Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 08

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа тохиож, ХҮII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жил айсуй энэ цаг дор “Түвдэнпэлжээлин” хийдийн Тэргүүн хамба, зурхайч Ж.ГОНЧИГСҮРЭНТЭЙ утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.
Хэдэн жилийн өмнө хамбатай уулзаж, мөн л энэ чиглэлийн ярилцлага авч байсан болохоор ихэд танимхайрхан эелдэг хандсаныг дашрамд тэмдэглэх нь зүйтэй болов уу!
Ирж буй гал бичин жилийн ерөнхий төлөв таны зурхайд хэрхэн бууж байна вэ?
-Энэ жилийн ерөнхий төлөв нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй байхын зэрэгцээ халуун өвчин гарах магадлал өндөр байгаа юм. Мал сүрэгт ээлтэй ч, хямрал их байх бололтой. Мөн залуус амгалан хэдий ч нялхас өтгөсөд ширүүн жил байх төлөв ажиглагдаж байна.
“Муу нүүрт” хэмээх тодотгол нь ямар утга санааг илэрхийлж буй юм бол?
-Ер нь жаран жил өөрийн гэсэн оноосон нэртэй байдаг. Гэхдээ тухайлсан нэрээр нь муу, сайн жил болдог гэсэн ойлголт байхгүй л дээ. Тухайлбал, өнгөрч буй хонь жилээр авч үзэхэд галзууруулагч, согтууруулагч гэсэн тодотгол дагалдаж байсан ч жил нь тийм гээд галзуураад, согтуураад байгаагүй л байх.
Монголчуудын сэтгэхүйд “Бичин жилийн зуд” гэсэн үг гүн шингэсэн байдаг. Тийм болоод ч тэр үү, хүн бүр л зуд болно гэсэн ойлголттой байх шиг…
-Гал бичин жил энэ сарын 9-ний өдрөөс эхэлнэ. Бичин жилд бусдаасаа ялгарах зүйл байхгүй ээ. Тэгээд ч бичин жил бүр ган, зудтай байдаг гэвэл том эндүүрэл болно. Энэ жил “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байгаа болохоор л, хүмүүс энэ нэрэнд нь ач холбогдол өгч, муу жил болох нь гэж ойлгоод байгаа юм. Гэтэл “Муу нүүрт” гэдэг нь ерөөсөө гал бичин жилийн оноосон нэр шүү дээ.
Товчхондоо, жилийн ерөнхий өнгийг гаргаснаар хүмүүст анхааруулга өгч, аливаад болгоомжтой хандаж, зөв чигт нь залж байгаа явдал юм шүү дээ. Ухаан нь, зундаа ган болно гээд ерөнхий төлөв гараад ирэхээр тариаланчид урьдчилан арга хэмжээ авдаг ч к»м уу, өвөлдөө зуд болно гэхээр малчид эртнээс хадлан тэжээлээ бэлтгэж. бэлчээрийн зохицуулалтаа хийх жишээтэй. Ер нь тэгээд тэртэй, тэргүй зуд болно гэсэн гээд гараа хумхиад хэдэн малаа барахыг хэн ч хүсэхгүй биз дээ.
Ер нь тухайн жилийн өнгө хүмүүс бидний аливаа үйлдлээс хамааралтай ч юм шиг…?
-Тэр үнэн. Аливаа үйл эзэнтэй байдаг. Биеэр үйлдсэн, хэлээр үйлдсэн, сэтгэлээр үйлдсэн үйл гэж байдаг. Тийм учраас ирэх жилийн өнгө ямар байх нь Монголчууд бидний хийсэн үйлээс л шалтгаална. Тэгэхээр бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг хичээж, эв найрамдалтай байж чадвал, бид ирж буй бичин жилийг ямар нэг айдас, хүйдэсгүй давж чадна гэдгийг хэлэх байна. Ер нь муу жил гэж хэзээ ч байдаггүй юм. Өглөг буян, тэвчээр, хичээнгүй, сахилга баттай байхыг хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй.
Бичин жилд гал голомтоо бадрааж, хурим найр хийж болдоггүй гэдэг нь үнэний хувьтай юу?
-Ерөөсөө худал яриа. Бичин жилд хүн төрж.үхэж болохгүй гэсэн зүйл байдаггүй биз дээ. Аль ч жилд хүн төрж л байдаг, үхэж л байдаг. Үүнтэй л адил. Бичин жилд Балжинням, Дашнямтай өдөр, Дүвжир барилдлагатай өдрүүд тохиодгоороо л тохионо. Тийм учраас өдөр судраа үзүүлж, лам багш нараасаа асууж байгаад гал голомтоо бадраахад буруу юм огтхон ч байхгүй.
“Дүвжир барилдлага” гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Жилийн хамгийн сайн өдрүүдийг ингэж нэрлэдэг юм. Жишээлбэл, Пүрэв гариг жил, өдөртэй давхцахыг “Пүрэвжалын Дүвжир” гэдэг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.