Айшолпаны аав англиар бичсэн гэрээнд юу гэж заасныг ойлгоогүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 13

Бүргэдийн баяр үзэхээр Баян-Өлгийд жуулчилж явсан Их Британийн иргэн Мегхан Питз Жеймс бүргэдчин Айшолпан охины гэрт зочилжээ. Тэрээр охины тухай кино хийж буй багийнхантай уулзсан талаарх сэтгэгдэл болоод гэрээний тухайд үзэл бодлоо фейсбүүк хуудсандаа бичсэнийг дор товчлон хөрвүүллээ. Олон нийтийг үзэл бодлоороо хоёр хэсэг талцахад хүргээд байгаа нэг долларын гэрээний талаар хөндлөнгийн гуравдагч гэрчийн юу гэж өгүүлснийг эндээс мэдэж болно.


Бүргэдийн баярын бүх арга хэмжээг би үзсэн. Түүнээс нум сум харваа болоод алдарт Айшолпан охин /дэлхийд ганц, бүргэдээр ан хийдэг охин/ хэрхэн анчдын тэмцээнд ялахыг харах үнэхээр сонирхолтой байв. Түүний бүргэд уулын оройноос ердөө таван секундын дотор эзэн дээрээ ирж рекорд тогтоосон юм. /Өмнө нь 11 сек байсан/
Бүргэдийн баярын үеэр би өөрт олдсон боломжоо ашиглаад тэнд байх гурав хоногоо Айшолпан охины гэрт өнгөрүүлж болох эсэхийг /мэдээж төлбөр төлөөд/ асуух уу, болих уу гэж хэсэг эргэлзсэний эцэст зориглоод түүнээс асуулаа. Морин дээрээ итгэлтэй гэгч нь суугаад эргэн тойрон шавсан гэрэл зурагчдад зургаа авахуулах Айшолпан охины хажууд англиар ярьдаг монгол эмэгтэй байхыг олж хараад түүнээс энэ тухай асуугаад өгөөч гэж гуйлаа. Намайг хамт яваа Лиа найзтай маань гэртээ байлгахыг зөвшөөрөх үү хэмээн тэр эмэгтэйгээр асуулгатал маш том гэнэтийн бэлэг болж, тэр зөвшөөрсөн хариу өгөв. Гэхдээ ааваасаа бас асуух ёстой гэлээ. Ингээд би хурдхан шиг аавыг нь олж уулзах хэрэгтэй боллоо. Охины аав, бүргэдийн аварга анчин Алпай ойрхон жийпэнд найзтайгаа ярилцаад сууж байлаа. Тэр охиных нь тухай кино хийж, зураг авч байгаа хүмүүс гэрт нь байрлаж байгаа, гэхдээ тэднийг завсарлах хойгуур охинтой нь уулзаж, бүргэдээр анх хийх тухайд зарим нэг зүйл үзүүлж харуулъя гэв. Ингээд би тэднийд байх нөхцөл болзол, төлбөр мөнгөө тохиролцоод, дэлгүүр орж, маргааш тэднийд очихдоо өгөх бэлэг сэлт авахаар явсан юм.
Сумын төвөөс 50 км зайтай Айшолпаны өвлийн байшин руу хөдлөхийн өмнө Алпай, Айшолпан болон аавынх нь найзыг гэрээс нь аваад явлаа. Тэднийх рүү явах замд бид англи хэлний маш энгийн үгсээр Айшолпантай ярилцаж, тэр бидэнд зурсан зургаа ч үзүүлэв. Тэр ягаан өнгөөр зурсан Барби хүүхэлдэйн зураг үзүүллээ. Тэр үнэхээр энгийн даруухан, хичээнгүй, үг дуу цөөтэй, тайван, ухаалаг залуу эмэгтэй байна гэж би дотроо дүгнэсэн. Тэр тийм бага залуугаасаа бүргэдээр ан хийх нь түүний хүсэл гэдгийг таньж мэдсэн байлаа.
Биднийг гэрт нь ирэхэд Айшолпаны ээж Альма аварга болсон охиноо талх цацаж угтлаа. Бидэнтэй хамт тэдний гэр бүлийн найз Цэрэн, Голландаас ирсэн найзтайгаа хамт мөн зочилсон юм. Цэрэн эхэндээ биднээс болгоомжилсон маягтай харилцаж байсан ч бид сүүлдээ танилцаж, нэг нэгнээ мэдэлцэв. Харин кино багийнхан түр эзгүй, гэхдээ буцаж ирж магадгүй гэдгийг олж мэдэв.
Киноны найруулагч-продюссер Отто Беллийн тухайд Их Британийн иргэн, Нью-Йоркт зар сурталчилгааны “Огилви” компанид ажилладаг бөгөөд энэ кино түүний хувийн ажил гэнэ. Тэр Их Британиас туршлагатай хоёр зураглаач, Ашер Свиденски хэмээх 24 настай өнгөрсөн жил шилдэг гэрэл зургийн шагнал авч байсан израйлийг  хөлслөн авчирчээ. Ашэр сүүлд нь хэлэхдээ /Эхэндээ тэр өөрийгөө продюсер гэж хэлж байсан/ өөрөө яг ч продюсер нь биш. Зүгээр л гэрэл зурагчин найзын хувиар энд ирж, киноны ажлыг үзэж харж, суралцах зорилготой гэж ярьсан. Би түүнээс өөрсдийн үүргээ илүү ойлгомжтой, тодорхой танилцуулаач гэж хүссэний эцэст Оттог найруулагч, продюсерээр ажиллаж байгаа гэсэн юм.
Тэр ярианаас л тэдний гэр бүлийн найз Цэрэн /Тур оператороор олон жил ажиллаж байгаа, хүний эрхийн талаар дуу хоолойгоо илэрхийлдэг идэвхтэн/ багагүй зүйл ойлгож эхлэх шиг болов. Отто кино хийхээр охины гэр бүлтэй гэрээ байгуулсан нь түүний намтар түүхийг бүх насаараа ашиглах эрхтэй гэж заасан тухай би олж мэдэв. Тэгээд гэрээг уншаад тэнд нэг америк доллар төлнө хэмээн бичсэнийг хараад үнэхээр гайхав. Үүнээс өөр тэр гэр бүлд мөнгө төлөх тухай ямар ч гэрээ контракт үйлдээгүй гэдгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Охины аав Алпай тэр англиар бичсэн гэрээ чухам юун тухай болох, түүн дээр юу гэж бичсэнийг ойлгоогүй, бас тэр гэрээг байгуулахад гэрчээр байлцсан орчуулагч нь кино багийнхны хөлсөлж авсан “Blue Wolf”  компанийн ажилтан гэдгийг мэдэхэд үнэхээр ой гутмаар муухай санагдсан. Харваас кино багийнхан тэр олон өдөр зураг авч, байрлахдаа Алпайгийн гэр бүлд улаан зоос өгөөгүй нь илт ээ. Оттогийн тухай сэжиглэхээс ч өмнө энэ бүхнийг би олж мэдсэн юм. Тэдний орчуулагч нь гэрийн эзэгтэй Альмагийн хүнс хоолонд санаа зовж байгаагаас эхлээд олон зүйлийн талаар ер орчуулж, хэл нэвтрэлцүүлж өгөөгүй гэнэ.
Ингээд Оттотой хэсэгхэн зуур ярилцахад тэр “Ямар ч мөнгөгүй байхдаа гэрээг хийсэн” гэж хэлсэн бөгөөд /нэг долларын гэрээний тухай мэдээ онлайнаар цацагдсан гэдгийг тэр олж мэдсэний дараа л ганц удаа ингэж хэлэв/  охины ээж Альмаг Улаанбаатар руу эмчилгээнд явахад 3000 доллар өгснөө байн байн дурдаж /энэ нь түүний хувьд маш өгөөмөр явдал болсон бололтой/ байсан юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх