Автозамын салбарыг авч явах хүнээрээ Б.Дэлгэрсайхан сайд төрийн албанд нэг минут ч ажиллаж үзээгүй Ө.Баасансүрэн гэдэг эмэгтэйг сонгожээ. Уг нь Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-т “Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гээд тодорхой заачихсан байдаг. Зам тээврийн яамны Авто замын газрын дарга нь эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал гэдгийг тодотгоё.
Ө.Баасансүрэнгийн хувьд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т дэд даргаар ажиллаж байгаад уг албанд томилогдож байгаа. Хамгийн анх ажлын гараагаа “Хурдны зам” компаниас эхэлж байсан. Хожим Х.Баттулга гишүүнийг Ерөнхийлөгч байх үед, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханыг Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга байх үед тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замыг барихад төсөвчнөөр ажиллаж байв. Тэр цагаас хойш одоогийн УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай ойр дотно холбоотой болсон гэгддэг. Төрийн албанд ажиллаж үзээгүй Ө.Баасансүрэн эрхэлсэн түшмэлийн эрэмбэтэй Автозамын газрын даргаар томилогдож байгааг нь энэ холбоо сүлбээтэй нь уяж ойлгохоос өөр аргагүй.
Дамдинсүрэнгийн Жаргалсайхан бол улстөрд Х.Баттулга гэдэг овогтой, Х.Баттулга бол хэзээнээсээ л Монголын зам, тээврийн салбарт эзэн суух хүсэлтэй хүмүүс. Авто замын салбарт лав ахиад л гараа шургуулаад амжлаа ТЭР. Ингэхдээ Ардын намын Б.Дэлгэрсайхан сайдын дэмжлэгтэйгээр!
А.Болдбаатар
эх сурвалж: 24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.