Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 1 цагийн өмнө

Мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах зорилгоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдэд багтаан, үе шаттай хэрэгжүүлж байна.

Аж үйлдвэрийн парк байгуулах талаар олон жил ярьсан боловч 2024 оны аравдугаар сарын 3-нд тус паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулснаар ажил эрчимтэй явж эхэлсэн. 2025 оны наймдугаар сард тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж”-ийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан. Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих юм. Мөн БНСУ-ын "Smart Energy platform"-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж буй. Түүнчлэн Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг шийднэ. 

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт, усан хангамжийн барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар үерийн байгууламжийн төсвийг Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулжээ. Түүнчлэн ундны ус хангамжийн зураг төсвийг шинэчлэх ажлын явц 40 хувьтай, холбоо дохиоллын ажлын зураг тодотгох, төсөвт өртгийг шинэчлэх ажил үргэлжилж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших юм.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай байна. Ингэснээр Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах бөгөөд 5600 ажлын байрыг шинээр бий болгох зорилготой. Үүний зэрэгцээ монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэнэ.

Ташрамд, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх