Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 15
・ 8
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга н.Ариунболд нарын гурван хүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилтан бүсгүйг зодож, хүчирхийлсэн байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Тэгвэл хохирогч бүсгүйн ээж В. Бадамсүрэн манай сайтад хандаж захидал илгээжээ.
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг В. Бадамсүрэн гэдэг.
Энэхүү гэмт хэрэг гарснаас хойш 3 сар шахам хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд мэдээллийн хэрэгслээр янз бүрийн үнэн худал мэдээллүүд цацагдсаар ирсэн бөгөөд өнөөдөр миний бие охиныхоо талаар зарим нэг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж үзэн ийнхүү хандаж байна. Миний охины талаар сайн муу янз бүрийн өнцгөөс мэдээлэл цацагдсаар өнөөг хүрсэн ба сайны хажуугаар саар гэдэг хүний зовлонг далимдуулан хоолоо олж иддэг зарим хүмүүс байгаад би туйлын их харамсаж байна. Мөн хийсэн нүгэлт хар хэргээ гуйвуулах гэсэн муйхар бодлоор иймэрхүү сөрөг мэдээлэл цацаж байгаа нь ичгэвтэртэй үйлдэл юм. Нэн тэргүүнд зарим нэг худал мэдээллүүдийг залруулж олон нийтэд хүргэх хэрэгтэй гэж эх хүний хувьд шийдлээ.
1. Миний охин Ханбаатартай огт амрагийн харилцаа байгаагүй
2. Тухайн хэрэг гардаг өдөр ямар ч найр болоогүй байсан. Мөн охиныг минь архиар шахсан болов ч уугаагүй эрүүл байсан
3. Охиныг минь бие эрхтэн, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаар нь хохироочихоод зогсохгүй дээр нь 2 хүнтэй зэрэг явдаг биеэ үнэлэгч мэтээр олон нийтэд ойлгуулах гэж оролдож байгаа нь нэр төрийг нь хүртэл үгүй хийх гэсэн үйлдэл юм.
Миний охин өрх толгойлсон эмэгтэй ба өөрийн 3 настай охины хамт түрээсийн байранд амьдарч төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, алба амиа тэжээж байсан жирийн л албан хаагч юм. Хэрэв хүйтэн цэвдэг сэтгэлтэй тэдгээр албан тушаалтнууд миний охиныг худлаа дуудаж, ийнхүү аймшигтай байдлаар эрүүл мэндийг нь хохироогоогүй бол өнөөдөр бусдын л адил төрдөө зүтгээд ажил үүргээ гүйцэтгэж байх байсан. Гэвч Баянчандмань сумын Засаг даргын орлогч Ханбаатар, Тамгын газрын дарга Ариунболд нар дуудан аваачиж, хэрцгий авирлан эрүүл мэндээр нь насан туршид нь хохироосон бузар хэрэг үйлдсэн. Энэхүү хэргийн үнэн мөнийг шүүх, цагдаагийн байгууллага олж, гэмт этгээдэд хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаа. Тамгын газрын дарга асан Ариунболд нь өнөөг хүртэл ямар ч буруугүй “гэрч” гэх нэр зүүн эрх чөлөөтэй явж байгаад туйлын их гайхаж байгаагаа хэлэх ёстой. Учир нь тэр л миний охиныг зүгээр ажлаа хийж байхад нь дахин дахин дуудаж гэмт этгээдийн гарт авчирч өгсөн. Хэрэв тэгээгүй байсан бол ийм хэрэг явдал гарах байсан гэж үү? Үүнд эх хүний хувьд маш их гомдолтой байна. Ямар нэгэн санаа зорилго өвөрлөн худлаа хэлж дуудсан нь илт.

Тэрээр 1 дүгээр эмнэлэгт миний охиныг авчирч өгөхдөө “зам дээрээс оллоо, танихгүй ийм нэг хүн хэвтэж байсан” гэж хэлснийг нь бодохоор хэлэх үг ч олдохгүй л сууна. Тиймдээ ч зохих шийтгэлээ амсана гэдэгт итгэж байна. Өнөөдрийн байдлаар түүний эрүүл мэндийн байдал дахин хагалгаанд орох шаардлагатай ба гэмтлийн улмаас хэвлийн хөндийд шингэн хуримтлагдаж үрэвсэл үүссэн, шээс нь задгайрч барьж чадахгүй байдалтай бусдын асрамжинд хагалгаанд орох хугацаагаа хүлээж байна. Бид чадах ядахаараа эмчилгээ сувилгаанд нь анхаарч байгаа боловч эмчилгээний зардлаа төлж чадаагүйн улмаас эмнэлэгээсээ арга буюу гарсан. Зөвхөн эмчилгээний зардалд 7 сая гаруй төгрөг зарцуулаад байгаа ба бусад нэмэлт зардалаа тооцвол жирийн малчин өрхөд маш хүнд тусч байна. Бусад жирийн л иргэдийн адил хөрөнгө мөнгөггүй бид бусдаас зээл авч, урд хормойгоо, хойд хормойгоороо нөхсөөр цаашид санхүүгийн хүндхэн байдалд орсон. Ийм байдалд хүргэсэн гэмт этгээдийн ар гэрт хандан туслалцаа үзүүлэхийг удаа дараа хүссэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авалгүй цагийг өнгөрөөсөөр өдийг хүрлээ. Хэцүү хүнд үед бид өөрсдийн бололцоотой бүхий л аргаар охиноо эмчлүүлэх зардлыг олж, өр тавьсаар өдийг хүрсэн ба цаашид энэ байдлаараа явах боломжгүй боллоо.Хэдийгээр өрх бүр л санхүүгийн энэ хүнд нөхцөлд хэцүү байгаа ч олон түмэн та бүхнээсээ охиныхоо цаашдын эрүүл мэнд, эмчилгээг тасалдуулахгүйн тулд дэмжлэг, туслалцаа гуйхаас өөр аргагүй болоод өнөөдөр хандаж байнаа. Өнгөрсөн хугацаанд сайн эмч нарын буянд миний охин үхлээс амь мултарч, хөл дээрээ гишгэх, үрээ харах хувьтай байгаад нь баярлаж байгаагаа юуг нь нуух вэ. Та бүхэн бага ч болов санхүү, сэтгэлийн дэм үзүүлэн туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна. Энэхүү аймшигтай хэрэг явдлын дараа УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс эмнэлэгт биечлэн ирж сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж, охины минь үүрсэн зовлонг бага ч болов нимгэлэхэд тусалсан УИХ-ын гишүүн Оюунгэрэл, Эрдэнэчимэг нартаа эмэгтэй хүн, эх хүний хувьд гүн талархсанаа үүгээр дамжуулан илэрхийлье. Мөн ГССҮТ-н эмч Гантулга, УНТЭ-н эмч Саранцэцэг болон нийт эмч сувилагч нартаа баярлалаа. Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартаа хандаж хэлэхэд энэ төрийн удирдах албан тушаалтнуудын ёс суртахуун, гаргаж байгаа хууль бус үйлдэлд цэг тавих цаг нь болсон ба дахин хичнээн аав, ээжийн хүү, охид гэмт халдлага, хүчирхийлэлд өртөж болохыг хэн ч үгүйсгэх аргаггүй ба ийм эрсдэл бодитой байгаад анхаарч өгнө үү. Төрийн жирийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гэмт халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирч байхад түүний гэр бүлийн гишүүдээс өөр хэнд ч хамаагүй мэт хохироод үлддэг жишиг бий болох вий хэмээн эмзэглэж байгаагаа хэлэх нь зүйтэй байхаа. Тэгээд бидэнд тохиолдсон ийм гашуун зүйл дахин хэний ч гэр бүлд бүү тохиогоосой гэж би хүсэж байна. Миний үр эргээд ажиллаж хөдөлмөрлөх чадвартай болохоороо бусдын л адил эх орондоо хийж бүтээх, гэр бүлээ тэжээх, төрийн албандаа зүтгэх, тэр сайхан мөч ирээсэй гэж туйлын их хүсэж байгааг олон түмэн минь ойлгон хүлээн авна бизээ.Та бүхнээсээ дахин хүсэхэд хүний тус багаддаггүй гэдэг шиг бага ч болов санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Хандивын данс хаан банк: 5030496142 В. Бадамсүрэн ээж
Төрийн банк: 311000089875 В. Бадамсүрэн ээж
Холбоо барих утас: 94444212, 88191432, 89764443
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.