Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
9 цагийн өмнө

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээр ордын Тавантолгойгоос бусад ордын лицензийг тухайн үеийн АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын алба 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгосон байдаг.
Харин Тавантолгойн бүлэг ордын солбицол бүхий газрыг Үйлдвэр, худалдааны сайдын 2006 оны хоёрдугаар сарын 9-ний тушаалаар Тус 287А дугаар бүхий лицензийн талбайг зургаан сарын хугацаатай нөөцөд авсугай” гэсэн тушаалыг гаргасан.
Тэгвэл, энэхүү нөөцөд авсан газарт “Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар 2006 оны долдугаар сарын 8-нд АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албанд хандсан. Тус албаны мэргэжилтэн “...Энэ чинь нөөцөд авсан газартай давхцаж байна” гэж тэмдэглээд, хариуг нь “Энержи ресурс” ХХК-д илгээжээ. Гэтэл АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Т.Занашир 2006 оны наймдугаар сарын 28-нд Тавантолгойн ордын солбицол бүхий газар дахь давхацлыг арилгах шийдвэр гаргаж, улмаар “Энержи ресурс” ХХК-д 2135 га газарт ашиглалтын лиценз олгосон байна. Үүнийг нь Аудитын байгууллагаас “...Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдлд хүсэлт гаргасан газрыг олгосхоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Тиймээс “Энержи ресурс” ХХК-д олгосон 11943А дугаартай лицензийн газарт уг хуулийн 45.4-т заасны дагуу өөрчлөлт оруулж хууль нийцүүлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Түүнчлэн УМХГ-ын Геологи, уул уурхайн албаны шалгалтаар 2006 оны арваннэгдүгээр сарын 8-нд “...Аудитын дүгнэлтийн дагуу сонгон шалгаруулалтыг дахин хийх шаардлагатай” гэжээ.
Үүнээс гадна, “Энержи ресурс” ХХК нь Тавантолгойн лицензийн газраас 101 га газрыг “Дайцику” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын албаны 2006 оны есдүгээр сарын 1-ний 891 тоот шийдвэрээр шилжүүлжээ. Энэхүү “Энержи ресурс” ХХКийн эзэмшиж буй Тавантолгойн лицензийн газар болон тэндээс 101 га газрыг “Дайцику” ХХК-д шилжүүлснийг Аудитаас “...Хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн байгаа юм.
УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “…Тавантолгойн ордод өнөөдрийн мөнгөнд шилжүүлж тооцвол төрийн төсвөөс 100-аад сая доллараар хайгуул хийсэн. Тэр талбай дээр хайгуулын лиценз авчихсан. Үүнийг шударга асуудал гэж үзэж байна уу” гэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Лу.Гантөмөр “…1997 оны хуулийг шударга байсан уу, шударга биш байсан уу гэдэг асуулт тавьж байна л даа. Би 1997 оны тухайн үеийн нөхцөл байдалд тааруулсан хуулийг тухайн үеийн УИХ гаргасан болов уу л гэж бодож байгаа юм. Харин стратегийн орд гэдэг нэр томъёог ашиглаж, төрийн оролцож буцаж уул уурхайн салбарт хүчтэй байр суурийг бий болго гэдэг хандлага 2005 оноос явсан. Талийгаач О.Энхсайхан гишүүн анхны санаачилгыг гаргаж байсан. Тийм болохоор бид бол 2006 онд гаргасан хуулин дээрээ хариуцлага хүлээж, асуудлуудаа шийдэж явах ёстой. Мэдээж хэрэг, хувийн хэвшлүүдэд олгосон лицензүүдийг цаашид яах вэ гэдэг асуудлыг нэлээн ул суурьтай ярих л хэрэгтэй” гэсэн байна.
Мөн УИХ-ын 2008 оны нэгдүгээр сарын 11-ний нэгдсэн хуралдаанаар дээр УИХ-ын гишүүн Л.Гүндалай “…“Дайцику” гээд компанид өгсөн лицензийг та яаж байна вэ. Төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон юм бол яагаад улс эзэмшиж болохгүй байгаад байгаа юм бэ” гэхэд Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү “…Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаа “Энержи ресурс” компанитай хэлэлцээ хийгээд явж байна. Засгийн газар ямар нэгэн гаднын байгууллага, эсвэл бүлэг компани хүмүүсийн нөлөөтэйгээр энэ асуудлыг авч үзэхгүй, бие дааж дангаараа тодорхойлъё гэж байгаа. Үүний дараа хөрөнгө оруулагчдын оролцоог ямар байх вэ, ямар нөхцөл байдалтай байх вэ гэдгийг нь тодорхойлж өгөх ёстой. Энэ бүний дараа л энэ асуудлыг ярих ёстой.
Ийм байр сууринаас хандсан. Тэр дотор “Дайцику” гэдэг компани, хажууд нь хоёр жижигхэн компанийн талбайн лиценз бий. Нэгэнт л Тавантолгойн орд газрын лицензийг бүхэлд нь эргүүлэн татах асуудлыг ярьж байгаа учраас энэ нь зарчмаараа явагдах ёстой” гэж хариулсан байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.