Нэг баримтаар гурван удаа сугалаанд оролцох боломжтой

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 06 ・ 4

Нэг баримтаар гурван удаа сугалаанд оролцох боломжтой

 

Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулиар татвар төлөгчид нийт төлсөн татварынхаа 20, худалдан авалтын үнийн дүнгийн хоёр хувийг урамшуулал болон сугалаа хэлбэрээр буцаан авах боломжтой болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд энэ урамшуулал иргэдэд хэрхэн хүрч байгаа болон аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудалтай танилцахаар өчигдөр “Мини хайпер маркет”-д худалдан авалт хийж, баримтаа www.ebarimt.mn-д бүртгүүлэн баталгаажууллаа. Тэрбээр энэ үеэр“Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сонгон худалдан авалт хийж үзлээ. Миний гарт байгаа энэ баримт хуулийн дагуу татварын бодолт хийж дахин давтагдашгүй дугаар, төрөөс явуулж буй сугалаанд оролцох эрхийн бичигтэйгээ гарч ирлээ” гээд Засгийн газраас уг хуулийн хэрэгжилт болон иргэдэд очиж байгаа үр өгөөж, аж ахуйн нэгжүүдийн идэвх санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Үүний дараагаар албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр“Иргэн бүр худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах хэрэгтэй. Худалдан авалтынхаа баримтыг авснаар татварын хөнгөлөлт эдлэхээс гадна зөвхөн татварын байцаагч бус Монгол Улсын бүх иргэн татварын хяналт тавих боломжтой болж байгаа юм.

Ингэснээр иргэдийнхээ оролцоотой эдийн засгийг ил тод болгож байгаагаараа давуу талтай. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа“Татварын баримт авъя. Би худалдан авалтынхаа хоёр хувийг авч, сугалаанд оролцоно гэж нэхэж авах хэрэгтэй” гэв. Мөн НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлснээр иргэн бүр худалдаа, үйлчилгээний газруудад кассын машинтай бол, нэгдсэн системд холбогд зэрэг шаардлагыг тавьж эхэлнэ гээд Ерөнхий сайд энэ хуулийн хэрэгжилтэд иргэд, аж ахуйн нэгж идэвхтэй оролцохыг уриаллаа. Ингэснээр Монгол Улсын татвар болон төсвийн орлого нэмэгдэх, макро эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, тэр тусмаа далд эдийн засгийг ил болгох чухал ач холбогдолтойг онцлов. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас иргэдэд хэвлэн өгдөг баримтыг шинэ стандарт бүхий загвараар баталжээ. Тус баримтад тухайн худалдаа эрхлэгч байгууллагын нууцлалын бар код, лого, татвар төлөгчийн дугаар, худалдан авагчийн үнийн дүнгийн мэдээллийг багтаасан байна.

Уг баримтад үндэслэн иргэд, аж ахуйн нэгжид НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгосноор урамшууллын сугалаанд оролцох боломжтой болох юм. Үүнд, дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн татвар хамаарна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 32 мянган кассын машинаас мэдээлэл илгээж, 900 орчим аж ахуйн нэгж холбогдсон байна. УИХ-ын хаврын чуулганаар баталсан НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхлээд дөрөв хонож байна. Энэ хугацаанд 170 мянган цахим баримт хэвлэж, сугалаанд оролцох, хоёр хувийг буцааж авах эрхээ авчээ. Татварын ерөнхий газрын Төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга “Манай системийн давуу тал нь заавал газар дээр нь бүртгүүлэх шаардлагагүй. Тухайн сардаа болон жилдээ багтаан бүртгүүлэхэд урамшуулал орно. Харин тухайн сугалааны дугаар, үнийн дүнг өөр хүн таны өмнөөс бөглөвөл урамшуулал хүчингүй болохыг анхааруулъя.

Өөрөөр хэлбэл, өөр хүн бүртгүүлсэн байвал цаад хүний нэр дээр хоёр хувийн буцаалт, сугалаа очно гэдгийг санаж, аль болох яаралтай бүртгүүлэх шаардлагатай. Үндсэн сугалааны тохирлыг сардаа 2-3 удаа зохионо. Тиймээс иргэд баримтаа хаялгүйгээр нэг баримтаар гурван удаа сугалаанд оролцох боломжтой. Баримт хэвлэж өгөхгүй байгаа газраас системд холбогдсоных нь дараа баримтаа заавал авах шаардлагатай. Учир нь, та хоёр хувийн буцаан олголт, сугалаанд оролцох томоохон боломжоо тухайн байгууллагад орхиод явж байна гэсэн үг. Мөн ямар ч интернэтгүй болон хөдөө орон нутгийн иргэд төрийн үйлчилгээний цахим машинд баримтаа бүртгүүлэх боломжтой” гэлээ.


М.ЭНХЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: