Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 18
Эдийн засаг туйлдаа хүрчихлээ. Хүндрэлээс гарах олон гарц байгаагийн нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлах гэдгийг хэн хүнгүй тайлбарлаж, олон жил ярьсан. Одоогоос долоон жилийн өмнө ийм хууль батлагдаж байсан удаатай. Үр дүнд нь далд хэлбэрээр байсан 8.0 тэрбум төгрөг ил болж, эдийн засгийн эргэлтэд орсон гэдэг. Гэхдээ энэ нь албан ёсны тооцоо, судалгаа биш юм. Хууль гарснаар хэдий хэр мөнгө ил болсон талаар өнөөдрийг хүртэл албан ёсны судалгааны дүн байдаггүй юм билээ.
Энэ удаад ч гэсэн хямраад буй эдийн засгаа бага ч гэсэн өндийлгөхөөр дээрх хуулийг баталсан гэж болно. УИХ-д гурвантаа өргөн баригдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ээлжит бус чуулганаар батлаад удаагүй байна. Өөрөөр хэлбэл, уг хууль батлагдсанаар тав, арван жил буруу тооцоо, хяналттай явсныг зөв чиглэлд оруулж, хар зэх зээлийг ил болгож байгаа юм. Үүний зэрэгцээ эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл. Бусад улс оронд татварын өршөөл нь татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэдэг оновчтой арга хэмжээнүүдийн нэг гэж үздэг. Нэг ёсондоо төрөөс татвар төлөгчдөд төлөх ёстой татвараа тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байхаар өгч буй амлалт юм.
Энд нэг зүйлийг онцолъё. Засгийн газраас санаачлан батлуулсан дээрх хуульд хамрагдахын тулд хөрөнгө, орлогоо ил болгож бүрдүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр. Энэ хугацаанд ил болгож мэдүүлээгүй тохиолдолд хуульд хамрагдах боломжгүй. Бизнесийн салбарынхан холбогдох материалуудаа үнэн зөв өгсөн тохиолдолд хариуцлага тооцохгүй байх хэд хэдэн зүйлийг хуульд тусгасан байгаа. Тухайлбал,татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан төлөгчөөр татварын албанд эд хөрөнгө үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих ёстой хувь хүн хуулийн этгээд бүртгүүлж, мэдүүлээгүй боловч хуульд заасан хугацаанд шинээр бүртгүүлж, мэдүүлсэн байх ёстой аж. Ингээд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд хуулийн хэрэгжих хугацаа дуусахаас өмнө сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн албан татвар, нийгмийн даатгалын шиймтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.2-т заасны дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, НӨАТ, Онцгой албан татвар, Гаалийн албан татвараас чөлөөлөх гэнэ. Мөн хуулийн 4.1, 5.1-д хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдсөн бол дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажилд явуулахыг хориглохоор заасан байна.
Энэ хуулийн онцлох өөр нэг заалт нь 4.1. Тодруулбал, албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагааны улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь мэдүүлэж, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаанд татвар, хүү, торгууль, алданги нөхөж ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцлүүдийг бүрдүүлсэн тохиодолд шимтгэл нөхөн төлүүлэх, алданги тооцох хариуцлагаас чөлөөлөгдөх юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.