Гишүүд Монголдоо казино тоглохыг “хүсэв”

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13 ・ 1
 
Гишүүд Монголдоо казино тоглохыг “хүсэв”
 
 

Ганц уул уурхайг мөлжих биш аялал жуулчлалаа хөгжүүлж өвөрөө түнтийлгэх боломж монголчуудад бий гэнэ. Үүний тулд Казино байгуулж, гадны иргэдийг даллахаар УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Казиногоос жилд 74-134 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх тооцоо хийжээ. Улмаар казинод зөвхөн монголчууд ажиллах хуулийн заалтыг оруулж өгснөөр ажлын байр нэмэгдэнэ.

 

Одоогийн байдлаар манайхан жуулчдыг “хулхидах” байдлаар татдаг. Наанадаж, таван одтой зочид буудалд буулгах нэрийдлээр Монгол руу далладаг ч үнэн чанартаа гурван одтой нь ч ховор гэдгийг салбарынхан онцлов. Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгддэг аж. 2013 онд Монгол Улсад 417.0 мянга гаруй жуулчин аялж, салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ. Иймээс худал хэлэхийн оронд онгон байгалиараа, нүүдэлчин аж ахуйгаараа жуулчдын нүдийг хужирлаж, хүрдэн тоглоомоор сонирхлыг нь татах таатай боломжийг бий болгох шаардлагатайг тодотгосон юм. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд ДНБ-ий 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог хоёр саяд хүргэх зорилт тавьснаа Д.Оюунхорол сайд танилцууллаа. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас эдийн засгийг солонгоруулах, эдийн засагт орж ирэх мөнгөний  урсгалыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж буй. Энэ хүрээнд Какиногийн тухай хуулийг өргөн барьсныг салбарын сайд дурьдсан.

 

Төсөлд тусгаснаар хоёр казино байгуулна. Зүй нь одтой гэх 38 зочид буудалд казино байгуулах эрх олговол хяналтаас гарч, эмх замбараагүй байдалд орох эрсдэлтэй. Казино байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь 35 тэрбум төгрөгийн татвар төлнө. Хугацаа нь 10 жил. Үүний дараа олон улсын стандартад нийцсэн казино байгуулахад 700-1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт  шаардлагатай аж. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсний эцэст 85 хувьд нь үйлчилгээ, 15 хувь нь тоглоом тоглуулдаг олон улсын жишигт нийцсэн хотхон бий болох юм байна. Мөн казинод зөвхөн 21 нас хүрсэн гадаадын иргэн тоглоно. Монгол Улсын иргэн тоглохгүй байхаар тусгажээ. Гэхдээ энэ нь зарим гишүүнд таалагдсангүй. Жишээ нь, гишүүн Ж.Батзандан Макаод 35 казино ажилладаг, иргэд нь орж тоглох боломжтой, гол нь тодорхой зохицуулалтаар хязгаарлагддаг талаар онцлов. Мөн Сингапурын иргэд эхний 24 цагт 100 ам.доллар төлөөд 5000 сингапур доллараар тоглох эрхтэй. Гэр бүлийнх нь гишүүнээс казино тоглуулахгүй байх хүсэлт гаргавал тоглох эрхийг хязгаарладаг аж. Ё.Отгонбаяр гишүүн монголчууд тоглох зохицуулалт хийж өгөхийг зөвлөсөн. Тэрбээр “Ийм зохицуулалт хийж өгөхгүй бол монголчууд нь казино тоглохын тулд гадаадыг зорьдог, гадаадынхан нь монголд ирдэг үзэгдэл бий болж мэдэх юм” гэв. Юутай ч эхний ээлжинд монголчууддаа хориг тавьж, цаашид улс хөгжихийн хэрээр асуудлыг авч үзэх нь зүйтэй хэмээн салбарын сайд онцлов.

 

Одоогийн байдлаар казиног хаана байгуулах нь гишүүдийн анхаарлыг татав. Уг нь Чөлөөт бүсийн тухай хуульд Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд казино байгуулж болно гэж заасан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Одоогийн яригдаж байгаа хувилбар нь дэд бүтэц сайтай газар.

 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд казино байгуулах нь эрсдэлтэй хар мөр ихтэй талаар анхааруулж, өмнөх түүхээ давтах вий гэхээс болгоомжлов. Манай улс өдгөө Казиногийн тав дахь хуулийн төслөө хэлэлцэж буй. Анх 1998 онд казино хуулийг батлаж, УИХ нэр бүхий гишүүд хүрдэн тоглоомын хэрэгт холбогдож шоронд орсон гашуун түүх бий. Иймээс энэ түүх давтагдах вий хэмээн Р.Гончигдорж, Л.Болд нар болгоомжилсон бол Х.Тэмүүжин “Казиногийн тухай хуулийн төслийг дагалдуулаад Хамгаалалтын тухай хуулийн төслийг оруулж ирэх. Ингэхгүй бол казиногийн системийг дагаад хамгаалагч хийж буй нөхөр хуулиас гадуур, зохион байгуулалтын бүлэг рүү орчихож болохгүй. Хамгаалалтын дархлааг бий болгох хэрэгтэй”-г хэлэв. Мөн гишүүн Ж.Батзандан “Зөвшөөрлийн хураамж болох 70 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 70 цэцэрлэг, 70 сургууль барих боломжтой. Орлогын 50 хувийг нийгмийн асуудалд зарцуулна гэсэн зохицуулалтыг хуульд оруулах саналыг хэлж, энэ тохиолдолд шууд дэмжинэ” гэв. Гишүүн Д.Ганхуяг “Эдийн засгийн бүтэц, төрлийг харахаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбар голлодог. Түүнтэй холбоотойгоор төсвийн орлого байнга хэлбэлздэг. Дээр үеийн аюултай юм гэдэг ойлголт дэлхий дахинд байхгүй болсон. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн соёл урлагт тулгуурласан контентоос гадна орчин үеийн казиног оруулах ёстой. Монголд өнөөдөр казино байхгүй ч гадаад явж тоглож байна. Хуулийг дэмжих ёстой” хэмээлээ. Ийнхүү гишүүдийн байр суурь хоёр хуваагдав. Нэг хэсэг нь казино байгуулах цаг нь болоогүй, мөнгө угаах гэмт хэргээс эхлээд биеэ үнэлэлт зэрэг сөрөг үр дагаврыг дагуулна гэж үзсэн бол зарим  нь “Казино байгуулж, эдийн засгийн өсөлтөө хангах нь зөв. Бүх юмыг болохгүй бүтэхгүй талаас нь хардагаа болих хэрэгтэй. Гол нь хамгаалалтын талын асуудлыг өндөр төвшинд харах ёстой” хэмээсэн юм. 

 

 

www.NEW.mn 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 13/

    Avilgad idegdsen manaih shig surguuli tsetserlegee barij chadahgyi bgaa turiin tysheed hulgaich nart cazino hereggyi .

    Хариулах