Хямарсан ч хямдрахгүй...

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 21



Энхтайваны өргөн чөлөө буюутөв зам дагуу байрлах дэлгүүр хоршоодоос үүдэндээ хямдрал зарласан хаяг, шошго өлгөөгүй нь ховор болжээ. Томоохон дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдээс аваад гадаа талбайд, гар дээрээс бэлэн хувцас, оймс гутал төдийхөн худалдаалдаг хүмүүс ч “Big sale”, “Super sale”, “Баярын онцгой хямдрал”, “Бүх бараа 50 хувь хямдарлаа” гэхчлэн элдэв эрээн мяраан бичиг өлгөсөн нь “Эдийн засаг үнэхээр хямарчихаж” гэсэн бодол төрүүлэх аж. Угаас, хямарвал хямдардаг нь зах зээлийн хууль. Гэвч хэчнээн хямарлаа ч хямдардаггүй, харин ч эсэргээрээ үнэ өртөг нь өсөөд л байдаг хамтлаг дуучдын ханшийг тандлаа. Шинэ он хаяанд ирсэн өдрүүдэд аж ахуй нэгж, албан байгууллагуудын шинэ жилийн үдэшлэг цэнгүүн шил шилээ  даран болж байна. Мэдээж байгууллага, хамт олон бүр баярын үйл ажиллагаандаа хамтлаг дуучдыг урьж баяр дээрээ баяр нэмэхийг хүснэ. Гэтэл даарин дээр давс гэгчээр хямралын үед хамтлаг дуучдын ханш хаданд гарчээ. Ингээд “Sale” зарлах сэтгэл дутсан хамтлаг дуучдын ханштай танилц...

“Камертон”-ы дөрвөл 3-5 дууг 6-10 саяар дуулна

Өнгөрсөн жил “Харанга” хамтлаг хамгийн өндөр ханшаар дуулж байсан бол энэ жил “Камертон” хамтлаг жагсаалтыг тэргүүлжээ. Нэгэн үе тус тусын уран бүтээлээ туурвисан залуус энэ жил эргэн нэгдэж, 20 жилийн ойн тоглолтоо ч хийгээд амжсан. Рок попын тогоонд олон жил “чанагдаж” өдий өндөрлөгт хүрсэн залуус “эргэн нэгдсэн” гэх эрэлт дээрээ тулгуурлаж ийм үнэ тогтоожээ. Хэдий өндөр үнэ ч гэлээ “Камертон”-чууд үдэшлэг цэнгүүнд тус тусын уран бүтээлээ ч хүргэх аж. Тухайлбал, хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд байгууллага, хамт олны шинэ жилд 5.5 сая төгрөгөөр дуулах аж. Эл үнээрээ тэрээр энэ жилийн хамгийн үнэтэй дуучнаар тодроод байгаа сурагтай.

“Харанга” 30 минут тутамд 8-10 сая төгрөг

“Харанга”-ынхан хамгийн бага үнээ санал болгосон нь энэ. Өнгөрсөн жил 12 сая төгрөгөөр үнэлэгдээд байсан хамтлаг энэ жил ийм үнэ хэлсэн нь хамтлаг, дуучдаас “Sale” зарласан ганц тохиолдол. Мэдээж бидний ярьж заншсанаар “амьдаар” дуулах учир хөгжим хэрэгслээс аваад бүх л зүйлээ бэлдэж үдэшлэг цэнгүүнд ая дуугаа өргөх аж. Хамтлагийн ахлагч Ц.Чулуунбаттай холбогдоход “Хөгжим, тоног төхөөрөмж гээд бүх л юмаа чирээд явна гэдэг ажил ихтэй байдаг. Бөмбөрөөс авахуулаад овор ихтэй, очиж дуулах газраа хөгжим хэрэгслээ суурилуулна гээд ер нь л ажил их шүү. Тиймдээ ч ийм үнээр дуулж байна. Үүний цаана үзэгч, сонсогчдоо хүндэлж буй сэтгэл байгаа юм шүү дээ” хэмээсэн юм.

Гурван дуу 3.5 сая

“Шинэ жилийн цагаан шөнө дулаахан намуухан...” хэмээн шинэ жилийн сэдэвтэй дуунуудаараа баяр дээр тань баяр нэмэх Гавьяат жүжигчин Б.Сарантуяа үдэшлэг цэнгүүнд 3.5 саяар дуулах бол дуучин Т.Ариунаа ч адил үнэ хэлж байна. Хамтлаг дуучдаас хамгийн олон шинэ жилийн дуутай хоёр гавьяатын “тариф” өнгөрсөн жилээс өсөөгүй ч бас хямдраагүй аж.

Хасар Жагаа цасан охидын хамт нэг сая төгрөг

Шинэ жилээр хамгийн эрэлттэй байдаг Хасар Жагаа буюу жүжигчин Б.Жаргалсайхан өвлийн өвгөн болж үзэсгэлэнт цасан охидынхоо хамт үдэшлэг цэнгүүнд нэг сая төгрөгөөр үйлчилэх бол Гавьяат жүжигчин Ц.Жарантав гуай 500-600 мянган төгрөг гэнэ. Шинэ жилийг гацуур мод, оргилуун дарс, өвлийн өвгөн, цасан охингүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч сүүлийн үед өндөр үнэтэй хамтлаг дуучдаас илүү өвгөн аав, цасан охид илүү эрэлттэй байгаа аж. Түүнчлэн, үдэшлэг цэнгүүнийг тань хөтлөн явуулах хөтлөгчид ч үнэ ханшаа танилцуулжээ. Тухайлбал, жүжигчин Б.Анхбаяр 2-2.5 сая төгрөгөөр үйлчлэх бол нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо нар 1.5 сая төгрөг гэнэ.

Хошин шогийнхон ч хоцорсонгүй


Шинэ жилийн “шинэ” үйлчилгээ нэвтрүүлж буй хошин урлагийн хамтлаг, продакшнууд ч “халтуур” хийхээс хоцордоггүй. Тодруулбал, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр нар тус тусдаа хоёр сая төгрөгөөр хөтлөлт хийхийн зэрэгцээ хөгжөөн инээлгэх бол хамтлагаараа харин найман сая төгрөгөөр тоглох гэнэ. “ТВ коктейль” хамтлаг таван сая төгрөгөөр шинэ жилийн тань үдэш инээд хөөр бэлэглэж, хөтлөлт хийж, дуу хуураа өргөх а ж. Түүнчлэн, “Улаан сарнай”, “Хатан туул”, “Star dance” зэрэг цэнгээнт бүжгийн хамтлагийг үдшийн цэнгүүндээ урьж 800 мянгаас 1.2 сая төгрөгөөр бүжиглүүлэх боломжтой гэнэ.

Нийтийн дуучдын үнэ 500 мянгаас эхэлнэ


Баярынхаа үдэш нийтийн дуучдыг дуулуулах бол харьцангуй сонголт өргөний дээр үнэ ханш ч хамгийн хямд байгаа бололтой. Энэ жил дуучин Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар гурван дууг гурван сая төгрөгөөр хоршин дуулах бол Г.Эрдэнэтунгалаг гурван дуугаа хоёр саяар үнэлжээ. Мөн дуучин Д.Намсрайноров гурван дууг 2.5 сая, Л.Болдбаатар Л.Чулуунбаатар, П.Идэржавхлан, Я.Гэрэлчулуун, П.Жимсээ, А.Түмэн-Өлзий нар нэг дууг 500 мянгаар дуулах аж. Харин “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ нэг дууг нэг сая төгрөгөөр дуулах юм байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх