Б.Пунсалмаа: Олон эмэгтэйг улс төрд гаргахын тулд бид тэнцвэртэй, системтэй ажиллах ёстой

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 25

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Дээд чуулганаа хийж байна. Энэ чуулганд нийслэл, орон нутгийн ардчилсан эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 661 эмэгтэй оролцож байна. Тэд олонхийн саналаараа тэргүүнээ шинээр сонгоно. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд дараах хүмүүс өрсөлдөж байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ашигт малтмалын газрын дарга асан Г.Үүрийнтуяа, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Жаргалан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэсувд, М-Ойл группийн захирал Б.Пунсалмаа. АН-ын гишүүн Ц.Уянга, АН-ын гишүүн Н.Одонгуа. Нэр дэвшигчдийн өрсөлдөөн нэлээд ширүүн өрнөж байна. Нэр дэвшигч Б.Пунсалмаа "Би мөрийн хөтөлбөртөө тэнцвэртэй байдлыг их онцолсон. Өнөөдөр хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагын 17.5-хан хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Энэ хувийн зөрүүн дээр эрэгтэйчүүд ажиллаж бидний өмнөөс асуудлыг шийдэж байна.

Энэ бол 30 гаруй жил үргэлжилсэн гажуудал. Нийгэмд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал хурцаар тавигдаж байгаа ч шийдвэрлэж чадахгүй байна. Эмэгтэй улстөрчид илүү олуулаа болж байж манай нийгэм хүүхэд, эмэгтэйчүүдэд, цаашлаад иргэндээ ээлтэй нийгэм болох юм байна гэж бодож байгаа. Илүү олон эмэгтэйг улс төрд амжилттай гаргаж, ялалт байгуулахын төлөө бид тэнцвэртэй, системтэй ажиллах ёстой. Миний хувьд нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр таван жил ажилласан.

2018 онд энэхүү албан тушаалд сонгогдсон. Улстөрч хүний үндсэн зорилт бол сонгуульд ялалт байгуулах, шийдвэр гаргах түвшинд ажиллах, бодлого боловсруулах, системийн өөрчлөлт хийх байдаг. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдвол боломж бололцоогоо бүх шатанд 100 хувь ашиглаж ажиллана. АН маань шинэ хувьслынхаа үе шатанд ирлээ. Бүх зүйл гольдролдоо орж байгаа учраас намынхаа эмэгтэйчүүдийг сонгуульд бэлтгэх ажилд орох цаг нь болсон гэж бодож байна" гэлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх