Ч.Хонгорзул: Азийн Залуучууд Монголд анх удаа чуулах гэж байна

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

Ч.Хонгорзул: Азийн Залуучууд Монголд анх удаа чуулах гэж байна

 

 

     Ирэх тавдугаар сарын 18-21ний өдрүүдэд Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII ерөнхий чуулганыг Монголд анх удаа Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоохамтран зохион байгуулах гэж байна. Энэ талаар МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын Дарга Ч.Хонгорзулаас тодрууллаа.

 

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII ерөнхий чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.  Энэ чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

Азийн Залуучуудын Зөвлөл нь 1972 оны 8-р сарын 14-нд үүсгэн байгуулагдсан бүс нутгийн, төрийн бус залуучуудын байгууллага бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд зорилго чиглэл нэгтэй залуучууд, залуу манлайлагчдыг нэгтгэсэн байгууллага юм. Энэ Зөвлөлд өөрийн орны засгийн газарт хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний залуучуудын байгууллагууд гишүүнээр элссэн байдаг. Манай Монголын Залуучуудын Холбоо нь 1993  оны 4-р сард Дэлхийн Залуучуудын Ассемблейн гишүүнээр элсэж,  9-р сард Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүнээр элсэж байсан юм. Азийн Залуучуудын чуулган нь 2 жилд нэг удаа болдог. Энэ удаагийн чуулганыг Монголын Залуучуудын Холбоо  2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

 

Азийн бүхий л орнууд чуулах  томоохон чуулган  болох юм байна. Энэхүү чуулганыг яагаад Монголд зохион байгуулах болов?

2013 онд Камбожийн Вант улсад Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит  ХII чуулган болсон. Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцох энэхүү чуулганд тухайн үеийн Засгийн Газар онцгой ач холбогдол өгч, Монголын залуучуудыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулсан. Тиймээс энэхүү чуулганд залуучуудын  чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын тэргүүн, төлөөлөгч нараас бүрдсэн манлайлагч 20 залуучуудыг Азийн чуулганд төлөөлөгчөөр оролцсон. Эх орноо төлөөлөн оролцох  шилдгийн шилдэг манлайлагч 20 залуучуудыг МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат ахлан явж байсан юм. Ийнхүү төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн багийнхан илтгэл тавих, хэсгийн хуралдаанууд хэлэлцүүлэгт оролцох зэргээр тун амжилттай идэвхтэй оролцсоны үр дүнд Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү томоохон чуулганыг Монголдоо зохиох эрхийг авч чадсан юм.

Манай улсад зохион байгуулагдах энэхүү чуулганаар ямар сэдвүүд хөндөгдөх вэ? Чуулганы гол зорилго юу  байх бол?

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII ерөнхий чуулган энэ жил “Нэг Ази 2015:Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор үргэлжилнэ. 2013 онд “Залуучууд ба Энхтайван: Энхтайвныг бэхжүүлэхэд боловсролоор дамжуулан тогтвортой байдал, хөгжилд хүрэх нь”  сэдэвтэйгээр зохион байгуулагдаж байсан. Энэ жилийн чуулган нь дээрх сэдэв дээр үндэслэн энхтайван, тогтвортой байдал ба хөгжлийг бий болгоход учирч буй саад бэрхшээлүүд, асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах, Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжил Зорилт” дахь нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох юм. Чуулган нь Боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Эрүүл мэнд, жендер, Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, Залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэнэ. Түүнчлэн Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн орнуудын залуу төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилтод” Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлнэ.

Азийн залуучуудын чуулганыг Монголд зохион байгуулж буйн онцлог, ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ?

Монголд анх удаа уг  чуулганыг зохион байгуулснаар Азийн орнуудын манлайлагч болсон 300 гаруй төлөөлөгч залууст Монголоо сурталчлах, залуучуудын орон гэгддэг манай улсыг дэлхийн олон нийтийн хараанд өртүүлэх, чуулганы бэлтгэл ажлын хүрээнд томоохон бүтээн байгуулалт хийж үлдээх зэрэг олон давуу тал бидэнд бий болж байна. Түүнчлэн Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганд оролцсоноор гадаадын залуучуудтай танилцах, Азийн бүсийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлаарх цогц мэдээллийг нэг дороос олж авах, хэлний мэдлэгээ сайжруулах, гадаад арга хэмжээнд оролцох дадлага туршлагатай болох зэрэг олон давуу талыг олгож байгаа. Мөн энэ чуулганаар 4 жилд нэг удаа сонгогддог Удирдлагын бүрэлдэхүүний сонгууль болно.

Үүнээс гадна Монголын Залуучуудын Холбоо нь чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа нь Монгол Улсыг гадаадад таниулахын зэрэгцээ Монголын залуучууд олон улсын арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулахад томоохон туршлага болж байна.

Азийн Залуучуудын Чуулганд хичнээн улсын хэдэн төлөөлөгчид оролцох вэ?

Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн орон бүрээс 5-10 төлөөлөгч, залуучуудын асуудал хариуцсан Засгийн Газрын төлөөлөл, залуу  бизнес эрхлэгчид, Монголын төлөөлөгчид гээд  нийт 600 төлөөлөгч оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Тодруулбал Азийн орнуудын оюутан залуучууд, Африк, АНУ болон Европын улсуудын Залуучуудын байгууллагууд, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-ууд, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, Монголын талаас Төрийн болон Төрийн Бус Байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, залуу идэвхтнүүд гээд 600 төлөөлөгчид гэсэн тоо гаргасан.

Энэ чуулганыг Монголд зохион байгуулж буйг Азийн улс орнууд хэрхэн хүлээн авч байгаа бол?

Монгол улс нийгэм, эдийн засаг, уул уурхай, аялал жуулчлалын  чиглэлээр Азидаа  төдийгүй  олон улсад танигдаж буй нь  энэхүү  чуулганд оролцогчдын анхаарлыг ихэд  татаж байгаа. Одоогоор 20 улсын 180 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ.

 

Энэ үеэр хоёр ч томоохон хурал болно гэж сонссон. Нэмэлт хуралдаануудын талаар тодруулбал?

Ерөнхий чуулган салбар хэлэлцүүлгүүдээс гадна “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум”, “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум” гэсэн болно. “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум”-ын хувьд МЗХ-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачлагыг хэрэгжүүлэх ажлыг залуучуудаас эхлэх ёстой гэсэн байр суурьт хүрч “Нэг Ази 2015” чуулганы хүрээнд зохион байгуулах гэж байна. Уг симпиозиумын хүрээнд  Зүүн Хойд Азийн бүс нутгийн хүрээнд тогтвортой хөгжлийг хангахад улс орнуудын залуучуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Залуучуудад боловсролын эзэмших боломжуудыг нэмэгдүүлэх, залуучуудын санхүүгийн бие даасан байдлыг дэмжих, Бүс нутгийн залуучуудад тулгамдаж буй саад бэрхшээлүүд, асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх санаачлагуудыг гарган тавих, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, залуучуудын эрх, улс төрийн болон эдийн засгийн тогвортой байдал зэрэг асуудлуудыг  хөндөнө. Ингэсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санааг Зүүн Хойд Азийн залуучуудад ойлгуулан таниулах, Зүүн Хойд Азийн орнуудын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Бүс нутгийн аюулгүй байдалд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, “Зүүн Хойд Азийн Залуучуудын хамтын ажиллагааны уулзалт”-ын тунхаг гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Уулзалтад Монгол, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг орнуудын төлөөлөгч нар оролцоно.

Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын бизнес форумын  тухайд...?

Ази тив нь дэлхий дээр эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж  байгаа бөгөөд энэхүү өсөлтийн амжилтын үндэс нь бүс нутгийн хэмжээнд тогтвортой зах зээлийг хөгжүүлсэн, хүн ам, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чөлөөтэй шилжилт хөдөлгөөний шинэ эрин үе эхэлсэн, шинэ салбарууд хурдацтай хөгжиж байгаатай  салшгүй холбоотой. Иймд залуу бизнес эрхлэгчдэд  хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг туршлагаасаа хуваалцах, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломжуудыг судлахад туслах нь энэхүү форумын зорилго оршино.Уг форумд  гадаад, дотоодын нийт 200 орчим төлөөлөгч оролцож, тодорхой сэдвүүдээр илтгэл сонсох, 1:1 зарчмаар дотоод гадаадын бизнес эрхлэгчидтэй тойргийн журмаар, тодорхой хуваарийн дагуу уулзах боломжтой юм байна. Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Үйлчилгээний гэсэн гурван салбарын хүрээнд өрнөх уг форум тавдугаар сарын 20-ны өдөр болно.

Манай улсаас оролцох төлөөлөгчдийг ер нь хэрхэн сонгох вэ? Оролцогчдод ямар шалгуур тавьж байгаа бол? Хүссэн хүн бүр оролцоно гэхээр  мэдээж хүндрэлтэй асуудлууд гарч ирнэ байх?

Ерөнхий шаардлага нь англи хэлний мэдлэг  нь дундаас дээш  түвшиний мэдлэгтэй байх ёстой. Үүнээс гадна салбар хуралдааны аль нэг салбар  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  төрийн  болон төрийн бус ямар байгууллагуудын залуучууд оролцох боломжтой. Гэхдээ нэг байгууллагаас шилдгийн шилдэг нэг л  залуу оролцох юм. Тэгэхээр ирсэн  материалуудаас зохих шаардлагыг хангасан хүмүүсээ сонгож авна гэсэн үг.

Орон нутгийн залуучууддаа хэрхэн хамруулж байгаа вэ?

Олон Улсын  энэ томоохон арга хэмжээнд мэдээж орон нутгийн залуусаа хамруулж байгаа. Нэг аймагт 2 хүний квот олгохоор шийдвэрлэсэн байгаа.

Undesten


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх