Тавантолгойгоор тохиролцоонд хүрчээ, ашигтай эсэхийг хүлээх л үлдлээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 28

Тавантолгойн шинэ хувилбар гарчээ. Ийм утгатай мэдээлэл өнгөрөгч долоо хоногт цахим мэдээллийн хэрэгслээр цацагдав. Томоохон сайтуудын онцлох хуудаст ч нийтлэлч Л.Болормаагийн бичсэн “Тавантолгойн шинэ хувилбар” нийтлэл тавигдсан байх аж. Учир мэдэх улстөрчид ч  “Тавантолгойн шинэ хувилбар” хэмээн шэйрлэж, шинэхэн хувилбарын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна. Эдийн засагчид ингэхээс өөр арга байгаагүй юм хэмээн залруулга хийв. Сэтгүүлчийн нийтлэлийн гол санаа нь Тавантолгойн асуудлаар талууд тохиролцоонд хүрчээ гэдгийг төмөр замын хоёр асуудлаар жишээлэн бичсэн явдал.

Тодруулбал, хөрөнгө оруулагчдын урмыг хугалж, УИХ-аас ажлын хэсэг байгуулан бүтэн хоёр сар асуудлыг гацаасан З.Энхболд нар санасандаа хүрч, Тавантолгойн төсөл дээр төмөр замын асуудлаар ойлголцолд хүрлээ хэмээн бичсэн байна. Өөрөөр хэлбэл, талууд зүүн чиглэлийн 1300 км төмөр зам байгуулах, мөн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын 51 хувийг Монголын төмөр зам ТӨХК-ийн мэдэлд өгөх тохиролцоог хийлээ гэдгийг Л.Болормаа сэтгүүлч нийтлэлдээ онцолжээ. Консерциумын хүрээнд хийгдэж байсан орд газрын гэрээний маргаан төмөр замын асуудлаас үүссэн гэдэг нь анхнаасаа тодорхой байсан.

Шинхуа, Энержи Ресурсын хоорондын өр шир, алдагдалтай ажилласан асуудлаас илүүтэй төмөр замыг хэн барих юм, хэдэн жилийн дараа төрийн мэдэлд өгөх юм, энд “Монголын төмөр зам” ТӨХК ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг л юу юунаас илүүтэй улстөрчдийн талцах, хуваагдах шалтгаан болж байлаа.  Тиймдээ ч энэ асуудлаар л ойлголцолд хүрч чадвал Тавантолгой явах нь тодорхой байсан билээ.
 

Засгийн газар яагаад буулт хийв


УИХ-ын өнгөрөгч пүрэв гарагийн чуулганы хуралдааны үеэр Засгийн газар Тавантолгойн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдсэнээр асуудал тодорхой болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдсан хоёр сарын хугацаанд нэг ч удаа буулт хийхгүй зөрүүдэлж, ажлын хэсэгт шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхөөс татгалзаж байсан Засгийн газар яагаад гэрээний анхны хувилбараа буцаан татах болов гэдэг нь хардлага төрүүлж байлаа. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ч байсхийгээд л Засгийн газар гэрээгээ буцаан татна гэдэгт итгэлтэй байна гэсэн мэдэгдэл хийж байсныг ч энд анзаарахгүй өнгөрч боломгүй.

Хөндлөн чиглэлийн төмөр замыг тавих компанид Тавантолгойг өгөх бодолтой байгаа гэсэн түүний хамгийн сүүлд хийсэн мэдэгдэл ийнхүү Засгийн газрыг буулт хийхэд хүргэлээ. Тэгэхээр асуудал гээндээ ч, гоондоо ч байсан гэсэн үг. Ямар нэг далд нууц зүйл хийгээгүй бол тэд асуудлыг ингэж нууцалж, нэгхэн улстөрчийн шахалтаар анхны хувилбараа татаж буулт хийх нь юу л бол.

Тиймээс УИХ-аас байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд үр дүнгүй байлаа, шал дэмий хоёр сарын ажил уялаа гэсэн дүгнэлт хийхэд эрт байгаа юм. Магад ингэж шахсанаар улстөрчид, улс төрийн намууд тохиролцоонд хүрч Тавантолгойг дахин нягталж үзэхээр болсныг үгүйсгэх аргагүй юм.
 

С.Баярцогт энэ гэрээг ашигтай хийж чадах уу


Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Тавантолгойн төслийг дахин боловсруулах ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасан гэх мэдээлэл байна. Монгол Улсын сайд М.Энхсайханы хувьд улс эх орны гэхээс илүүтэй хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж байсан учраас Оюутолгой зэрэг олон улсын хэмжээний том гэрээг хийж байсан туршлагатайг нь үндэслэж, С.Баярцогтод ажлыг даалгасан нь зөвдсөн ч байж магадгүй. Муу сайнаараа дуудуулж байсан ч Монгол Улсын эрх ашгийг төлөөлж олон улсад гэрээ үзэглэж байсан туршлага байгаа учраас Тавантолгойн асуудлаар М.Энхсайхан сайд шиг мугуйдлан зүтгэхгүй нь ойлгомжтой юм.

Тиймээс хэвлэлээр бичсэн шиг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн мэдлийн үлдэх таван лицензэт талбайг Японы компаниудад эзэмшүүлэх, ингэхдээ зүүн чиглэлийн 1300 км төмөр замыг байгуулах тухай өгүүлбэрийг УИХ-ын тогтоолд  оруулах, Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын 51 хувийг Монголын төмөр зам ТӨХК-ийн мэдэлд өгөх мөн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгээс гаргасан зарим саналыг гэрээнд тусгах ажлыг тэрбээр гардан хийх бололтой.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх