Үзэгч та хаана ч суусан “Мартагдашгүй” тоглолтыг үзэх боломжтой

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 14 ・ 1

Сүүлийн сар гаруйн хугацаанд сошиол ертөнцөөр “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа тоглоно хэмээн залуусын дунд хүлээлт үүсгэсэн билээ. Тэгвэл энэ сарын 18-нд баасан гаригт “Castle” клубын нээлтэнд зориулж долоон хамтлаг нэгдэн тоглох болсон талаарх хэвлэлийн бага хурал Монголын урчуудын эвлэлийн "Best art gallery"-д боллоо.  Уг хэвлэлийн бага хуралд уран бүтээлчид болоод "MGL AGENCY",  "MIRACLE ENTERTAINMENT", "MGL" media group, "CHUBA" дизайн, "MGL engineering & construction" төлөөллүүд оролцов.

Нэгэн үеийн долоон хамтлаг тайзнаа

Өнгөрсөн аравдугаар сард рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолт хүрээгээ тэлж, “Сүнс”, “Номин талс”, “Салхи”, “Guys”, “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлаг нэгдэн тоглохоор болов.  “Castle” клубын нээлтэнд зориулж тэд өөрсдийн шилдэг 5-7 дууг дуулах юм. Үүнээс  гадна хамтлагууд маань бусад хамтлагийн дуртай дуунуудыг дуулах талаар хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулав. “Мартагдашгүй” тоглолтонд оролцож буй уран бүтээлчид өөрсдийн дуугаар дамжуулан эв нэгдлийг бэлэгдэж байгааг Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн хэлж байв. “Castle” клубын нээлт учраас илүү цоглог, доргио дуунуудаа хүргэхээр болжээ. 

 

Монголд анх удаа үүдээ нээх гэж буй “Castle” клуб нь гурван давхар 1500 хүний суудалтай

Үзэгч та хаана ч суусан “Мартагдашгүй” тоглолтыг үзэх боломжтой

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа үүдээ нээх гэж буй “Castle” клуб нь гурван давхар 1500 хүний суудалтай аж. Азийн орны гурван клубт тавигдсан орчин үеийн гэрэл, хөгжим хэрэгслийг тус клуб суурилуулжээ. Тус клубын онцлог нь үйлчлүүлэгч та хаана ч суусан тайзыг бүрэн харах боломжтой. “Мартагдашгүй” тоглотыг үзэх хүмүүс долоон хамтлагийн гишүүдийг хамгийн ойроос үзэх боломжийг олгож байгаа юм. “Castle” клуб нь 300 машины зогсоолтойгоос гадна таны аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ. Гурван давхарт суугаа таньд хэрхэн яаж тоглолт харагдахыг энэ сарын 18-нд болох “Мартагдашгүй” тоглолтонд хүрэлцэн ирж мэдэх боломжтой. Ерөнхий зохион байгуулагч “MGL Agency”-гийн хувьд уг тоглолтыг ямар нэгэн үнээр үнээлээгүй бөгөөд тухайн өдөр “Castle” клубээс тогтоосон таксийг төлөн өөрийн хүссэн ширээгээ захиалан үзэх боломжоор бүрэн хангасан юм.

“Мартагдашгүй” тоглолт хүрээгээ тэлж, “Сүнс”, “Номин талс”, “Салхи”, “Guys”, “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлаг нэгдэн тоглохоор болов. 

“Мартагдашгүй” тоглолтын хамтран зохион байгуулагч “Miracle entertainment”  компанийн ерөнхий захирал Э.Мөнхбаясгалан “Манай байгууллага сүүлийн зургаан жилийн хугацаанд томоохон шоу, тоглолт, хурим, шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай. Энэ ч хүрээнд “Мартагдашгүй” тоглолтонд оролцох хамтлагуудыг нэгтгэн гурван цагийн хугацаанд уйдаахгүй, мартагдашгүй, давтагдашгүй нэгэн өдрийг үзэгч олондоо бэлэглэхээр ажиллаж байна.

 

Б.Лхагвасүрэн: Хүрэлцэн ирсэн үзэгчтэйгээ хамтлагууд маань илүү ойр дотно байх болно

Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн тоглолтын талаар цөөн хэдэн асуултанд хариулт авав.

-Ямар учраас дахин нийлж тоглохоор болсон бэ?

-Энэ тоглолтыг дахин үзэхийг хүссэн санал үзэгчдээс маш ихээр ирдэг. Ерөнхий зохион байгуулагч “MGL Agency”-гээс бидэнд санал тавьсны үндсэн дээр “Castle” клубын нээлтэнд зориулж дахин тоглохоор болсон. Харин зунаас илүү олон хүнд хүргэхээр дахин тоглож магадгүй. Өнгөрсөн тоглолтыг 3000 хүн сонирхсон. Энэ удаагийн тоглолт болох “Castle” клубын тайз нь үзэгч олонтойгоо илүү ойр байх орчныг бүрдүүлсэн юм. Иймээс хүрэлцсэн ирсэн 1500 хүн долоон хамтлагийн гишүүдтэй хамт дуулж, бүжиглэж, зургаа авахуулах гээд илүү ойр дотно тоглолт болно.

-Урьд нь та үе тэнгийнхэн болон дүү нар, хамтлагтайгаа нийлж тоглох болно гэсэн. Энэ удаагийн тоглолтийн хувьд гурван хамтлаг нэгдэж байгаа нь бас сонирхол татлаа?

-Энэ тоглолтоороо дамжуулан эв нэгдлийг харуулахыг зорьсон. Саяхан Өвөрмонголд “Харанга”, “Хурд” хамтлаг хамтраад тоглож байгаа нь маш сайхан санагдсан. Нэг талдаа урлагийнхандаа эв нэгдэлтэй байж уран бүтээл хийж болдогийг харуулсан. Энэ ч үүднээс он гараад охидын хамтлагууд нэгдэн тоглох сураг гарсан байсан.

-Мөрөөдөл дууг шинэчлэн дуулах уу?

-“Мартагдашгүй” тоглолтонд оролцох долоон хамтлаг нийлж, “Мөрөөдөл” дууг шинэчлэн дуулсан байгаа. Удахгүй шинэ клип хүрнэ. Түүнчлэн хамтлагуудтайгаа нийлж дахин шинэ дууг дуулсан бөгөөд шинэ оноос өмнө олны хүртээл болно.

-Энэ удаагийн тоглолтод хамтлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно биз дээ? 

-Урьдын тоглолтын үеэр "Номинталс" хамтлаг хүндэтгэх шалтгааны улмаас тоглоогүй. Энэ тоглолтонд дээрх долоон хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох юм. "Gyus" хамтлаг европын орнуудын аялан тоглолтоо дуусган энэ сарын 17-нд ирэх юм. 

-Тоглолтын үеэр гэнэтийн бэлэг задлах уу?

-“Салхи” хамтлаг болон дуучин Дэлгэрмөрөнтэй хамтран тайзан дээр нэгэн дууг дуулахаар бэлдэж байгаа.

Т.Буянаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: