Зээл олгох дамжлагыг цөөлбөл хүү нь буурах боломжтой

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 03 сар 29 ・ 1

 

        Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт амьдарч буй иргэд энэ ондоо багтаан орон сууцыг жилийн таван хувийн хүүтэй зээлээр авах боломжтой гэнэ. Энэ бол сайхан мэдээ... Гэвч энэ боломж орон сууцны зээл авахыг хүссэн иргэдэд гадаадын хөрөнгө оруулалт сэргэх, эдийн засгийн бусад эх үүсвэрээс хангалттай хэмжээний орлого төвлөрөх мөчид бүрдэх юм. Хэрэв улсын төсвийн гүйцэтгэл тааруу, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан хэвээр байвал төвийн зургаан дүүрэгт орон сууц зээлээр авах хүсэлтэй иргэд найман хувийн хүү төлөхөөс аргагүй тухай эрх баригчид албан бусаар мэдээлээд байгаа. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Оюутолгойн мөнгө орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна” гэж ярьжээ.

 

Одоогийн байдлаар нийс лэлийн төвийн зургаан дүүргээс бусад байршилд орон сууцны зээлийн хүүг таван хувь болгосон. Энэ нь иргэдийн дунд улстөржих боломжийг олгож байгаа. Товчхондоо “Сонгууль угтсан арга хэмжээ мөн үү үгүй юу?”... Чухамдаа энэ асуултад одоо хүртэл эцсийн хариултыг олоогүй байна. Үндсэндээ өмнөх жилүүдээс инфляц нам дор төвшинд хүрсэн нь зээлийн хүү буурах бодит алхам болсон. Гэтэл баргийн зүйлд итгэл нь сэргэхээ байсан. Монголчууд инфляцын төвшин буурсан гэдэг дүгнэлтэд ч мөн эргэлзсэн байдалтай байна. Цаашлаад сонгууль өнгөрөөд орон сууцны зээлийн хүү буцаад өсч магадгүй гэсэн айдастай. Мөн орон сууцны үнэ өсөх байх гэсэн муу зөгнөлтэй аж төрж байна. Учир нь, найман хувийн зээл хэрэгжиж эхлэх үед эрэлт ихэсч орон сууцны үнэ огцом нэмэгдсэн. Тиймээс ийм байдал үүсэх вий гэсэн болгоомжлол иргэдэд бий. Тэгвэл багахан цаг хугацааг “ухраагаад” түр саатвал Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй үргэлжилж байсан орон сууцны зээлийн хүүг боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, зогсоосон. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн багийн хан Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд жилийн найман хувийн хүү тохирно хэмээн тооцоолсон. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд намынхаа өмнөх даргын хийсэн тооцоог үгүйсгэж, түүний боломжгүй гэж үзсэн хүүгийн төвшнөөс нэг хувиар бууруулав. Бид уг нь нэн түрүүнд З.Энхболд бол УИХ-ын дарга болохоос Ерөнхий сайд биш гэдгийг санах хэрэгтэй. Гэсэн хэдий ч сонгууль дөхсөн энэ үед ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх хүртэл дэргэдээ томилж, халамжийн бодлогод ханцуй шамлан дайран оров. УИХ-ын дарга өөрийн дэргэд зөвлөх сонгож явахаар мэргэжлийн байнгын хороодтойгоо зөв лөлдөж болоогүй шалтгаан нь нууц байгаа. Үүнээс гадна сар орчмын өмнө Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Ипотекийн зээл одоо үргэлжилж байна. Санхүүжилт хийсэн нөхцөлд цаашдаа ч үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ орон сууцны зээлийн урьдчилгааг өөрчлөх ямар ч боломжгүй. Хүүгийн хэмжээг ч өөрчлөх шаардлагагүй гэж бид үзэж байгаа” гэж мэдэгдсэн атлаа эцсийн бүлэгт “толгой дохив”. Угтаа орон сууцны таван хувийн зээлийн хүү гэдэг жилийн таван хувийн хүүтэй мөнгө зээлдэнэ л гэсэн үг. Үнэндээ ийм бага хүүтэй мөнгийг Монголын зах зээлээс хайгаад олохгүй гэдэг нь ойлгомжтой. Арилжааны банкууд хадгаламжаа дунджаар жилийн 13 хувийн хүүтэй татаж байна. Ийм байтал жилийн таван хувийн хүүтэй мөнгө зээлээр өгөх үү гэдэг тун эргэлзээтэй.

 

Тэгвэл энэ талаар эдийн засагчид ийм байр суурьтай байна.

 

Үүнээс өөр сонголт байхгүй Ч.Хашчулуун /Эдийн засагч/

-Монголбанк өнгөрсөн гурван жилийн хугацаанд орон сууцны зээлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн. Одоо орон сууцны таван хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлж эхэлж байна. Ер нь барилгын салбарт үүссэн байдлыг харахад хийхээс өөр аргагүй сонголт. Гэхдээ энэ бол зах зээлийн бодит зохицуулалт биш. Өмнөх Засгийн газрыг Хүний хөгжлийн сангаар дамжуулан иргэддээ мөнгө хуваарилсан гэж шүүмжилдэг. Харин хүүгийн төвшинг бууруулж, зөрүүг улсаас нөхөж, ард иргэдэд зээл өгөх нь өмнөх Засгийн газрын мөнгө хуваарилснаас ялгаагүй бодлого юм. Үүний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй.

 

Таваас доош хувьтай байлгах ч боломж бий Х.Батсуурь: /Эдийн засагч/

-Энэ зээлийг эхнээс нь таван хувь болгож болох байсан. Гэтэл дунд нь арилжааны банкууд, МИК гэдэг хоёр байгууллага зуучлагчаар оруулсан. Тэд зөвхөн зээл зуучилж өгсөн төлбөртөө их хэмжээний шимтгэл авч байна. Ийм учраас ипотекийн зээлийг таван хувь байх боломжийг алдагдуулж, 8-10 хувь болгон өсгөсөн шүү дээ. Арилжааны банкууд нэгэнт өөрийн хөрөнгөөр ипотекийн зээл олгоогүй тул тохиролцож, тэдний зээлийн зуучлалд авч байгаа шимтгэл төлбөрийг багасгаж, мөнгө хэмнэх замаар хүүг бууруулах боломжтой. Тохиролцоонд хүрэхгүй бол зөвхөн ипотекийн зээлээр дагнасан санхүүгийн агентлаг байгуулж, /Төрийн өмчийн жижиг банк/ зээлийг үргэлжлүүлэх, хүүг таван хувь буюу түүнээс бага байлгах боломж ч бий. Тиймээс энэ зээлийг арилжааны банкууд биш Засгийн газар, Монголбанкнаас гаргаж байгаа гэдгийг ойлгох ёстой. Мөн өөрийн эх үүсвэрээ шилжүүлээгүй тул арилжааны банкууд болон МИК ямар ч хариуцлага, эрсдэл үүрээгүй гэдгийг онцлох нь ч зүйтэй. Харин бүх эх үүсвэрийг гаргаж, хариуцлагыг өөртөө авсан Төвбанкинд ихээхэн эрсдэл үүсч байна. Одоогоор 3.5 их наяд төгрөгт хүрээд байгаа ипотекийн зээлийг цаашид санхүүжүүлээд явах боломж бодит эдийн засагт үгүй юм. Тиймээс Засгийн газар хаа нэгтэйгээс мөнгө гаргаж, энэ зээлийг санхүүжүүлэх болно. Харин мөнгө хэвлэх, үгүй бол гаднаас өндөр хүүтэй мөнгө зээлэх л боломж байгаа.

 

Зээлийн эх үүсвэрийг жамаар нь буй болгох аргагүй Ч.Энхбат /Эдийн засагч/

-Ипотекийн найман хувийн зээлийг Монголбанк “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрийн дор мөнгө хэвлэн нийлүүлэх замаар хэрэгжүүлсэн. Дэлхийн түүхэнд мөнгө хэвлэх замаар орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн улс орон би лав дуулаагүй. Өнөөдөр манай арилжааны банкууд хадгаламжаа 15 хувийн хүүтэйгээр татаж байна. Засгийн газар мөн дунджаар 15 хувийн хүүтэйгээр арай ядан мөнгө босгож, төсвийн алдагдлаа нөхөж байна. Монголбанкны бодлогын хүү 12 хувь. Тэгэхээр таван хувийн эх үүсвэрийг зах зээлийн жамаар нь бий болгох боломжгүй гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Одоо хүүний зөрүүг төсвөөс төлөх, Монголбанк мөнгө хэвлэх, эсвэл өмнө найман хувийн зээлд гарсан, 2.5 их наяд төгрөгийн эргэн төлөлтийн тодорхой хэмжээгээр зээл олгож байгаа мэт нэр зүүх л гарц харагдаж байна. Тодруулж хэлбэл, Засгийн газар 15 хувийн хүүтэйгээр үнэт цаас гаргаад түүнийгээ таван хувийн хүүтэй зээлээд зөрүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэсэн үг. Тэгэхээр нэг хэсэг хүмүүсийг байртай болгохын тулд Монгол Улсын татвар төлөгч иргэн, ААН бүр гар бие оролцож байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр хэрэв эх үүсвэрийг нь Монголбанк мөнгө хэвлэх замаар шийдвэрлэж явбал төгрөгийн нийлүүлэлт ихэсч, ханш унаж, худалдан авах чадвар бүр муудахын зэрэгцээ хүмүүсийн эд хөрөнгө, хадгаламжийн үнэ цэнийг алдагдуулна. Ер нь энэхүү бодлогын алдааны хор уршиг, төлөөсийг өнөөдөр иргэн бүр өдөр тутмын худалдан авалтаар төлж байгаа.

 

Нэг хувийн хүүтэй ч зээл байж болно Н.Дашзэвэг /Эдийн засагч/

-Монголбанк өмнө нь дөрвөн хувийн хүүтэй өгдөг байснаа одоо арилжааны нэг хувийг нэмээд л таван хувь болгочихож байгаа байхгүй юу. Ингээд л орон сууцны зээлийн хүүг тав болгож байгаа юм. Гэвч арилжааны банкууд татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна. Би энэ дөрвөн хувийг заавал арилжааны банкаар дамжуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. ТОСК нь бүх зүйлээ хариуцаад явах боломжтой. Ипотекийн зээл ломбардтай яг адилхан. Мөнгө өгчихөөд барьцаанд байрыг нь авчихдаг. Ийм эрсдэлгүй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах шаардлага байхгүй. Мөн МИК-аар ч дамжуулах хэрэггүй. Замд нь хүү нэмээд байдаг байгууллагыг хасчихаар ипотекийн зээлийг нэг хувиар өгөх боломж гарч ирч байгаа юм. Ер нь арилжааны банкуудын тогтолцоог өөрчлөх, гадаадын банкыг оруулж ирж өрсөлдөөнийг нэмэх шаардлагатай.

 

Татварын болон үнийн зөрүүг иргэд, ААН л төлж байна Б.Мөнхсоёл /Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал /

-Манай улстөрчид иргэдийн мэдлэг мэдээлэл хомс байдлыг ашиглаж тоглолт хийдэг. Хэдийгээр хувь хүн дээр очиж байгаа таван хувийн зээл сайхан мэт санагдавч энэ нь удаан үргэлжлэхэд хүнд. Яагаад гэвэл, бодлогын хүүгээс доод тал нь долоон хувийн зөрүүтэй байна. Энэ зөрүүг нь хэн төлөх вэ. Манай Засгийн газар байнга мөнгө хэвлээд байх боломжгүй. Тиймээс хэн нэгэн татварын болон үнийн зөрүүг төлөх шаардлагатай болно. Энэ нь мэдээж иргэд шүү дээ. Иргэдийн ХАОАТ эсвэл аж ахуйн нэгжүүдийн албан татварууд нэмэгдэнэ гэсэн үг. Бид анзаарахгүй л байгаа болохоос хэрэглээтэй холбоотой татвар нэмэгдэж хувь хүний нуруун дээр ачаа нэмэгдсээр байгаа. Улстөрчдөд энэ байдал харин ямар ч хамаагүй. Тэд улстөрөө л хийдэг.

 

Д.Ганбаатар

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zok / 2016 03 сар 29/

    za 5 % baiyaa ediinzasgiin buuralltai ved yadaj helsendee ezen bolood 7% bolgooch dee +1% -1% helbelzene gesen yaasan beee



    5

    Хариулах