Дорноговийн эх хүүхдүүд төрөх эмнэлэггүй зутарсаар байх уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 20 ・ 2

“Бид Монголдоо хайртай 2015 түншлэл” төслийн багийнхан Дорноговь аймагт ажиллах үеэр манай сурвалжлагч Сайншанд сумын шинэ төрөх эмнэлэгийн барилгын ажил гурван жилийн өмнө эхлээд одоо хүртэл дуусаагүй, царцсан байдалтай байгаа талаар сурвалжлага бэлтгэн ирүүллээ.


 

Дорноговь аймгийн төв Сайншандад гурван жилийн өмнөөс  барьж эхэлсэн  төрөх эмнэлэг одоо ч ашиглалтад ороогүй,  царцсан барилга болчихоод байна. Энд 50 ортой гурван давхар эмнэлэг барих тендерийн эрхийг 2012 онд “Мон Инж Бар” ХХК авч, улсын төсвийн нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлыг эхэлжээ. Гэтэл гурван жилийн хугацаа өнгөрчихөөд байхад ашиглалтад ордоггүй, урт настай энэ барилгын ажлаас болж Дорноговь аймшгийн эхчүүд хүүхдүүд зутарсаар байна.

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг одоогоор 25 ортой төрөх тасагтайгаар ажиллаж байгаа аж. Бүхэл бүтэн аймгийн хэмжээнд 25 ор хүрэлцдэггүйгээс нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийнхан ачааллаа дийлэхгүй, хүндрэлтэй төрсөн эх хүүхдийг хүртэл нэг хонуулаад эмнэлэгээс гаргаж байгаа гэнэ. Уг нь, орны тоог хоёр дахин нэмэгдүүлсэн шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орвол эмчилгээ сувилгаа шаардлагатай эхчүүдээ бүрэн тэнхрэх хүртэл эмчилгээ хийх хэрэгтэй байгааг эмч мэргэжилтнүүд учирлаж байна.

Төрөх эмнэлгийн барилга барих хариуцлагатай ажил авсан компани яагаад хугацаанд нь ашиглалтад оруулаагүй талаар бид албаны хүмүүсээс тодрууллаа. Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга У.Отгонбаяр хэлснээр Аймгийн эрүүл мэндийн газраас 2013 онд “Мон Инж Бар” ХХК-ыг шүүхэд өгчээ. Шүүхээс тус компанийг өөрийн хөрөнгөөр эмнэлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгах шийдвэр ч гарсан байна. Гэвч “Мон Инж Бар” компани шүүхийн шийдвэрийг ч үл хэрэгсэн барилгын ажлаа одоо болтол эхлүүлэхгүй байгаа гэнэ. “Компанийн удирдлагууд руу нь залгахаар утсаа авдаггүй, холбоо барьж болдоггүй газар байгаа юм” хэмээн албаныхан аргаа баржээ. Төрөх эмнэлгийн барилга бариулах ажлыг орон нутгаас хариуцаагүй, Эрүүл мэндийн яам гэрээ байгуулсан ч даруйхан ашиглалтад оруулах шаардлага удаа дараа тавьсан гэдгээ аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлж байлаа.

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба Дорноговь аймагт ажиллах үеэр царцаагдсан эмнэлэгийн барилгын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд төрөх эмнэлэгийг хүлээлгэн өгнө гэж сайд хэлжээ. Гэхдээ сайдын хэлсэн хугацаанд төрөх эмнэлэг ашиглалтад орох эсэх нь одоо ч эргэлзээтэй хэвээр байна. Улсын 1,2 тэрбум төгрөгийн ажлыг унагасан  “Мон Инж Бар” компаний хариуцлагагүйн гайгаар бүхэл бүтэн аймгийн эх хүүхдүүд зутарсаар байна.

А.Батнасан

 

Эх сурвалж: www.newscom.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: