Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 24
Би жил бүр гэрийнхээ гацуурын тоглоомын санг арвижуулж, шинэчлэхээр хичээдэг юм. Учир нь жил бүр онцгой шүү дээ. Ингэхдээ байдаг л нэг биш, дандаа үзэсгэлэнтэй, гоёмсог тоглоом авахыг хүсдэг. Даанч тийм тоглоомууд нэг бүр нь 10-15 мянган төгрөгний үнэтэй байдаг учраас хүссэнээрээ олныг авахад хүндрэлтэй. Тиймээс энэ жилээс эхлэн зарим нэг тоглоомоо охинтойгоо хамт урлаж байхаар шийдлээ. Гайхалтай нь, цаасаар хийсэн мөртлөө зарим нь дэлгүүрийн тоглоомоос ч илүү чамин харагдах юм...

Чи ч бас дараах 9 төрлийн тоглоомын зааврыг дагаж хийгээд гэрийнхээ сүлд модыг гэр бүлийнхээ “бүтээл” болгоорой. Бэлэгний, цаасан урлалын төрөл бүрийн цаас, тарган цавуу, хайч, олс юм уу туузнууд төрөл төрлөөрөө байхад л хангалттай. Нийлээд нэг л тоглоомны үнээр авчих боломжтой гээд бод доо?

1.
Хойд зүгийн хонгор од
1. Шугам зургийн хичээлээ эргэн нэг санаж тооны дөрвөлжин цаасан дээр эхний зурган дээрх шиг одны оригами загварыг зураарай. 8 ширхэг, нэг тал нь нөгөөгөөсөө урт, хоорондоо тэнцүү ромбо дүрс нийлүүлж байна гэж бодох хэрэгтэй. Дараа нь гадна хошууных нь хоёр талд наалт болгож ашиглах далбаа нэмж зурахад болно.
2. Бэлэн болсон загвараа хайчлаад, дүрсийнх нь дагуу гялгар бэлэгний цаасыг мөн адил хайчилна.
3. Загварын цаасаа нийлсэн ромбо бүрийнх нь шугамаар гадагш нь нугална. Нугалсныгаа ард нь тавьж байгаад, гялгар бэлэгний цаасаа мөн адил нугал. Тэгснийхээ дараа загварын цаасныхаа хошууны далбааг гадагш нь нугалж од хэлбэртэй болгоно. Мөн адил тэр нугалснаа ард нь тавьж байгаад гялбар бэлэгний цаасаа од болгоно.
4. Дараа нь зөвхөн гялгар цаасан одныхоо нугалсан далбаанууд дээр нь цавуу түрхээд, арай хатуу, адилхан өнгийн цаасан дээр тавьж наан битүү болгоно.
5. Одоо илүү гоёмсог харагдуулахын тулд голд нь даавууны шигтгээ, шүр, сувс, сааны өөдөс нааж болно.

2.
Өнгөт бөмбөрцөг
1. Бэлэгний зориулалттай хоёр төрлийн цааснаас нийт 20 ширхэг жижиг дугуй хайчилж авна. Хайчилсан дугуй дүрснүүдээ бүгдийг нь эхний зурагны дагуу гурвалжлан нугалж бэлдэнэ.
2. 10 ширхэгийг хоёр өнгөнөөсөө сөөлжлүүлж сонгоод, хооронд нь хоёр талаар нь холбож наана.
3. Холбож наасныгоо босгоод, хоёр талаас нь дугуйруулан, захуудыг нь ч бас хооронд нь наана.
4. Үлдсэн дугуйнуудаа 5, 5-аар нь салгаад сонгоод, зурагны адил дугуй цэцэг шиг болгож хоёр талаар нь наана.
5. Тэгээд түрүүний холбож наасан цагираг хэлбэрт дээрээ дээвэрлэх маягаар дээр доороос нь тавьж наагаад бөмбөрцөг бэлэн боллоо. Бөмбөрцөгнийхөө аль нэг орой дээр бүдүүн утас юм уу тууз нааж гацуурынхаа мөчирт өлгөөрэй.
6. Хоёрхон өнгийн биш, янз бүрийн өнгө, зурагтай цааснууд ашиглавал илүү өвөрмөц харагдах болно.

3.
Сүлд модны Сакура
1. Үүнийг бор цаасаар хийвэл илүү бат бөх бөгөөд хуучны юм шиг харагдах болно. Ашиглагдахаа больсон хуучин номны цаасыг дээрхтэй адил хайчилж нугалсаар сүүлийн шатанд ирмэгцээ гадагш нь нугалж барихад цэцэгний нэг дэлбээ үүснэ.
2. 5 дэлбээг нийлүүлж нэг цэцэг болгоод түүгээрээ гацуурын чимэглэл хийж болно. Эсвэл7 цэцэг нийлүүлж байгаад нэг цэцгэн бөмбөлөг болгож болно.

4.
Цацагтай бөмбөлөг
1. Зузаавтар хээтэй цаасыг ашиглан:
1x12 инчийн хэмжээтэй 2
1.25x8 инчийн хэмжээтэй 4
1.5x10 инчийн хэмжээтэй 2
Нийт 8 ширхэг тууз хайчилж бэлдээд 2 дахь зургийн дагуу харалдаа харалдаа туузыг хооронд нь нааж 5 тууз болгоно.
2. Туузаа баянхуур юм уу дэвүүр шиг хоёр тал руу нь ээлжилж нугална.
3. Туузныхаа хоёр үзүүрийг нийлүүлж цавуудаж байгаад төв рүү нь цуглуулан, голд нь нааж жижиг дугуй хэлбэртэй болгоно.
4. Бэлэн болсон 5 ширхэг дугуйгаа дээр дээрээс нь дарааллын дагуу нааж тогтооно. Наахдаа зөвхөн дугуйны төв цэгт нь л цавуу дусаагаарай.
5. Хатсаных нь дараа орой дээр нь олсны өөдөс наагаад өлгөхөд бэлэн боллоо.

5.
Модонд ургасан алмааз эрдэнэ
1. Өөрийнхөө олж чадах хамгийн хатуу цаасыг ашиглан хийгээрэй. Эхлээд ноорог, тоон шугамтай цаасан дээр том дугуй зурж байгаад, түүнийгээ 10 тэнцүү хувааж, дээрх алмаазын загварыг гаргаж авна. Загварынхаа дагуу хатуу цаасаа хайчилж ирмэгүүдийг нь цавуугаар холбож хатаана.
2. Хатсаных нь дараа алтлаг, мөнгөлөг будгаар будаж, оройгоос нь утас юм уу зэс утас холбоод өлгөнө.

6.
Хуучны орос тоглоом
Бага байхад яг ийм хэлбэртэй, саагаар хийсэн өнгийн тоглоомнууд сүлд модондоо өлгөдөг байснаа санаж байна уу? Одоо илүү гоёмсог цаасаар бага насны дурсамжаа хүүхэддээ бэлэглэцгээе. Урт богиноороо ялгаатай 5 цаасан тууз хайчилж байгаад богиноос нь урт хүртэл дараалалтайгаар үзүүрүүдийг нь дээр дээрээс долгиотуулж наахад л хангалттай. Хатуу бөгөөд өөр өөр өнгийн цааснууд хольж хийвэл үүнээс ч илүү хөөрхөн харагдана.

7.
Цасан ширхэг 1
1. Тэг дөрвөлжин цаасыг голоор нь нугалаад, бие биенийхээ дотор орсон 5 ширхэг гурвалжин зурна. Цаасаа нугалсан чигээр нь гурвалжингийнхаа хоёр талаар хайчилж, зөвхөн дээд үзүүр хэсгийг нь холбоотой чигээр нь үлдээнэ.
2. Цаасаа дэлгэхэд хоёр талаараа онгорхой, дээд доод хэсгээрээ битүү ромбо дүрсүүд бий болсон байна.
3. Голын жижиг ромбыг хоёр талаас нь дугуйруулж эвхээд үзүүрийг нь наана. Цаасаа нөгөө тийш нь харуулж байгаад голоосоо хоёр дахь ромбыг наана. Энэ мэтчилэн ээлжилж наасаар цасан ширхэгийн нэг талст бэлэн болно.
4. Яг ийм 6 ширхэг талст бэлдээд хооронд нь дугуйруулж наахад гайхалтай хээтэй цасан ширхэг бий болох болно.

8.
Цасан ширхэг 2
1. Урт богиноороо 3 өөр хэмжээтэй, хоёр хоёроороо хос 6 ширхэг тууз хайчилна. (5 см-тай 2, 7 см-тай 2, 9 см-тай 2 г.м)
2. 6 туузныхаа үзүүрүүдийг чимхэж наагаад цасан ширхэгийн нэг талстыг бий болгоно.
3. Дээрхийн адилаар 9 ширхэг талст хийгээд, голд нь нэг цагираганд холбож наана.

9.
Салфеткан баллетчин
1. Зэс утсаар хүний дүрс хийгээд, цагаан өнгийн туузан скочоор бүхэлд нь бүрж орооно.
2. Биеийнхээ нэг талд тарган цавуу түрхэж, нарийн ширхэгтэй саа цацаад хатмагц нь нөгөө тал руу нь харуулж байгаад ахин саа цацна.
3. Баллетчиний бүсэлхийнээс 4 дахин орчим урттай, тэгш өнцөгт хэлбэрийн салфетка хайчлаад, нарийн утсаар дээд талыг нь чимхэж юбканы эсгүүр шиг болгоод баллетчиндаа өмсүүлнэ.
4. Хормой хэсэгт нь үл ялиг цавуу цацаж байгаад алтлаг өнгийн саа цацаж хатаана.
5. Баллетчиний хөдөлгөөнөөс хамаараад гар юм уу толгой хэсэгт нь өлгөх утсаа болгоомжтойгоор оёж тогтооно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.