Зэсийн баяжмал хямралыг гэтлэх “хөдөлгүүр”

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 02

Т.ЖАНЦАН

Монгол орон зэсээр баялаг. Геологичид  1.2 тэрбум тонн цэвэр зэсийн нөөцтэй гэдэг. Одоогоор 36.3 сая тонн нөөц тогтоогдож Эрдэнэсийн санд бүртгэгдээд буй юм.  Эдүгээ хайгуул хийсэн 11 орд, их хэмжээний нөөц байх магадлалтай 90 илрэл бий. 



Харин дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ он гарснаас хойш 18 хувиар унажээ. Ингээд Лондонгийн металын бирж дээр нэг тонн цэвэр зэс 5210 ам.доллар байна. Судлаачид уг металын үнэ нэг тонн нь 5000 ам.доллараас доош орохгүй гэсэн төсөөлөл хийж буй. Дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэс 3-4 мянган ам.доллар байхад манай улс ашгийг нь хүртэж ирсэн. Монгол Улсын төсөвт “Эрдэнэт” үйлдвэр хамгийн их орлого төвлөрүүлж байсан үе бий. Гэтэл дөрөв, таван жилийн өмнө нүүрсний үнэ огцом өсч экспорт нэмэгдсэн. Ингээд зэс нүүрсэнд байр сууриа тавьж өгч байв. Тэгвэл өнөөдөр зэсийн үнэ харьцангуй өндөр, тогтвортой байгаа тул улсын төсөвт оруулах орлогоор тэргүүлэх байр сууриа дахин эзлэх төлөв байна. 

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр" ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд ордог. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгвэл энэ онд үйлдвэртээ өргөтгөл хийсэн. Ингээд хүдэр боловсруулалт зургаан сая тонноор өсөв. Одоо жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боллоо.  Эдүгээ өргөтгөлийн тоног төхөөрөмжийн тохируулга жигдэрч, цагт 800 хүртэл тонн хүдэр боловсруулж байна. Нэг ёсондоо  төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшин ажиллах болжээ. Уг өргөтгөл өнгөрсөн зургадугаар сарын 20-нд ашиглалтад орсоноос хойш  12 мянга 250 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв. Энэ нь 12 сая ам.долларын үнэтэй.  Дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэс  4950 ам.доллар  гэж тооцвол он дуустал  27.9 сая ам.долларын бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх юм. Хэрэв ирэх онд дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 6200 ам.доллар байвал уг өргөтгөл  “Эрдэнэт үйлдвэр”-т 120 орчим сая ам.долларын ашиг нэмж оруулах тооцоо бий. Тэгэхээр тус үйлдвэрийн улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх нь. 

Мөн “Оюу­толгой” төсөл ма­най зэсийн баяж­малын экспортыг нэмэгдүүлсэн. “Оюу толгой” ХХК өнгөр­сөн онд 733 мянган тонн зэсийн баяжмал борлуулжээ. Энэ баяжмал 185 мянган тонн цэвэр зэс, 561 унци алт, 1093 унци мөнгө агуулж байж. Тус компаниас  “Монгол Улсад зарцуулсан  нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.дол­лар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн. Он гарсаар 500 сая  ам.доллар дотоодод зарцууллаа. Энэ мөнгө нь Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн үнийн дүн зэрэг багтана” хэмээн мэдээллээ.  Үүнээс гадна Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх, түүний хөрөнгө оруулалт орж ирэх хүлээлт манай эдийн засагт бий. Тэгвэл энэ ондоо багтаж уг санхүүжилтийг босгоно.  Ирэх жилийн хоёрдугаар улирлаас далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх  төлөвлөгөө байна. Мөн далд уурхайн ханган нийлүүлэлтийн форум удахгүй болох гэнэ. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх