Хөгжим намайг өөр ертөнцөд аваачдаг

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 08

Төгөлдөр хуурч Ү.Уртнасан:

12282837_460376764148800_1956872606_n

Ave: Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

Уртнасан: Сайн байна уу? Намайг Үнэнхүүгийн Уртнасан гэдэг. Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурчаар МУГЖ Ч.Тунгалаг багшийн удирдлага дор 12 жил сурч төгссөн.

Ave: Анх та хэзээнээс төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн бэ?

Уртнасан: Анх би 2001 онд төгөлдөр хууран дээр до нот сурч байлаа. Аавыгаа дагаж ажил дээр нь их очдог хүүхэд байлаа. Тэгээд л төгөлдөр хуур тоглож сурсан даа.

Ave: Тэгэхээр таныг мэргэжлийн төгөлдөр хуурч болоход юу нөлөөлсөн бэ?

Уртнасан: Миний гэр бүл гурван үеэрээ урлагийн хүмүүс байж ирсэн. Цаашид ч байсаар байна байх. Аав маань дуурийн дуучин, ээж минь хөгжимчин харин хоёр өвөө маань дуучин, хөгжимчин, гавъяат жүжигчин хүмүүс байсан. Тиймээс намайг төгөлдөр хуурч болоход удам угсаа минь хамгийн гол нөлөөг үзүүлсэн байх гэж боддог.

Ave: Яагаад та төгөлдөр хуурыг сонгосон юм бэ?

Уртнасан: Гэр бүлийнхэн дунд маань төгөлдөр хуурч хүн байгаагүй ч гэсэн би энэ хөгжимд багаасаа л их дурладаг байсан. Гэхдээ би яг яагаад сонгосон гэдгээ сайн санахгүй байна.

12285742_460377484148728_758994239_n

Ave: Төгөлдөр хуурт зориулж бичсэн монгол хөгжмийн зохиол ховор байх. Тиймээс та өөрөө хөгжмийн зохиолоо бичих талаар бодож үзсэн үү?

Уртнасан: Тийм шүү. Ер нь бол ховор байдаг. Гэхдээ одоо зохиомжоор сурч байгаа манай оюутнууд эхнээсээ энэ тухай бодоод, зохиож эхлэж байгаа. Тэгэхээр нэг их удахгүй төгөлдөр хуурт зориулж бичсэн, час хийсэн, сайхан зохиол гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Харин хөгжмийн зохиолоо өөрөө бичих талаар би бодож байгаагүй юм байна. Яагаад гэвэл тэр чинь бас их нарийн, ондоо авьяас шаарддаг гэж би хувьдаа боддог. Надад тэр авьяас нь байхгүй юм шиг санагддаг.

Ave: Төгөлдөр хуурыг хөгжмийн хаан гэлцдэг. Яагаад тэр юм бол?

Уртнасан: Төгөлдөр хуураар оркестор буюу симфони, найрал хөгжмийн бүх зэмсгийг илэрхийлж болдог. Мөн миний хувьд энэ амьдралын бүх сайн, сайхан зүйлс төгөлдөр хуурт багтсан байдаг юм шиг санагддаг. Тийм болохоороо л хаан хөгжим гэгддэг байх.

Ave: Хамгийн анх та ямар зохиол тоглож байсан мөн төгөлдөр хуураас өөр ямар хөгжим тоглодог талаараа ярихгүй юу?

Уртнасан: Анх би Моцартын “Увидаст лимбэ” дуурийн нэг хэсэг болох хүүхдэд зориулж бичсэн дуунаас нь тоглож байсан. Төгөлдөр хуураас өөр хөгжим гэвэл одоохондоо би сураагүй л байна. Ер нь дэлхийн алдартай дуучин, удирдаач гэсэн хүмүүсийн суурь нь төгөлдөр хуураас л эхэлсэн байдаг. Тиймээс би эхлээд төгөлдөр хуураараа илүү сайн мэргэшчихээд дараа нь өөр хөгжим тоглож сурах ч юм уу эсвэл үргэлжлүүлэн сурна гэсэн бодолтой байгаа.

Ave: Таныхаар хөгжимчин байхын хамгийн хэцүү болоод сайхан нь юу вэ?

Уртнасан: Хамгийн хэцүү нь гэвэл зарим үед би үнэхээр шантардаг. Яг 4-6-р ангидаа би маш их шантарч байсан. Мөн их сургуульд орсон жилдээ би бараг больдог ч юм билүү гэж бодож байсан. Одоо бол бүхэл бүтэн 14 жил суралцчихаад шантарч, гутрах асуудал байх ёсгүй гэж би боддог. Тиймээс би ямар ч хүнд хэцүү үе тулгарсан “Бусад хүмүүс сурч болоод байхад би тэднээс юугаараа дутуу юм бэ?” гэж бодоод л өөрийгөө зоригжуулж, өөртөө урам зориг өгч давдаг даа.

Харин хөгжимчин байхын сайхан нь гэвэл би энэ хөгжмийг тоглож сурснаараа өөрийгөө хамгийн азтай хүн гэж боддог. Хүн бүрт заяагаад байдаггүй авьяас надад заяасан гэдгийг мэдрэх үнэхээр сайхан. Мөн уралдаан тэмцээн дээр бэлдсэн тоглолтоо хүмүүст сонсгож, түүнийхээ эцсийг үзэж “Үнэнхүү Уртнасан Монголиа” гээд л дэлхийн олон улсын хүүхдүүдийн өмнө нэрээ чангаар дуудуулж, өөрөөрөө болон багшаараа бахархах нь хамгийн сайхан нь юм уу даа.

12285922_460377487482061_323941088_n

Ave: Чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?

Уртнасан: Ер нь бол би дуурь болон балет үзэх их дуртай.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх