Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү: Цахим сэтгүүл зүй цахим орчинд хэрэглэгчдээ хамгаалах цаг болсон

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 05 сар 03 ・ 1

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт- Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй ярилцлаа.

-Монголын сайтын холбоо саяхан шинэ удирдлагуудаа сонгосон. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрх нэмж, өөрчлөлтүүдийг бий болгож байгаа цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбооноос гишүүддээ хандсан сургалт, төрөл бүрийн арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Мөн холбооныхоо дүрмийг баримталж, хамтын удирдлагаа нэгдсэн чуулганаараа сонгодог. Дүрмийн дагуу Монголын сайтын холбооны нэгдсэн VI чуулган өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдөр болж, нийт 81 сайтын төлөөлөл мандатын эрхээ авч оролцсон. Энэ чуулганы төлөөлөгчид Удирдах болон Хяналтын зөвлөлд орж ажиллах гишүүдээ сонгосон бөгөөд Удирдах зөвлөлөөс надад итгэл хүлээлгэн Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон. Шинээр томилогдсон удирдлагын баг Сайтын холбооныхоо үйл ажиллагааг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх, гишүүн сайтуудын дунд сургалт болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, холбооны байраа тохижуулах, сайтаа шинэчлэх гэх мэт олон ажлыг зохион байгуулаад байна.

-Монголын  сайтын холбоо “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” форумыг зохион байгуулах гэж байна. Энэ форумын талаар?

-12 жилийн түүхтэй Монголын сайтын холбооноос хоёр жилд нэг удаа форум зохион байгуулдаг уламжлалтай.  Өнгөрсөн хугацаанд Монголын Сайтын холбоо  цахим орон зайд хэвлэн нийтлэх эрхийг хамгаалж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсний зэрэгцээ  Монголын цахим сэтгүүл зүйн гурван форумыг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулганыг хуралдуулж, Цахим сэтгүүл зүйн хүрээнд мөрдөн ажиллах Улаанбаатарын цахим тунхгийг олон нийтэд хүргэж ажилласан. Өөрөөр хэлбэл, бид дан ганц цахим сэтгүүл зүйдээ хандсан үйл ажиллагааг явуулдаг  байсан бол  энэ удаагийн ээлжит IV чуулганаа “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.  “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” чуулганы  ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажиллах бол Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулагчаар оролцоно. Мөн дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн,  Глоб интернэшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллах юм.  Энэхүү чуулганд сайт, сонин, телевиз, зурагчин, зураглаач гээд хэвлэл мэдээллийн салбарын бүх төлөөлөл оролцохоос гадна сошиал орчинд нийгэмд эерэг мессеж түгээгч инфлүүсерүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, үзэл бодлоо хуваалцах юм. Энэ өдөр цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёс зүйн код ба гэмт хэргийг мэдээлэх асуудал, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвийг хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, салбар салбарын төлөөлөл илтгэл тавина.

-Цахим бүслэлт гэсэн үг их содон сонсогдож байна. Чухам яагаад энэ үгийг сонгож авсан юм бэ?

-1991 оноос хойш мэдээллийн хэлбэр асар их өөрчлөгдөж, интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бий болсон. Бидэнд өөрийгөө илэрхийлэх, мэдээлэлтэй байх, цахим орчинд бизнес эрхлэх гэх мэт олон гайхалтай боломж бий болжээ. Сэтгүүл зүйн өнгө төрх,  мэдээллийн хурд ч үүнийг дагаад өөрчлөгдсөн. Гэхдээ цахим боломж бидэнд бас том эрсдэлийг дагуулж эхэлсэн гэхэд болно.  Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Цахим бүслэлтэд өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс Монголын Сайтын холбооноос өөрсдийн уншигчдыг бас энэ цахим бүслэлтээс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирэхийг зорьж IV форумаа “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд хийхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна гэсэн тоон мэдээ гарсан байдаг. Сошиал медиа хэрэглэгчийн олонх нь фэйсбүүкийн хэрэглэгч бөгөөд үүнийгээ дагаад цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэн доромжилсон, хүчирхийллийг дэмжсэн ёс бус үйлдлүүд ихэссэнээс гадна хүүхдийн аюулгүй байдал нэн тулгамдсан асуудал болоод байна. Цахим гэмт хэрэг, залилан мэхлэлт, цахим хүчирхийлэл ч их үйлдэгдэж байна. Мөн цахим орчинд эмх замбараагүй тарж байгаа гэмт хэргийн элдэв мэдээллүүд бусдад сэдэл өгөх сөрөг хандлага ч бий болж байна. Тиймээс цахим сэтгүүл зүй цахим хэрэглэгчдэдээ мэдээллийг үнэн зөв өгөх, мэргэжлийн ёс зүйтэй ажиллах, цахим орчинд хуурамч мэдээллийг ялгаж таних боломжийг уншигчдадаа олгох, үр хүүхдүүдээ бид цахим халдлагаас хамгаалах цаг болсон.

-Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-“Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээн дор “Өнөөдрөөс өөрсдөө эхэлье” уриатай эерэг нөлөөллийн аяныг мөн эхлүүлж, дэмжин ажиллах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, улмаар нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх нэг жилийн аяныг өрнүүлэхээр ярилцаж тохироод байна. Сэтгүүл зүй өөрөө нийгмийн өмнө маш том хариуцлага хүлээдэг чухал салбар.Тиймээс цахим сэтгүүл зүй хэрэглэгчдээ үнэн зөв мэдээллээр хангахын зэрэгцээ хуурамч мэдээлэл, элдэв гэмт хэргээс ч бас хэрэглэгчдээ  хамгаалах цаг болсон гэж бид үзэж байгаа юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2022 05 сар 03/

    Баасаа цэвэрлэж чадахгуй байж амаараа том том баасан пацанууд.

    Хариулах