Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 10
Л.БАТБААТАР
Дорнод аймгийн Халхгол сумын 500 мянган га газрыг чөлөөт бүсийн зориулалтаар ашиглах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол гарсан. Тогтоолыг Халхгол сумын иргэд эрс эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлж буй. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа УИХ-ын 75 дугаар тогтоолыг танилцуулах зорилгоор Халхгол сумын иргэдтэй уулзахаар тус суманд очиход нутгийн иргэд хүлээж аваагүй билээ.

Харин ХХААЯ-ны сайд Р.Бурмаа томилолтоос ирсэн даруйдаа “Халхгол сумын удирдлагууд их хэмжээний газрыг гадаадын компаниудад эзэмшүүлсэн байна. Иймд тус сумын удирдлагуудыг АТГ-аар шалгуулна” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг ор үндэсгүй зүйл хэмээн Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван болон сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяр нар Улаанбаатар хотод ирж, өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа өнгөрсөн долоо хоногт АТГ-т Дорнод аймгийн удирдлагуудтай холбоотой баримтыг дэлгэхдээ “Тус аймгийн Халхгол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлсэн байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Харин Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван үүнийг үгүйсгэн “Намайг Солонгосын хөрөнгө оруулалттай компанид газар худалдсан, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид газар худалдсан, хадлангийн талбай худалдсан, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах газрыг Хятадын компанид худалдсан, газар тариалангийн талбайг бусдад хууль бусаар эзэмшүүлдэг гэсэн таван зүйлээр ор үндэсгүйгээр гүтгэж байна.
“Хансолмо” хэмээх Солонгосын хөрөнгө оруулалттай компанид газар худалдсан гэх асуудалд миний бие ямар ч холбоогүй. 2009 онд Халхгол сумын ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийн дагуу тус компани газар эзэмших зөвшөөрлөө авсан. Удалгүй үйл ажиллагаа явуулаагүйн улмаас эрх нь цуцлагдсан. 2011-2012 онд энэ газрыг Монголын дөрвөн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг миний бие 2015 онд газрын зөвшөөрлийг нь цуцалсан. Эдгээр аж ахуйн нэгжид газар зарсан гэдэг нь үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
2013 оны есдүгээр сард “Соёмбо буудай” компани Монголын гурван иргэний өмч болох газрыг шилжүүлж авсан байдаг. Энэ асуудалд намайг буруутгаж Хятадын аж ахуйн нэгжид газар худалдсан гэж мэдэгдсэн. Бас л үндэслэл байхгүй. Энэ компанийн эзэмшигчийг тогтоолгохоор хуулийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газарт хандсан байгаа” гэв.
Мөн тэрээр “Газрыг гадаадын иргэнд эзэмшүүлж, өмчлүүлэхийг хуулиар хориглосон байдаг. Миний хувьд гадаадын иргэнд газар зарсан, өмчлүүлсэн гэх асуудал байхгүй. 113 мянган га хадлангийн талбай ашиглуулсныг зарсан хэмээн мушгин гуйвуулж байна. Энэ жил Төвийн бүсийн нутгаар гандуу байсны улмаас Халхгол сумын нутгаас хадлан бэлтгэх хүсэлт ихээр ирж байсан. Сумын ИТХ-аас 150 мянган га газраас хадлан бэлтгүүлэх шийдвэр гаргасан. Газрын тухай хуулийн 53.4-т заасны дагуу миний бие бүрэн эрхийхээ хүрээнд аж ахуйн нэгжид газар ашиглуулсан. Зөвхөн хадлан бэлтгэх зориулалтаар. Орон нутгийн төсөвт хадлан бэлтгэлээс 55 сая төгрөгийн татвар төвлөрсөн. 96 иргэн ажлын байртай болсон. 113 мянган га газрын 20 гаруй мянган га газарт л хадлан бэлтгэсэн. 2013 онд Халхгол суманд зуд болж гамшгийн байдалд хүрсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.