Н.Жанцанноров: Хэнээр ч амаа бариулахгүй, яагаад гэвэл би зүгээр нэг баарны дуучин биш

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 25

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж байгаа билээ.  Тэгвэл энэ удаагийн дугаартаа Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноровын  “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.



-Та өөрийгөө танилцуулах­­гүй юу.  Нэр, нас, өндөр гээд л...?

-Намайг Н.Жанцанноров гэдэг. Би 17 дугаар жарны шороон үхэр жил буюу 1949 онд төрсөн. Харин иргэний үнэмлэх дээр 1948 онд төрсөн гэж бичсэн байгаа.  Тэгэхээр одоо 70 дөхөж байна гэсэн үг үү. Ингэж төрсөн он иргэний үнэмлэх дээр зөрүү байгаа нь учиртай, 1956 онд Монгол Улсад хүн амын тооллого болсон. Тэр үеэр хүүхдүүдэд төрсний гэрчилгээ олгож эхэлсэн. Түүнээс өмнө гэрчилгээгүй байсан юм. Намайг сургуульд ороход манай эцгээс “Танай хүүхэд хэдэн настай вэ” гэж асуухад нь “Ирснээр нь хэлэх юм уу, гарснаар хэлэх юм уу” гэж өөдөөс нь асууж. Тэгэхээр нь сургуулийнхан “Хүн юм чинь ирснээр нь хэлнэ биз дээ” гэхгүй юу. Тэгээд есөн настай гэж хэлсэн гэсэн. Аав маань ээжийн гэдсэнд бүрэлдсэн жилийг оролцуулж, есөн настай гэж хэлж. Ингээд л иргэний үнэмлэх дээр 1948 онд төрсөн гэж бичсэн хэрэг. Би гуравдугаар бүлгийн цустай. Гайгүй элбэг цусны бүлэг гэж үздэг. Өндөр 180 см. Жин 80 кг. Мэргэжил гэвэл, би хөгжмийн зохиолч, хөгжим судлаач. 

-Та ямар шашин шүтдэг вэ?

-Би өөрийгөө шашин шүтэгч гэж зоригтой хэлж чадахгүй. Харин эрхэмлэгч бол мөн. Тийм болохоор бурханы шашныг эрхэмлэгч гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, би бурханы шашныг байгаль, хүн хоёрын харилцаанд хийж байгаа үзэл санааг нь хүндэтгэдэг. Тиймдээ ч ёс жаягийг нь дагахыг хичээдэг. Тэгээд жилийн заслаа өөрийнхөө итгэлтэй хүмүүсээрээ хийлгэчихдэг. Түүнээс биш шүтэгч бол биш. Яагаад гэвэл бид чинь шашингүй үзлээр өссөн. 1990 оноос хойш шашин сайхан дэлгэрсэн болохоор би шашин шүтдэг гэж худлаа яриад яахав. Бид чинь шашны их нимгэн боловсролтой хүмүүс шүү дээ.
 
-Та гэр бүлээ танилцуулаач?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том охин маань мэргэжлийн морин хуурч. Миний найз, морин хуурч Батчулуун морин хуур зааж өгч, мэргэшүүлсэн. Одоо Морин хуурын чуулгад ажилладаг. Дараагийн охин маань нягтлан бодогч мэргэжилтэй. Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа. Миний хүү Японд Урлагийн их сургууль төгссөн. Мэргэжил нь хөгжмийн зохиолч, урлагийн менежер. Баг охин маань Дүрслэх урлагийн их сургуульд зураач мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Бас сайхан дуулчихна.

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг. Тэгвэл таны хэлэх дуртай үг?

-Тийм үгэнд дуртай гэж онцгойлж хэлэх юм алга. Гэхдээ “Мэдээний хэрэг” гэж нэг үг бий. Болох юм болдгоороо л болж гэсэн санаа. Мэдээж шүү дээ, мэдээний хэрэг гэдэг үгийг л их хэрэглээд байдаг юм. 

-Сонирхол болон хобби тань юу вэ?

-Хүмүүс болохоор марк энэ тэр гээд янз бүрийн юм цуглуулдаг гэсэн. Надад бол цуглуулаад байсан юм байхгүй, ховор. Оюутан байх үеэс үзэг нэлээд сонирхож, цуглуулж байсан. Сүүлийн үед компьютер гараад, үзэгний хэрэгцээ ч бага болсон байна. Тэгээд ч зав зай бага болохоор үзэг цуглуулахад нэг их анхаарсангүй. Ерөнхийдөө хоббидоо гаргах цаг бага байж. 

-Бүр багадаа та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

-Их тодорхой. Би математикч болно гэж боддог байсан. Түүгээрээ их амжилт гаргаж байсан. Математикийн уралдаан тэмцээнд их ордог байлаа. МУИС-ийн Механик инженерийн ангийн хуваарь өгч байсан шүү, 10 дугаар анги төгсөхөд. Ерөнхийдөө математик талдаа гайгүй байсан. Би багаасаа л тоогоор амьдралаа авч явж байсан гэх үү дээ. Манай нутаг айраг сайтай газар. Айргийг нэг саамны хооронд  2500-гаас доошгүй бүлэх ёстой байлаа. Би ганцхан ахтай. Надаас дөрвөн насаар ах. Бид хоёр л айргаа халуун наранд бүлнэ.  Ахтайгаа хоёулаа хуруудана. Хожигдсон нь 100 бүлэх ёстой.  Хэрвээ хуруудах болгондоо хожигдвол сугаа өвдтөл айргаа 2500 удаа бүлнэ биз дээ. Тэгэхээр ахыг хожихын тулд хуруугаа яаж гаргах вэ гэдгээ тооцно. Манай нутагт  20 хурууны хуруу гэж байдаг, дэмбээнээс арай өөр. Түүнээс гадна ах намайг хуурч, 99 юм уу98 бүлэх гэж байна уу гэдгийг хянаж суух хэрэгтэй болно. Тэгээд ах 1500 бүлэх ёстой бол яс тоолно. Өчигдөр ах 1500 бүлсэн, би 1000 бүлсэн. Өнөөдөр чадвал 1600 удаа бүлүүлж чадвал сайн. Сард миний ах тэдэн мянга бүллээ гэдгийг ч тооцож байх ёстой. Тэгээд хонь, хурга тоолох гээд л тооны хичээл багаас минь миний толгойд сууж байсан хэрэг. 

-Тэгвэл та яаж яваад хөгжмийн зохиолч болчихсон юм бэ?

-Багшийн сургуулийн хөгжмийн ангийг Д.Жанчив гэдэг хүн байгуулсан юм билээ. Тэр сургуулийн анхны төгсөгчдийн нэг болох н.Очирбат гэдэг багш манай Хужиртын 10 жилд дууны багшаар очсон юм. Их хөөрүү сэтгэлтэй, сайхан хүн байсан. Сүүлд хөгжмийн мэргэжилтэй болоод, багшийнхаа тухай эргээд бодоход тийм ч өндөр боловсролтой хүн байгаа юм билээ. 

Чингис хаан Самаркандаас Алтай даваад орж ирэхэд нутаг нь цэнхэртээд харагддаг зураг байдаг юм. Тэр хэсгийн аялгууг олчихоод, симфони оркестр ингэж тоглонодоо гэж төсөөлөх үед нулимс унаж байлаа. Өмнө нь зургийг нь үзсэн байсан болохоор аялгуугаа бодоод, төсөөлөхөд үнэхээр сэтгэл хөдөлдөг юм билээ. 

Гэхдээ хөгжмийг сайхан гэдгийг хүмүүст ойлгуулж, мэдрүүлж чаддаг тийм хүн байсан. Би айрагтай газрын хүүхэд учраас багаасаа л уртын дуу дуулдаг байсан. 100-гаад уртын дуу мэддэг байсан шүү. Тэгээд л н.Очирбат багш ирж, бүлгэм байгуулахад би баян хуур хөгжим тоглодог болсон. Үлээвэр хөгжим ч тоглоно. Хужирт тухайн үедээ соёл урлаг их өрнөсөн газар байлаа. Яагаад гэвэл улсын амралт байсан. Гадаадууд ирсэн ч Хужиртаар, Эрдэнэзуугаар орно. Социализмын үеийн юм яриад байна шүү би. 

Харин амралтад Улаанбаатар хотоос томчууд очиж амарна. Тиймээс хөдөөгийн бөглүү сум шиг биш газар байсан.  Тийм болохоор бүлгэмд ороод, хөгжим тоглож, амрагчдад тоглолт хийж өгдөг байлаа. Ингээд л 10 дугаар анги төгссөн. Надад Механик инженерийн ангийн хуваарь байсан. Гэтэл багш маань манайд мотоцикльтой очоод, аавтай уулзаж, өөрийнхөө төгссөн сургуульд оруулмаар байна гэж хэлсэн. Гэтэл аав маань “Би 10 жилийн өмнө энэ хүүхдийг засагт өгсөн. Тийм болохоор засаг л толгойг нь мэдэх ёстой. Та нар аваад яв” гэсэн. Тэгээд л багш дагуулж ирээд, Багшийн сургуульд шалгалт өгүүлсэн. Шалгалтын хугацаа дууссан хойно ирсэн болохоор тэтгэлэггүй орж байлаа. Харин хагас жилээс хойш хасагдсан хүүхдийн оронд орж, жинхэлж байсан юмдаг. Ингэж л Багшийн сургуулийн хөгжмийн ангид орж, хөгжмийн зохиолчийн замыг сонгосон доо.

-Та хэрвээ бухимдвал яаж тайлдаг вэ?

-Бухимдуулаад байгаа зүйлээсээ өөр юм боддог. 

-Хүмүүс таныг ямар зан чанартай гэдэг вэ?

-Тэднээс л асуусан зөв байх.
 
-Харин та өөрийгөө юу гэж боддог вэ?

-Би илэн далангүй маягийн л хүн. Тийм болохоор илэн далангүй хүн юмдаа гэж бодоосой гэж хүсдэг юм болов уудаа. Бусдаас л энэ талаар асуусан дээр байх. 

-Таны хамгийн дуртай спорт?

-Багийн спортуудад дуртай. Тулааны спортод бол дуртай биш. Бокс, сэлэм жадаар тулалддаг спортыг би спортоос арай өөрөөр ойлгодог. Харин багийн спорт бол агуу. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийг үзэх дуртай. Багийн спорт чинь их сайхан шүү дээ. Залуудаа би сагс их тоглож байлаа. 
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх