэн шүү дээ. Та хоёр гэр бүл гэдгийг хэрхэн ойлгодог вэ?

Н.Аюуш:-Гэр бүлээрээ салж, сарнидаггүй, элдэв шалдав юм болдоггүй, нэгэндээ туушдаа, хамтаараа эрүүл сайхан амьдарч явах шиг сайхан юм хаа байх билээ. Хойдох үр хүүхдүүд минь гэр бүл болсон бол гэр бүлээрээ үр хүүхдээ өсгөөд ач, зээ нартай болоод өсөж үржээд явж байна. Сайхан амьдрал сайхан шүү дээ. Бид залуудаа мал маллаж байлаа. Хоёр удаа Улсын аварга малчин болж байлаа. Улс, аймаг, сумдаа нэртэй, төртэй сайн л малчин явлаа.

Ө.Чойжинсүрэн:-1960 онд гэр бүл болчихоод цэрэгт явж байлаа. Би Хотын комендатад 1960 оны есдүгээр сараас 1963 оны есдүгээр сар хүртэл цэргийн алба хааж байлаа. Хотын комендатын дарга нь “Рапорт” Ёндон гэж хүн байсан юм. Комендатын цэргээр эргүүлд явдаг, харуулд гардаг, Жанжин штабт жижүүрийн туслахаар харуулд гардаг байсан юм. Гурван жил болж халагдаад очиход манай аав, миний гэр бүл хоёр нэгдлийн мал маллаж байсан. Манай аав намайг цэрэгт байхад Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулж байсан, 1962 онд. Цэргээс халагдаад одоход аав минь тийм гоё одонтой болчихсон байсан.

Н.Аюуш:-Цэргээс ирэхэд нь би хадамтайгаа тийм л гавьяатай угтаж байлаа (инээв). Ажил хөдөлмөртэй, алдар гавьяатай сайн явсаан.

Ө.Чойжинсүрэн:-Нэгдлийн малыг манай эмгэн маллаж, манай аав тус дэм болж тэгээд сайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулж байсан.

-Ам мурийхгүй хос гэж хаа байхав. Зөрөлдөх юм гарна. Ер нь хосууд хэдэн нас хүртлээ ингэж зөрөлддөг юм бэ?

Н.Аюуш:-Та ярь л даа (Нөхөртөө хандаж ингэж хэлэв.сурв). Бид хоёрын хувьд тэгж хэрэлдэж, хэлцэж, муудалцаж хатуу үг хэлж үзээгүй ээ. Нэгэн жигдийн явж ирсэн.

Ө.Чойжинсүрэн:-Гэр бүл бутрахаар, салахаар хэрүүл, зодоон цохион байгаагүй. Бид хоёр Баянгол дүүрэгт найм, есөн жил амьдарсан. Тэгэхэд нэг уулзалтад очсон. Бид хоёрыг “Өнөр бүл” гээд, тийм тууз мууз эмгэнд зүүж өгсөн. Ном гаргасан. Сүүлд 100 айлын энд Нутгийн зөвлөлийн уулзалт болсон.

Н.Аюуш:-Бас л урьсан.

Ө.Чойжинсүрэн:-Бас уригдаж оролцоод. Эмгэнд “Өнөр гэр бүл” гэдэг тэмдэг өгч байсан.

Н.Аюуш:-Манай нутагт Ээж уул гэж уул байдаг. Тэр уулын зургийг бид хоёрт дурсгасан. Ер нь сайн л юм хийж явсан дөө (инээв).

-Хос хоёр хэдэн нас хүрээд нэгнээ үггүйгээр, харцаараа шууд ойлголцдог болдог юм байна?

Ө.Чойжинсүрэн:-Бид хоёр чинь 25-тайдаа гэр бүл болоод...

Н.Аюуш:-24-тэй шүү дээ. 24-тэй байсан юм. Та бид хоёрын айл болохын хавар....

Ө.Чойжинсүрэн:-Жаран оны өвөл юм чинь...

Н.Аюуш:-Жаран оны хавар л үгүй билүү...

Ө.Чойжинсүрэн:-Өвөл билүү?

Н.Аюуш:Өвөл билүү?

-Та хоёр одоо ч маргалддаг л юм байна шүү дээ?

Н.Аюуш:-(Инээв).

Ө.Чойжинсүрэн:-Ийм маргалдаан байлгүй яадаг юм.

-Танай гэр бүлийн гол зарчим юу вэ. Гэр бүлдээ, харилцаандаа юуг эрхэмлэдэг вэ. Танайхыг бусад хүмүүс ямар онцлогтой айл гэдэг вэ?

Ө.Чойжинсүрэн:-Нэгдлийн малчин байлаа.

Н.Аюуш:-Сайн малчиндаа л орж явсан, ерөөсөө л.

Ө.Чойжинсүрэн:-1953-1992 он хүртэл Нэгдэл татан буугдах хүртэл нэгдлийн мал маллаж, Нэгдлийн сайн малчин гэгдэж л явлаа. Нэгдлийн малыг төлөөр нь түм, бум хүргэж, нэгдэлд 500 ямаанаас хориод мянган ишиг бойжуулж, манай хүү Улсын залуу аварга малчин болж байлаа.

Н.Аюуш:-Бүх юм 100 хувь байж байж л юманд хүрнэ.

-Эрэгтэйчүүд эхнэртэйгээ, хань ижилтэйгээ хэрхэн харьцах ёстой байдаг вэ. Та эрчүүдэд хандаж юу хэлэх вэ?

Ө.Чойжинсүрэн:-Бид хоёр чинь үе тэнгийнх. Хүүхэд бол зөвлөгөө өгөөд сургаад байхсан. Үе тэнгийн хоёр хүн чинь нэг нэгэндээ сургамж өгөөд байх нь ч юу юм. Зүгээр, тэгж баймаар байна, ингэж баймаар байна гэж зөвлөлдөх маягтай л юм ярина уу гэхээс. Хоорондын зохицолдолгоо гэж нэг юм байна шүү дээ. Тэгвэл тэгмээр байна гэж ярилцаж, тохирдог, зөвлөлддөг л байлаа.

-Та эмэгтэйчүүдэд, бүсгүйчүүдэд хандаад юу гэж хэлмээр байна?

Н.Аюуш:-Алсаасаа хоорондоо эв найрамдалтай байдаг бол тэгээд нэг их онцгойроод байх ч юу байхав. Нэг л гэрийн улс шиг айван тайван сайхан, үр хүүхдээ өсгөж бойжуулаад л, хийсэн ажилдаа эзэн болж, сайн л явах хэрэгтэй дээ.

-1960 он, 2020 оны гэр бүлүүдийн хооронд асар их ялгаа бий шүү дээ. Та бүхэн орчин үеийн гэр бүлүүдийн байдал, эхнэр нөхрүүдийн хоорондын харьцааг ажигладаг л байх?

Н.Аюуш:-За одоо тэгээд л сайн саараараа янз бүр л байдаг болсон байна л даа. Манай хүүхдүүд гэр бүл болсон тохиолдолд бид хоёрын л ижил салахгүй, сарнихгүй, цаана уу, наана уу гэх юм байхгүй. Зарим нь айл гэр болтлоо хэсэг ганцаараа явж байгаад ханьтай болчихдог юм. Одоо бүгдээрээ хань ижил, үр хүүхэдтэй тийм улсууд л байгаа.

Ө.Чойжинсүрэн:-Эрэгтэй хүн нь архи уугаад эмэгтэйгээ дээрэлхдэг, зоддог. Тэрнээсээ болж гэр бүл салдаг явдал одоо их өрнөж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тийм явдал байна. Дээр үед чинь тийм юм их гайгүй байсан юм шүү дээ. Одооны залуучууд чинь архи, тамхи хоёрт орчихсон. Бараг авгайгийнхаа үгэнд ордоггүй. Хүмүүжил муутай. Танхай гэж хэлэхэд хилсдэхгүй болчихсон.

Н.Аюуш:-Нөхрөө дарамталдаг авгайцуул ч байна. Янз янз л байна.

Ө.Чойжинсүрэн:-Зарим хүүхнүүд нөхрөө дээрэлхээд, архи уулаа, тамхи татлаа гээд тэрнээсээ болоод салаад явдаг явдал их гарч байна. Дээхнэ үед их гайгүй гардаг байсан юм даа.

-Дээр үед гэр бүл сална гэдэг чинь маш том асуудал, хүн бүр цочирдож хүлээж авдаг байлаа. Харин одоо өөр болжээ. Өнөөдөр саллаа, маргааш нь өөр хүнтэй нийлээд явчихдаг. Олон салж нийлсэн хүн ч элбэг болжээ?

Н.Аюуш:-Тэгэлгүй яах юм. Тэр үед салдаггүй байлаа. Одооны энэ явдал эвгүй л байна, муухай л байна. Энэ сайхан эрдэмтэй, соёлтой, ёстой л арав, хорин жил суралцаж гэгээрч явсан тийм ухамсартай мундаг улсууд чинь яачихаад байдгийг нь бүү мэд ээ. Салах сарних нь их л байх бололтой юм байна шүү дээ.

Ө.Чойжинсүрэн:-Сүүлийн үеийн эцэг, эх хүүхдээ зөв сургадаггүй, зөв хүмүүжүүлдэггүй учраас сайхан гэр бүл болчихсон мөртлөө архи ууна, тамхи татна. Тэрнээсээ болоод гэр бүл салалт их үүсч байгаа юм.

Н.Аюуш:-Архийг уусан хүн зөв явахгүй ээ.

-Гэр бүлүүддээ, залуу гэр бүл, гэр бүл зохиох гэж байгаа залуустаа хандаж та хоёр юу хэлэх вэ?

Н.Аюуш:-Амар амгалан, сайн сайхан, үүрдийн, салж бутрахгүй тийм сайхан, хоёр биедээ ээлтэй, үр хүүхдээ сайхан өсгөж бойжуулж, сайн сайхан айл болж яваарай гэж л хэлэхээр байна даа, миний хувьд.

Ө.Чойжинсүрэн:-Дээр үеийнх шиг мал маллаад, хүүхдээ өсгөөд, Улсын аварга малчин болж байгаа хүмүүс зөндөө. Манай нутагт миний садангийн хүн дээ, манай аавын дүү Дарамширын Цэрэндондог гэж хүн байна. Урд гол, Хойд гол руу нэгдлийн ямаа маллаж байгаад Хөдөлмөрийн баатар боллоо. Улсын аварга малчин хоёр удаа болж, “Алтан ишигний эзэн” ч болж байлаа. Одоо нас нь 83 хүрсэн ийм өвгөн одоо Говь-Алтай аймгийн Цогт сумын Бургаст гэдэг газар амьдарч байна.

Н.Аюуш:-Ямар ч үеийн хүн сайн л явбал сайн, нэр алдраа цуурайтуулна. Тэр яриад байгаа Хөдөлмөрийн баатар чинь манай л садангийн хүн дээ. Байсхийгээд л зурагтаар гарч байдаг, та нар харсан байх. Цэрэндондог гэж мундаг хүн бий. Гарч л байдаг шүү дээ, зурагтаар.

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: