Буйдхан нутгаас төрсөн буурал зохиолч Б.Бааст

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 28 ・ 1

Тэртээ 1921 оны хавар алс баруун хязгаар, Алтайн уулсын бэлд нутаглах малчин ард Бөхийн хүү болон мэндэлсэн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст өнөө жил 95 насны босго алхаж, үр ачаа тойруулан өнөр өтгөн жаргаж сууна. Хүүхэд багын л “Хөвчийн бор”, “Гурван ишиг” тэргүүтэй зохиол бүтээлээр нь эчнээ таньдаг байсан энэ эрхэм өдий өндөр насалсан ч бие эрүүл, ухаан саруулхан хэвээр.



Шавилхан биетэй ч шаггүй хөдөлгөөнтэй энэ буурай Ардын хувьсгалтай нас чацуугийн хувьд “амьд хууч” болсон нэгэн. Тэр ч бүү хэл 87 жилийн намтар түүхтэй Монголын зохиолчдын эвлэлээс найман насаар “ах” гэхээр эгээ л нэгэн зууны түүх хүүрнэх амьд архив гэлтэй. Түүний төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум тухайн үед Хаш, Улаанхаргана, Цагаантүнгэ, Баянбулаг зэрэг газар орныг багтааж, Чандмань уул аймгийн Мээрэнгийн хошуу хэмээгдэж байв. Түнгэ, Хоогийн булгаас ундаалж өссөн түүнийг домботой цай даах төдий балчир амьтан байхад ижий нь бурхан болсон гэдэг. Тэрээр энэ тухайгаа хуучилахдаа “Намайг ухаан орсон төдий жаахан юм байхад ижий минь бага дүүг гаргаад хүндээр өвдсөн юм. Тэр даруй нь аавын ах ламын гэрийг нүүлгэн ирж, эмэг эхэд маань ах дүүс биднийг тушаачихав. Тэр хахир чавганц биднийг аав, ээж хоёр руу ч явуулахгүй хар цай, хатуу хуруудаар л хооллодог байв. Нэг өдөр эмэг маань намайг дуудаад томоо домботой хар цай, хоёр аяганы хамт өгөөд “Аав, ээж хоёртоо оруулж өг” гээд явуулсан юм. Ижийнхээ барааг харах аз таарсан би ч хөлийн хурдаар гүйсээр гэртээ хүрвэл үс нь сэгсийж, нүүр нь үрчийсэн ижийг минь аав дээлэнд ороон тэврээд хоёул дуу шуу ч үгүй сууж байсансан. Авчирсан цайгаа аягатай нь тулга бараадуулан тавьчихаад зогсч байтал ижий минь дуудаад үнсч билээ. Тэр явдлаас хойш хоёр, гурав хоноод ээж минь өөд болсон доо. Тэр олон ах, эгч нараасаа ижийнхээ барааг хамгийн сүүлд харж, үнсүүлсний хувьд би их азтай хүн” хэмээсэн удаатай. Ганц биеэр үлдсэн аав нь гадаа гарч эр, гэрт орж эм болон явсаар өнчирч үлдсэн үр хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гэдэг. Хувьсгалт тэмцэл өрнөж, улс орон ундуй сундуй байх цагаар эцэг нь ийн өрх толгойлж үлдсэн нь хүнд бэрх байсан нь мэдээж. Тиймдээ ч гурван хүүхдээ айлд өргүүлж Б.Баастыг ч бага балчир юм гээд хүнд өргүүлчих дөхсөн гэдэг. Ийм л хатуу бэрх цагт төрж өссөн болохоор Б.Бааст багын л эрдэм сурах их хүсэлтэй, сэргэлэн цовоо, сийрэг толгойтой нэгэн байв.


Бага залуугаасаа л уйгаржин монгол бичигт шамдан суралцаж улмаар 15 насандаа “Миний нутаг” хэмээх анхны шүлгээ бичсэн нь үгийн урлагийн ертөнцөд хөл тавих үндэс суурь нь болж. Бага сургуульд сурч байхдаа сумынхаа зангийн тухай ардын дунд ам дамжсан яриаг сургуулийнхаа сонинд дөрвөн мөр болгон сийрүүлсэнд Тамгын түшмэд Түвшинбат гэдэг хүнд хацраа хорстол алгадуулсан гэдэг. Түшмэд ноёноос банга хүртсэн эл явдлаа “Тамгын түш­мэдэд алгадуулна гэдэг одоо­гийнхоор бол зохиол бичих эрхээ хасуулснаас ялгаагүй хэрэг” хэмээн хуучилсан удаатай. Ийн элдэвийг эрээчин, сүүл толгой холбож явсан тэрээр 1936 онд Ховдод очсон нь зохиол бичихэд нь ихэд нөлөөлсөн гэдэг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 29/

    Төрсөн дүү Б.Амаржаргал нь хаана байдаг бол,хамт нэг дор ажиллаж байсан юмсан,амьд мэнд бол нэг уулзаж учрах юмсан.

    Хариулах