Э.Цэнд-Аюуш: Наадмаар цэнгэлдэхийн гадна талбайд ардын урлагийн тоглолттой

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 05 ・ 2

 

 

Хэдхэн хоногийн дараа үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ардын урлагийн тоглолтыг наадамчин олондоо зориулан зохион байгуулж байгаа билээ. 

Энэ тухай Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хорооны гишүүн, Монголын урлагийн залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч МУСТА Э.Цэнд-Аюуштай ярилцсанаа хүргэж байна. 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Наадмын тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ ?

- Юуны түрүүнд бидний ярилцлагийг уншин суугаа эрхэм уншигчиддаа болон наадамчиддаа зуны налгар сайхан энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жилийн үндэсний их баяр наадмаас эхлэн Монголын урлагийн залуучуудын холбооны хамт олон бид баяр наадам зохион байгуулах комиссын урлаг соёлын салбар хороонд орж ажиллаж байна.

Энэ жилийн наадмаас эхлэн Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хороо, Монголын урлагийн залуучуудын холбоо болон Нийслэлийн Соёл Урлагийн Газар хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болон зуслангийн төвлөрсөн цэг буюу Зунжин худалдааны төвийн гадна талбайд 7-р сарын 11,12-ны өдрүүдэд ардын урлагийн тоглолт, ардын уламжлалт наадгайн тэмцээн уралдааныг наадамчин олондоо зориулан үнэ төлбөргүй зохион байгуулахаар бэлтгэлээ 80%-тай хангаад явж байна.

- Энэхүү ардын урлагийн тоглолт үнэ төлбөргүй  гэдгээрээ ихээхэн онцлог санагдлаа. Энэ талаар ? 

- Жил бүрийн баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 200-300 мянган дотоод гадаадын наадамчин олон цуглаж нааддаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл цэнгэлдэх хүрээлэнд маань 10,20 мянган хүн ороод дүүрчих болохоор үлдсэн наадамчин олон маань хуушуур айраг, зураг хөрөг гээд л буцдаг. Тиймээс л тусгайлан тайз карказ, хөгжим техник засч ардын урлагийн 300 орчим уран бүтээлчдийн оролцсон “Монголын гайхамшигт урлаг” тоглолтыг 2 өдрийн турш зохион байгуулах гэж байна.

- 300 орчим уран бүтээлчид гэхээр өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт болох юм байна. Уран бүтээлчдийн нэрс тодорсон байгаа юу?

- Тоглолтонд оролцох уран бүтээлчид хэдийнээ бэлэн болсон байгаа. Тухайлбал Монголын урлаг тэр дундаа ардын урлагийн нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа “Хөсөгтөн хамтлаг”-ийн үзүүлбэрээр “Монголын гайхамшигт урлаг” тоглолт нээх бөгөөд уртын дууны “Язгуур хамтлаг” болон Нийслэлийн 9-н дүүргийн ардын авъяастанууд бүхий 300 орчим уран бүтээлчид Монгол урлагийн гайхам сайхныг наадамчин олондоо мэдрүүлэх юм.

- Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад зардал мөнгөний асуудал тулгардаг, та бүхний хувьд энэ олон уран бүтээлчдийг оролцуулсан бүтэн хоёр өдрийн тоглолтыг зохион байгуулна гэхээр өндөр зардалтай болж байгаа байхдаа.

- Үндэсний их баяр наадам бол Монгол түмний цэнгэлийн манлай болсон баяр баярын дээд байдаг. Тиймээс манай ард олон төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн гадаадын иргэд, жуулчид оролцдог энэ баяраар Төр засгийн гишүүд болон төрийн байгууллагууд, баяр наадам зохион байгуулах хорооны гишүүд бид бүхий л боломжоо дайчлан өндөр зохион байгуулалттай ажиллаж түмэн олноо баярлуулахыг зорьдог.

“Монголын гайхамшигт урлаг” тоглолтын зардал мөнгөний хувьд наадмын комиссоос тодорхой хэмжээний төсөв батлан гаргаж өгсөн бөгөөд нэмэлт төсвийг дэмжигч байгууллагууд болох “Скайтел” групп болон бусад байгууллагуудаас бүрдүүлж байгаа.

- Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьсон наадамчин олон үзэж харах зүйл ихтэй сайхан наадах нь ээ. Мөн тус тоглолттой холбогдуулан телевизийн нэвтрүүлэг бэлтгэж байгаа талаар дуулсан юм байна ? 

- Баяр наадмын өдрүүдээр түмэн олон минь үндэсний гэсэн бүхнээ бишрэн хүндэтгэдэг сайхан үе байдаг. Тиймээс бид “Шинэ дэлхий” телевизийн шижигнэсэн хамт олонтойгоо хамтран “Монголын гайхамшигт урлаг” хэмээх баярын тусгай нэвтрүүлгийг бэлтгэж байгаа.

Нэвтрүүлэгт маань Монголын урлаг тэр дундаа ардын урлагийн нүүр царай болсон олон сайхан эрхэм уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд наадмын өдрүүдээр буюу 7-р сарын 8,9,10-нд “Шинэ дэлхий” телевизээр Монгол түмэндээ хүрэх юм. Түүнчлэн нэвтрүүлгээ цаг тухай бүрт нь мэдээллийн сайтуудаар буюу сошиалаар цацаж дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ үзүүлэхээр төлөвлөж байна.

- Наадамчин олондоо Монгол урлагийн гайхам сайхныг үзүүлэхээр бэлтгэж буй та бүхэндээ амжилт хүсье.

- Баярлалаа бидний хийж бүтээж буйг түмэн олондоо мэдээллэж байдаг та бүхэндээ талархал илэрхийлэхийн ялдамд түмэн олон минь баяр наадмын өдрүүдээр нүд баясгаж, сэтгэл цэнгүүлж сайхан наадаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 06/

    Цэнгэлдэхийн гадна талбайд л жинхэнэ наадам шуу дээ 21 аймгийн уран сайханчид оор оорийн нутгийн идээтэйгээ уран бутээлтээгээ ирчихсэн зардлыг нь нутгийн зовлолууд нь даачихсан хотын ах дуу нар нь шавчихсан ээж маань нутгийнхаа идээг хайж хайж олж идээд боон баяр зус таних нутгийн авъяастантай таарч

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 05/

    zengeldeh ni jijighen tegeed ardchilsan nam helehgyi yu?ta gadna tald ni ami argazaaj bai?Stadiond zai baga bna?gej ee;;;;;;;;yadarsan ylas oron yum da;;;;;;;;;;

    Хариулах