А.Цэгмэд: Марко Полод тоглох болсноо ижийдээ дуулгахсан

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 08 ・ 1

 

2014-2015 онд “Тайга”, “Хүдэн”, “Ар хударга”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Улаан пальто”, “Луйвар” гэсэн зургаан уран сайхны кино, “Цахлай нисэх гэж төрдөг”, “Мөрдөгч”, “Гурван найз” олон ангит кино, “Миний эмээ Дулам” богино хэмжээний кино гээд нийт 10 кинонд туслах дүр бүтээсэн жүжигчин А.Цэгмэд ням гаригт болсон “Mongolian academy awards” наадмаас “Хүдэн” киноны буриад эмгэний дүрээрээ туслах эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ. Тэрээр шагнал гардан авах үеэрээ “Marco Polo season 2”-т тоглохоор болсон тухайгаа зарласан юм. Ингээд бид жүжигчин А.Цэгмэдтэй ярилцлаа.

-ҮРИЙН ЗУЛАЙ ҮНЭРЛЭЭГҮЙ БУРИАД САМГАНЫ СЭТГЭЛИЙГ ДУУГААР ЯРЬЖ ДУУЛСАН -

- “Академ авардс” шалгаруулах наадмаас та Буриад эмэгтэйн дүрээр шилдэг туслах дүрийн шагналыг авлаа. Хоёулаа ярилцлагаа энэ дүрээс эхлэе. Та дүртэйгээ хэрхэн ажиллаж, энэ Буриад эмэгтэйг өөрийнхөө сэтгэлд хүртэл хэрхэн амьдруулж байв аа?  

-Буриад хүн, цэвэр Халх хүн хоёр хэдийгээр нэг Монгол ч гэсэн үндэс угсаа, зан заншил ондоо учир энэ дүрийг гаргахын тулд зайлшгүй судалгаа хийх хэрэгтэй, Буриад хүнтэй танилцах хэрэгтэй, ярилцаж үзэх, юу хэрэглэдэг, юунд дургүй, юунд баярладаг, байгаль дэлхийтэйгээ яаж харилцдаг юм гээд их олон нарийн юмыг судлах шаардлагатай болсон. Буриад хүн маш чанга, дэл сул үг хэрэглэдэггүй, хатуу жаягтай юм байна лээ. Тиймээс ч кинон дээр миний нөхөр болж тоглож байгаа хүнийг Битүү Гарам гэдэг. Битүү Гарамын дотоод сэтгэл цээжин дотроо хар авдар шиг нууц, үг унагадаггүй байхаар найруулагч Таванбаяр бодсон. Бид нар мэргэжлийн үүднээсээ шугам гэж ярьдаг. Киног дуустал нэвтрээд гарах шугам маань бол “Энэ хорвоо дээр үрийн зулай үнэрлээгүй эх хүний зүрх сэтгэлийн шархаа ил гаргалгүй нууж яваа Буриад самган. Хүний хүүхдээр хүн хийнэ гэдэг бол хайрын дээд, амьдралын асар их тэвчээртэй ийм эмэгтэй гэж бодож хийсэн.

- Кинон дээр эмэгтэй хүний тавилан ямар гэмээр юм бэ дээ гэж бодогдож байсан. Үүрээр гэрийнхээ гадаа дуулдаг хэсэг байдаг. Их сайхан сэтгэлд хүрдэг дээ. Та их дуулдаг уу?

- Сэтгэл хөдөлвөл аялачихна. Гэхдээ мэргэжлийн дуучдын хажууд ичмээр шүү дээ. Энэ кинонд, энэ дүрд минь маш их сэтгэлийн хандив өгсөн хүн бол Ардын жүжигчин Зангад гуай. Учир нь энэ дуулдаг хэсгийг оруулах нь найруулагч Таванбаярын санаа. Бид хөдөө зургандаа явж байхад машин дотроо дуулаад л явна. Орчин үеийн залуучууд өөрсдийнхөө дуртай “Хар хархан харц”, Сэрчмаа, Ариунаа, Сараагийнхаа дууг дуулаад л явна. Тэгсэн харин гэнэт Таванбаяр найруулагч жолоочийн хажууд суучихсан явж байснаа “Цэкү эгчээ та өөрийнхөө залуу явсан үедээ дуулдаг байсан дуугаа дуулаач” гэдэг юм байна. Би ч “ямар дуу дуулах билээ” гэтэл “Хамаагүй ээ, таны дуулахыг л сонсмоор байна, бусад нь чимээгүй байгаарай” гээд би ч Чимэд-Осор гуайн “Зуны найртай өглөө зуслан дэнжийн захад ус авахаар явахад чинь уулзаж байснаа санаж байна уу?” гээд л аяласан чинь “Энэ дуу ч их сайхан дуу л даа. Гэхдээ та одоо үеийн залуус бүр мартчихсан тийм нэг сайхан дуу дуул” гээд болдоггүй. Би ч мэддэг хэдэн дуугаа бүгдийг нь дуулаад барлаа, явдаггүй ээ. Тэгтэл харин “Цэцэгтэй хөндийгөөр цэнгэлтэй ч явж билээ” гээд аялаад эхэлтэл “Аан би киноныхоо дууг оллоо, энэ дууны хоёрдугаар бадгийг дуулаарай” гээд орилдог юм байна. Тэгтэл би мэддэггүй. Ингээд хоёр хоногийн дотор дууныхаа бусад бадгийг олох даалгавар авбаа. Орой орондоо орчихоод л хоёрдугаар бадаг нь юу билээ, гуравдугаар бадаг нь юу билээ гээд бодоод бодоод санаанд ордоггүй. Гэтэл гэнэтхэн л толгойд энэ дууг анх хэн дуулж байсан юм бэ? би яаж энэ дууг мэддэг юм бэ? хэнээс сурсан байх уу? гээд л бодож эхэлсэн. Толгойд шууд л “Хавар ирлээ шүү хүүхнүүдээ” гэдэг мөртүүд ороод ирдэг юм байна. Биднийг ахлах ангид ороход л симфони найрал хөгжмийн концерт үзүүлдэг байлаа шүү дээ. Тийм гоё байсан. Тэнд л Зангад гуай хэд хэдэн сайхан дуу дуулахад би энд дууг сонсож байснаа эргэн санасан. “Цэцэгтэй хөндий” гэж. Ингээд л Сэлэнгийн нэг сумын төвөөс хотод байгаа бүх л танил руугаа залгаж эхэлсэн дээ. Зангад гуайн гэрийн утсыг олоод өгөөч, Зангад гуайн утсыг олоод өгөөч гээд л. Арай гэж нэг олоод Зангад гуай руу галзуу юм шиг л залгасан чинь Нина утсаа авч байна. “Сайн байна уу? Би хүүхдийн театрын эрэгтэй хүүхдэд тоглодог Цэгмэд байна аа. Зангад багштай утсаар ярих маш чухал хэрэг гараад байна. Харилцуур дамжуулж болох уу” гэж яриад Зангад багштай холбогдож үлдсэн бадгуудынхаа үгийг олж авсандаа. Би тухайн үед Зангад багшид “Яанаа багшаа би энэ дууг дуулах нь шиг байна аа. Ёстой хоолой гэж паг. Яаж дуулах билээ” гэтэл “Яахав сэтгэлээрээ дуулахгүй юу” гэсэндээ. Маргааш нь найруулагчдаа гурван бадаг бэлэн гээд л сюрприз барьсан. Найруулагч ч бөөн баяр. Тэрнээс хойш зургийн талбай дээр найруулагч байсхийгээд л “Цэкү эгчээ дуугаа аялаарай” гэдэг болчихсон байснаа сүүлдээ өөрөө “Мм-м м-мм” /дуу аялав Сур/ гэчихсэн явж байдаг болов оо. Энэ дуулдаг хэсгийн зураг авалтыг үүрийн дөрвөн цагт авсан. Тэдэнд унтахгүй үүр цайлгах огт сонин биш. Хүргэн, өвгөн, эмгэн гурав нийлээд шөнөжин найрлачихсан, унтаагүй. Гадаа хүдэн татчихсан. Битүү Гарам нилээд халчихсан болов ч бас л юу ч дуугарахгүй хэвээрээ. Уух тусам улам л дотогшлоод л. Хүргэн бол эмгэн өвгөн хоёрын дунд яах учраа олохгүй түнтэгнэчихсэн. Ийм үед л Буриад самган өнөө дуугаа дуулдаг. Найруулагч надад хэлэхдээ “За Цэкү эгчээ сэтгэлээсээ дуулаарай. Би таныг гоё дуул гэхгүй. Энэ дуу таны туулсан амьдрал шүү” гэж хэлээд ердөө хоёр дубль явсан. Тэгээд бодоход энэ буриад эмгэн сэтгэлдээ хадгалж явсан хэн нэгэн байсан л байгаа юм.

“Хатиртай мориныхоо

Хазаарыг нь нийлүүлээд

Хонгор хайртай чамтайгаа

Хоршин дуулж явсансан” гэж.

Амьдралын эрхээр Битүү Гарамтай насаа элээж яваа боловч сэтгэлд нь хадгалагдаж байсан бүхэн тэр жаахан хатуу дарснаас зад тавьсан. Зад тавьсандаа жаахан бантаад дууныхаа сүүлийн хэсэгт буруу харж байгаа дахиад нэг татчихдаг юм. Дуу юм уу? гэхэд дуугаараа ярьж дуулахыг хүссэн. Гэхдээ хэн нэгнийг дуурайлгүй, өөрт оногдсон өөрийнхөөрөө хоолойгоор дуулна даа гэж бодож дуулсан. Яахав өнөөдөр шагнал авсан байхыг бодоход би нэг их гоц дүр бүтээсэн гэх нь хаашаа юм, гэхдээ кинондоо үүргээ гүйцэтгэжээ гэж өөрийгөө бодох юм.

- Шагнал авах үеэр таны сэтгэл маш их хөдөлж нулимс унагасан. Алтан тайзан дээрээ та яг юу бодохдоо үнэ цэнэтэй нулимсаа унагасан юм бэ?

- Сэтгэл маш их хөдөлсөн. Би тайзан дээр байхдаа хэлээгүй, миний нулимс унахад цээжний минь гүнийн гүнд байсан нэг юм бий. Би саяхан 87 хүрсэн ээжийгээ бурхны оронд үдээд удаагүй байна. Тэр гунигийг нийтэд дэлгэхийг хүсээгүй. Хоёрдугаарт, ээжийгээ дурссан тэр нулимсаа гадагш нь хэт урсгаж бусдын баяр дээр гуниг зарлахыг хүсээгүй учир их барих гэж оролдсон. Хичнээн барих гэсэн боловч “Би ингэж тайзан дээр гарч ээжийгээ баярлуулж байл уу” гэж бодоход л өөрийн эрхгүй нулимс асгарчихсан. Тайвшраад гэртээ ирээд бодож байхад би 1964 онд спортын гимнастикын тэмцээнд орж явахдаа эмээ, ээж хоёрыгоо баярлуулахын хажуугаар их айлгаж явсан юм билээ. Нөгөө л дамжуурга, өндөр шатан дээр үсэрч цовхчихоор ээж минь үзэхдээ “Ээ элээ минь, ээ элээ минь” гэж уулга алдаж, сандлаасаа өндийсөөр арай гэж нэг үзэж дуусгадаг байсан юм. Тэрнээс өөрөөр охиноороо бахархах сэтгэлийг өгч байгаагүй юм болов уу. Чойномын шүлгэн дээр байдаг: “Хүн л хүрч чадсан оргил юм бол Би яагаад хүрч чаддагүй юм” гэдэг шиг оргилд нь хүрч ээжийгээ баярлуулж байл уу? гэсэн асуулт дотроос татаад болдоггүй. Энэ насандаа авсан миний хамгийн өндөр шагналыг миний ээж... гэж хэлээд Маамхүү багшийгаа дурдсан. Маамхүү багш ээж хоёр яг зэрэг л гэнэт нүдэнд үзэгдээд, зүрх рүү ороод ирсэн. Нээрэн би өчигдөрийн академи авардсын тайзан дээр гараад Улсын хүүхэд залуучуудын театрын Энхтуяа багшдаа баярлалаа гэж хэлээгүй дээ маш их харамссан. Миний багш намайг хүлээж байсан байхдаа, энэ ярилцлагаар дамжуулаад уучлалт гуймаар байна. Хөдөөгийн баясгалан киноны Батзаяагийн ээжид тоглосноор нь хүмүүс сайн мэднэ. Тийм бахархмаар багшийнхаа нэрийг тайзан дээр дурьдахгүй яавдаа гэж их харамссан. Харин  Маамхүү багш маань 81 насандаа Гавьяат гэдэг цол хэргэмийг аваад ганцхан жил болсныхоо дараа бурхныхаа орон руу явчихсан. Тайзан дээр Маамхүү багш, ээж хоёрыгоо дурсах дурсамж агаар нэг байсан боловч би багшийгаа хэлээд ээжийгээ нуучихсан. Гэтэл юмыг нуух тусам улам бүлтэрч гарч ирчих гээд болдоггүй. Яг энэ үед миний дүү нар зурагтаа үзээд “Ээжийг л битгий хэлээрэй, энэ олон хүний баяр хөөрийг энэ мэдээгээр л битгий баллаасай” гээд залбирч сууж, би тэрийг нь мэдэрсэн шиг совингоороо нэг ч үг хэлээгүй. Харин өнөөдөр би чамд ярьчихлаа. Тэр хагас нулимсны үнэ цэнэ энд л байсан юм.

- Ээж тань тантай их ойр хүн байжээ?

- Тиймээ, би ээж рүүгээ хялайж ч үзээгүй. Зарим хүмүүс ээждээ гомдож, туниж, үл тоох үе бий. Миний ээж сүүлийн гурван жил залуу насныхаа тухай, хайр сэтгэлийнхээ нандин зүйлийн тухай өчнөөн олон дахиж ярьсан. Би бараг бүгдийг нь цээжилчихсэн байхдаа “Аан, тэгээд, тэгээд” гэж сонсдог байсан. Тэр хүн чинь ярьж байгаа ярианаасаа таашаал авч, сэтгэл нь сэргэж байна шүү дээ. Би ээжийнхээ тэрийг ойлгохгүй бол хэн ойлгох юм бэ? Ээж минь бурхны оронд залраад удаагүй байхад би ийм сайхан шагнал авч, ийм сайхан кинонд тоглохоор болоод байгаа нь миний ээжийн буян. “Миний хүү битүү ногоон замаар яв. Ээж нь дээрээс нь харъя. Одоо миний хүү ээжийгээ асрах гэж битгий зүдэр. Ээж нь одоо энх амгалангийнхаа оронд очъё” гэсэн байх гэж бодоод л нулимс эндээс /зүрх рүүгээ заав/ урсаад байсан.

- Харин аавын тань тухайд?

- Явуухулан гуайн аав Бэгз гэж хүн бий. Бэгз гэдэг хүний дүү Жадамбаа, Жадамбаагаас гарсан нь Аюурзана буюу миний овог. Би доороо хоёр дүүтэй, энэ хоёр дүү маань Явуухулангийн цэвэр цусны хамаатан. Харин би бол дагавар охин. Миний шүлгэн дотор бий. “Ямар ч хүнийг би ааваа гэж дуудаж үзээгүй” гэж гардаг. Би долоодугаар ангид ордог жил хойд аав маань ээжид “Хүүе хөгшөөн Цэгмээг эртхэн мэргэжлийн чиг баримжаатай болгох хэрэгтэй. Би Явуу ахад нь хэлж өгөөд зохиолч болгоё. Эртнээс шүлэг мүлэг бичүүлээд дөртэй болгох уу?” гэсэн. Тэр үед Явуу ах тэр хоёр нийлээд жаахан балгачихсан байсан болохоор ээж яг ягаан Гажид шиг уурлаад “Согтуу толгой битгий дэмийрээд бай. Дөнгөж зургаадугаар ангиа төгсөж байгаа хүүхдэд юуны чинь мэргэжлийн чиг баримжаа яриад байгаа юм”  гээд уурлаж байж билээ. Тэр үед долоодугаар ангиа төгсөөд хүүхдүүд техникомд ордог байсан юм. Хүүхдүүд тэрэндээ дургүй учир нь хөвгүүд хулигаан болдог, охид жирэмсэн болдог. Тиймээс бушуухан наймдугаар ангиа төгсөж, аравт орно, аравт арваа төгсвөл оюутан болж их сургуульд ордог байлаа. Би уг нь Ааяаг тэгж хэлэхэд сэртэс гээд, ямар гоё юм бэ? гээд баярлаад сууж байсан юм. Гэтэл ээжийг тэгж хэлэнгүүт шууд л болохгүй гэж бодогдсон. Ээжийн зөв байх дөө, эмээ ээж хоёр дандаа л зөв юм хэлдэг юм чинь гээд буугаад өгчихсөн. Сүүлд нэг сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Одоо би бол Жульетад тоглоно гэж байхгүй, Дездемонд тоглоно гэж байхгүй, Хатанд намайг авахгүй. Өө нээрэн, Шүүдэрцэцэг намайг амьдралд минь нэг удаа хатны дүрд тоглуулж байсан юм байна. Ану хатан кинон дээр би эсрэг талын хатны дүрд тоглож байлаа. Өмнө дандаа л эрэгтэй хүүхдийн дүрд ороод шүгэлдэж, зодолдож, өнхөрөөд л, карата хийж явдаг байсан бол хатан болж үзсэн. Одоо бол ч дандаа ээж эмээ, ээж эмээ эсвэл цаашаа хараад суучихсан эмээгийн нуруу ч юмуу? хөл ч юмуу гээд хошигнож байсан юм /инээв/ Тэгээд одоо боддог юм тэр үед хэрвээ зохиолч болохоор Явуухулан гуайн шавь болсон бол одоо Ш.Дулмаатай адилхан олон ном гаргаад мундаг явж байхгүй юу /ахин инээв/    

-МАРКО ПОЛО-Д ТОГЛОХ БОЛСНОО ИЖИЙДЭЭ ДУУЛГАХСАН-

- Энэ бүх сайхан үйл явдлууд таны ээжийн танд өгсөн бэлэг юм байна шүү дээ. Тэгвэл бас нэг бэлэг, Марко Полод тоглох саналыг та хэзээ сонссон бэ?

- Авардс болохоос хоёрхон хоногийн өмнө. Би энэ мэдээг сонсчихоод анх нууцлана гэж бодсон. Хоёр хүүдээ хэлье, хоёр дүүдээ ч хэлэлгүй, ээжийгээ байсан бол ээждээ хэлэх байсан.  Монголчууд сайн юманд садаа мундахгүй гээд л амны билгээр ярьдаг даа. Гэтэл болдоггүй юм байна аа, мэр сэр хүмүүс мэдчихсэн, баяр хүргээд эхэлсэн. Тэгээд би бодсон “нууц юм гэж байдаггүй юм байна” Өчигдөр авардс дээр очсон чинь “Та тэнцсэн байна лээ”  гэдэг юм байна. Би ч бүр гайхаад “Айн? Хүүе мэдэж байнашд, нөгөө нууцлана гээд байсан юмыг чинь яагаад мэдэж байна аа” гэтэл Амараа таараад “Тантай тэгж байгаад уулзана аа”  гээд л эхлэнгүүт заза нууц биш юм байна гээд бодчихсон. Тэгээд тайзан дээр гараад сэтгэл хөдлөөд хэлчихсэн.

 

Үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: