ШИЛДЭГ 10: Леонардо Дикаприогийн тоглосон кинонууд

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 06

 

Шинэ киноны жүжигчдийн жагсаалтанд Леонардо орсон байвал “Тэр тоглохоор сонгосон юм чинь гоё л кино байж таараа” гэсэн бодол толгойд шууд орж ирдэг. “Ард түмний Оскар”-ыг аль хэдийнэ хүртсэн авьяаслаг жүжигчин, холливудын дур булаам залуусын нэг Леонардо Дикаприогийн тоглосон 39 киноноос шилдэг 10-ыг нь хүргэж байна. Үзээгүй нь хэд байна?

ШИЛДЭГ 10: Леонардо Дикаприогийн тоглосон кинонууд

1. Inception /2010/
Шинжлэх ухааны, адал явдалт, хайр дурлал, драмын гээд олон төрлийг нэг дор агуулсан гайхамшигтай бүтээл гэж тооцогддог энэхүү кинонд Дикаприогийн ур чадвар хамгийн тод харагддаг гэж шүүмжлэгчид болон үзэгчид дүгнэгдсэн байдаг.

2. Titanic /1997/
Мэдээж Титаник кино бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг яах аргагүй мөн. Тэрхүү бодит үйл явдлаас сэдэвлэсэн маш олон өөр кино, бүтээлүүд байдаг ч Титаник хамгийн шилдэг нь болж чадсан бүтээл гэдэг юм. Дикаприо харьцангуй залуухан байх үедээ тоглосон ч үнэхээр чадварлаг тоглож чадсан. Түүнийн дүрийг үхэлгүй хайртай бүсгүйтэйгээ хамтдаа амьд гарч чадсан ч болоосой гэж маш олон хүн хүсдэг. Би ч мөн адил.

3. The Departed /2006/
FBI-ийн “most wanted” гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын хоёрт бичигддэг алдарт хэрэгтний дүрээс сэдэвлэн зохион бүтээгдсэн кино. Зохиолын хувьд ч, хийцийн хувьд ч онц сонирхолтой бүтээл болж чадсан кино мөн. Залуу цагдаа Леонардо Дикаприо “зүсээ хувирган”, гэмт хэрэгтэн болж жүжиглэснээр жинхэнэ дуулиант хэрэгтэн Irish Mob-ын “үүрэнд нэвтрэх” оролдлого хийнэ. Тэгэх явцдаа Мэт Деймон буюу цагдаагийн байгууллагад ажилладаг ч, цаанаа тэр гэмт хэрэгтний жинхэнэ сүлбээтэнгийн талаар олж мэдсэнээр хэрэг илүү ярвигтай болж эхэлнэ. Леонардо үнэхээр ямар ч дүрийг бүтээж чадах юм аа?

4. The Wolf of Wall Street /2013/
Энэхүү кинонд тоглосных нь дараа маш олон шүтэн бишрэгчид нь түүнийг Оскарын шагнал хүртэх байх гэсэн горьдлого тавьж байсан ч аваагүй. Тийм өндөр найдлага тавиулж чадсаныг нь харгалзсан ч, киног нь үзсэн ч үнэхээр сайн бүтээл болсон гэдэгтэй нь санал нийлэх болно.

5. Blood Diamond /2006/
Юун талаар өгүүлэх гээд байгаа нь маш ойлгомжтой, энгийн хэрнээ гайхамшигтай утга агуулгатай кино. Төгсгөл дээрээ Дикаприо үхдэг хэдий ч киноны утгыг бүрэн гаргахад хамгийн сайхан төгсгөл тэрнээс өөр үгүй байсан мэт. Бодит амьдралаас сэдэвлэсэн болоод ч тэр үү, үзэгчид ихийг бодогдуулж чаддаг. Дикаприогийн хувьд ч мөн дүрийнхээ дотоод ертөнцийг нь гайхалтайгаар гаргаж өгчээ.

6. Shutter Island /2010/
Дээрх кинонуудаас Леонардо Ди Каприо найруулагч Martin Scorsese-тэй сайн түншүүд болох нь харагдаж байна. Энэ кино ч бас Мартины бүтээл юм. Сэтгэл зүйн аймшгийн төрөлд орох энэ кинонд Дикаприо өөрийнхөө бас нэгэн өөр төрхийг харуулсан гэж болно. Энэхүү кино нь ойлгоход төвөгтэй ч гэсэн бүх зүйлийн учиг төгсгөлд нь тайлагддаг.

7. Django Unchained /2012/
1858 он. Боолын нийгмийн үе. Бууны эрдмийг гарамгай эзэмшсэн боол /Жейми Фокс/ нэгэн хүний өшөөг авалцаж өгөн боолоос чөлөөлөгдсөнийхөө дараа өөрийн эхнэрийг авахаар Миссисипигийн газар эзэмшигчийн очно. Харин тэр газар эзэмшигч бол мэдээж Лео. Жинхэнэ өрнөд Америкчуудын кино гэж хэлэхэд болно.

8. Catch Me If You Can /2002/
“Чадвал намайг бариарай” гэх нэрэндээ утга төгс таарсан сайхан кино. Дикаприо энэ кинонд тоглохдоо 28 настай байсан ч 19 настай гоц ухаантан хүүгийн дүрийг маш сайн амилуулсан.

9. The Great Gatsby /2013/
Тэр дандаа л гэмт хэрэгтэн юм уу цагдаагийн дүрд тоглож байгаагүй. Титаник дээрх хайрандаа үнэнч залуугийн дүрийг хоёр дахь удаагаа эндээс харж болно. Гэхдээ энэ удаад тэр хайртай бүсгүйдээ гологдохгүйн тулд жирийн нэг усан цэргээс тэрбумтан болтлоо баяжсан ч эцэс сүүлд нь харамсалтайгаар төгсдөг “нууц ноёнтон”-ийн дүрийг бүтээсэн. Бүсгүйчүүдэд үнэхээр их таалагдах кино гэдгийг онцолмоор байна.

10. The Aviator /2004/
Леонардо бодит түүхээс сэдэвлэсэн кинонуудад тоглох дуртай гэдэг нь ч анзаарагдаж байна. Энэ кино нь нисэх онгоц зохион бүтээгч нисгэгч Ховард Хьюзийн амьдрал дээр тулгуурлан бүтээгджээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх