Хүүхэд насны шилдэг 10 дүрсгүйтэл

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 22

Одооны хүүхдүүдийг бодвол бидний хүүхэд нас хамаагүй хөгжөөнтэй, дурсамжтай, зарим нь бүр айдас төрөм дүрсгүйтэлээр дүүрэн байжээ. Техник, технологи одоогийнх шиг ингэж хөгжөөгүй байсан болоод ч тэр үү хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрөөх арга нь шал өөр, зарим нь бүр илүү бүтээлч байж шүү. Нэг байрныхан, нэг гудамаараа нийлж аваад л айл гэр, нуугдах, хөөцөлдөх гээд л тоголж өгдөг байсан даа.

Хүүхэд насны шилдэг 10 дүрсгүйтэл

Саяхан “Гэртээ ганцаараа” киног үзэж суугаад би багадаа гэртээ ганцаараа байхдаа эсвэл аав ээжийн нүдэнд өртөхөөргүй газар байхдаа яаж сахилагагүйтэж, дүрсгүйтдэг байснаа бодож үзлээ. Эмэгтэй ч гэсэн ахтайгаа өссөн болоод ч тэр үү их сахилагагүй байж. Та нарт ч бас эргээд санахад сайхан байна байх гэсэн үүднээс бидний үеийн хүүхдүүдийн хамгийн их хийж дүрсгүйтдэг байсан 10 үйлдлийг бичихээр шийдлээ.

1. Айлын хонх дарж гүйх
Одоо бодоход яг юу нь тийм их хөгжилтэй байсныг ойлгохгүй л юм. Тухайн үедээ ах, дүү, найз нартайгаа нийлчихээд л хамгийн дээд давхрын айлаас авахуулаад доошоо бүх айлын хонхыг дараад л пижигнэтэл гүйдэг байсан. Орцноос гарч ирсэн хойноо бөөн инээдэм болоод л жаргалтай нь аргагүй явдаг байж. Харин ямар азаар айлынх нь хүнд баригдаж байгаагүй юм.

2. Гаражин дээгүүр гүйлдэх
Хичээлээ тарчихаад л ангиараа тоглодог хамгийн зугаатай тоглоомны нэг нь энэ. Одоо хуучин тоглодог байсан гаражыхаа хажуугаар явахдаа яаж авирч гардаг байсан юм бол, яаж тэр хол зайтай байгаа хоёр гаражийн дээгүүр үсэрдэг байсан юм бол гээд л олон асуулт хөвөрч байгаа юм шүү. Нэг тод үлдсэн дурсамж нь гараж дээр чоно, туулай болж тоглож байгаад нэг хүүхэд хоёр гаражийн завсраар нь уначихаж билээ. Хамгийн аймар нь бэртэж гэмтээгүй ч гэсэн хүний бие засаад удаагүй байсан баасан дээр уначихсан байсан. Нэг хэсэгтээ л нөгөө хүүхдээ шоолж инээдэм болсон доо.

3. Баавгайн чихдэх
Бас хичээлээ тарчихаад ангийнхантайгаа тоглоно. Тоглож тоглож дуусаад гэртээ харихдаа дайны баатар шиг юм л очно шүү дээ. Хамаг хувцас хунар уранхай, халтар. Ээждээ охин хүүхэд байж ингэж тоглоод байхдаа яахав дээ гээд л загнуулна. Тэгсэн ч маргааш нь ахиад л тоглоно. Одоо бодохнээ энэ тоглоом эрүүл мэндэд бас их сайн байсан юм шиг байгаа юм. Их гүйнэ, таталцаж түлхэлцэж булчингаа ажиллуулна гээд л.

4. Хуучин байшингийн цонх хагалах
Бага байхад улаан туфль, улаан даашинз өөр юу юу билээ дээ аймшгийн юм их ярьдаг байж. Та нар санаж байна уу? Түүнээсээ болоод эзэнгүй удаан байсан байшингуудыг сүнстэй гээд л итгэчихсэн хажуугаар явахдаа чулуу авч шидээд цонхыг нь хагалчихаад хамаг хурдаараа зугтдаг байсан. Бага зэргийн айдастай хэрнээ хөгжилтэй шүү.

5. Давс, элсэн чихэр хоёрыг холих
Аав, ээж хоёр гаднаас түгжээд ажилдаа явчихдаг байлаа. Орой гэртээ ирэх хооронд нь юу эсийг хийхэв. Хамгийн айхтар нь давс, элсэн чихэр хоёрыг холих явдал байсан юм шиг байна. Хоорондоо адилхан санагдсан болохоор нь тэгсэн юм байлгүй. Тэгээд л оройн хоолны үеэр хийсэн хэрэг илэрч гэмээ хүлээж байгаа юм даа. Энийг бол нэлээн олон хүн хийж байсан байх гэж бодож байна.

6. Бурханы чихэрнээс идэх
Айл болгон л бурхан тахилынхаа өмнө идээ засдаг шүү дээ. Тэнд нь хамгийн амттай, гоё чихэрнүүд заларна. Тэрийг нь хараад л нүдээ унагаад л явдаг байлаа. Ганцаараа гэртээ байхдаа тэрнээс нь идмээр санагдаад л урд нь очиж зогсож байгаад гуйсан нэртэй нэг юм амандаа бувтнаж байгаад аваад идчихдэг байж билээ. Гэхдээ мэдээж бүгдийг нь биш шүү. Орой нь аав, ээж ирээд л бурханы чихэрнээс яагаад идчихэв гэхээр нь намайг гуйсан чинь ав ав гэсэн юм гээд л асуудлаас цэвэрхэн үлддэг байлаа шүү дээ.

7. Уутанд ус хийж цонхоор шидэх
Зуны улиралд хүмүүсийг хамгийн их бухимдуулдаг дэггүйтлийн нэг нь энэ байх. Сайхан хувцсаа өмсчихөөд, үс гэзэг, нүүрээ будчихаад явж байхад дээрээс ууттай ус унах шиг аймар зүйл байхгүй. Гэсэн хэдий ч хүүхэд байхдаа нэг найзтайгаа туршиж үзмээр санагдаад хийж байж билээ. Хоёулаа охин хүүхэд байсан хэрнээ айхтар байсан байгаа юм шүү. Гэхдээ мэдээж ганц л удаа тэгсэн.

8. Ээжийнхээ даашинз, туфлийг өмсөж тольны өмнө эргэлдэх
Энэ үйлдлийг бол охид бүр л хийж байсан байх. Ээж, аавыг эзгүйд гэртээ ганцаараа байхдаа бүх л гоё гэсэн даашинз, туфлийг нь гаргаж тавьчихаад л өнгө, загвараар нь хослуулж байгаад л өмсөнө шүү дээ. Хөл мэдээж жижигхэн учраас туфлийнх нь нумыг хугалчих гээд, даашинзаа газар чирээд л толины өмнө эргэлдэж өгнө. Зарим нэг даашинзных нь хормойн дээр гишгээд ханзалж байсан ч тохиолдол байна шүү.

9. Шоргоолжны бөгс долоох
Чихэрлэг юм идмээр санагдвал хөөрхөн нэмэр болчихдог байсан даа. Ахтайгаа нийлж суучихаад л шоргоолж түүгээд эхнээс нь долооно доо. Аминдаа няцлаад алчихгүйг хичээгээд л зөөлөн барьж долоодог байсан ч заримдаа алчих тохиолдол байна. Тэрэндээ их гэмшинэ. Тэгээд л хэсэг хугацааны дараа долоохоо больсон доо.

10. Дүүгийнхээ хөмсөг, сормуусыг хайчлах
Дөнгөж ах эгч болоод удаагүй, өөрсдөө нялхаараа байгаа хүүхдүүд жаахан дүүгээ харахаар л хайр нь хүрээд байдаг юм шиг байгаа юм. Дээрээс нь нэмээд юу хийвэл илүү хөөрхөн болох вэ? гэж бодоод л хөмсөгийг нь ч засчихья, сормуусыг нь засчихья гээд л хүссэнээрээ хайчилчихдаг тал байдаг. Хэд хэдэн хүний бага насны талаар сонсож байхад дүүгийнхээ сормуус, хөмсөгийг нь засч байгаа нэрийдлээр хайчилж байсан удаатай гэж байсан шүү. Магадгүй чи ч бас тэгж байсан байх тийм үү?

За одоо чиний ээлж. Өөрийнхөө багийн хөгжилтэй дэггүйтлийнхээ талаар хуваалцаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх