Б.Ган-Очир: Хөгжлийг илэрхийлэх Монгол зорилго чухал

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 18

Х.МОНГОЛХАТАН

Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор хөгжлийн бодлого судлаач Б.Ган-Очирыг урьж ярилцлаа.

ӨСӨЛТ БА ХӨГЖЛИЙН ЗААГ ЯЛГАА

Монгол Улсын эдийн засгийн бүтэц хоёрхон тоогоор бүрэн илэрхийлэгддэг. Бидний экспортолж байгаа нийт бүтээгдэхүүний 90 хувь нь түүхийгээрээ гардаг. Бид бол үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс.

Гэтэл бид эдийн засгаа тэр нэг жил 17 хувь өсөж билээ гэж ирээд гайхуулах дуртай. 2005 оноос өмнө Монголын эдийн засагт сонин сайхан зүйл бараг байсангүй. Улсын төсөв 500 сая ам.доллар хүрдэггүй байсан гэхээр өнөөдриийн хэдэн их наядын төсөвтэй харьцуулашгүй бага мөнгө.

Гэтэл 2005 онд зэсийн үнэ нэг килограмм нь 5000 ам.доллараас 8000 ам.долларт хүрснээр Монгол даяараа мөнгөний бараа харж бөөн баяр болсон.

Харин дараа нь 2009 онд Оюутолгойн орд шуугиан тарьж, 2010 оны эхээр анхны 600 сая ам.доллар орж ирэв. Залгаад Австралид үер болж Хятад Тавантолгойн нүүрс авахаар болж, Чалко компани 350 сая ам.доллар өгөв. Монголын уул уурхайн шуугианаар гаднаас хайгуул хийх зорилготой өчнөөн компани орж ирэв. Бид энэ эдийн засгийн өсөлтийг бий болгосон уу. Бид байсан болохоор Монголын эдийн засаг 17 хувь өссөн үү гэвэл үгүй шүү дээ. Дээрх бүх мөнгө гадны хөрөнгө оруулалт. Бид уул уурхай гэж орилоод байдаг ч тонн төмрийн хүдрээ олборлоод 100 ам.доллараар экспортолдог. Харин баян орнууд хариуд нь 100 гр төмрөөр нь гар утас үйлдвэрлээд сая төгрөгөөр бидэнд зарж байна. Ийм 1000 дахин үнийн зөрүүнд бид уул уурхайгаараа бахархаад яах юм бэ.

Мэдээж уул уурхай чухал. Гэхдээ хөгжлийн бодлогын хажууд түүний үр өгөөж зүгээр л эдийн засгийн өсөлт. Тиймээс эдийн засгийн өсөлт, эдийн засгийн хөгжил хоёр маш том зөрүүтэй, хоёр өөр ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол хүний оролцоогүй эдийн засаг өсөж байгаа нь эдийн засаг хөгжиж байна гэсэн үг огтхон ч биш. Хөгжлийн эдийн засгийн амин сүнс нь inclusive growth буюу монгол хүний мэдлэг, маркетинг, менежмент, хөдөлмөрөөр бүтсэн байх шаардлагатай. Тиймээс өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг суурь зарчмын хувьд хөгжөөгүй харин өссөн байна.

 

ЧАДВАРТ НЬ ТААРУУЛЖ ЭРХ ЧӨЛӨӨ ӨГ!

Блиц:

НЭР: Буянаагийн Ган-Очир

МЭРГЭЖИЛ: Эрх зүйч

ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ: Хууль зүйн шинжлэх ухааны докторант

СУДАЛГААНЫ АЖИЛ: Хөгжлийн эдийн засаг, системийн онол, Үндсэн хуулийн эрх зүй

АЖИЛЛАСАН ТУРШЛАГА: МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр Хөгжлийн яам, Хөгжлийн хүрээлэн, Монгол банк, Сангийн яам хариуцаж байсан, Шинжлэх ухааны академийг хариуцан ажиллаж байна.

 

Грекийн философич Хреклитын “Нэг голын усанд хөлөө хоёр удаа дүрж болохгүй” гэсэн мэргэн үг хөгжлийн мөн чанарыг тун ч оносон тодорхойлолт. Гэхдээ үүнээс хойш хөгжил гэх ойлголт олон янзаар өөрчлөгдөж ирсэн. Хөгжил бол эд баялаг, хөгжил бол мэдлэг, хөгжил бол эрх чөлөө, хөгжил бол хэм хэмжээ, хөгжил бол хүний хөгжил, хөгжил бол нийгмийн хөгжил гэх зэргээр эрдэмтэд тодорхойлж, эдгээр үндсэн сэдвүүд дунд эргэлдэж, эргэлзэж, унаж боссоор өдийг хүрсэн билээ.

Хөгжлийн философи хариултын эрэл хайгуул яван явсаар энэ зуунд Энэтхэг гаралтай эрдэмтэн Амартяа Сенд тулж зогслоо. Түүний хөгжил бол эрх чөлөө гэх үзэл нь өнөөдөр НҮБ, Дэлхийн банк, ДХБ гээд олон байгууллагын гол философи болоод байна. Тэрээр эрх чөлөө=чадвар гэх ойлголтыг салшгүй гагнасан билээ. Уг философийг бүдүүлэгдүү тайлбарлавал “Чадварт нь зориулж эрх чөлөө өг, хэрэв чадвар муу бол ташуур өгч урагшлуул” гэсэн санаа. Гэхдээ ташуур гэдэг нь дэмж, стандарт тогтоо, түүнийгээ мөрдүүл, тоглоомын дүрмээ тодорхой болгож цаг хугацаанд шах гэсэн үг болохоос дарла, дарамтал гэсэн санаа огт биш.

Хувь хүн чадваргүй бол эрх чөлөөг хэдэн төрөлдөө хүртээд ч эдлэж чадахгүй. Учир нь эрх чөлөө бол сонголт бөгөөд сонголт нь хүнээс түүнийг эдлэх чадварыг шаардаж байдаг. Малчин залуу Улаанбаатарт ирээд банк орж данс нээгээд, машин унаж хөдөлгөөн ихтэй хотын замаар шууд явна гэж байхгүй. Хотын сонголт малчин хүний хувьд хавьгүй их бөгөөд тэр олон сонголтыг эзэмших, соёл, амьдралын хэвшил, мэдлэг чадварыг өөрийн болгох хугацаа хэрэгтэй.

Бид чадваргүй учраас сонголтоос айж байна. Тавантолгойн хувьцаа өсгөх, Оюутолгойн хөрөнгө оруулалтаас ирэх ашиг ямар замаар яаж надад ногдох бол гэж бодохоос айна. Айхын эрхэнд зүгээр шууд бэлэн мөнгийг нь өгчих гэж хэлдэг. Үнэндээ ашиглаж чадахгүй сонголт, хэрэглэх чадваргүй эрх чөлөө бол хуурамч эрх чөлөө юм. Улс орон эрх чөлөөгөө эзэмшиж чадаж байвал хөгжиж байна гэсэн үг.

Чехийн ерөнхийлөгч Васлав Хавелвийн “Ард түмэн хоёрдмол амьдралаар амьдарч байвал эрх чөлөөгүй” гэж хэлсэн алдарт ишлэлийг анх Д.Энхбат гуайн илтгэлээс сонсож билээ. Бид өнөөдөр үргэлж хоёрдмол амьдралаар амьдарч байна. Эмнэлэгтээ бид огт итгэдэггүй, шүүх засаглал шударга байж чаддаггүйг бүгд мэддэг, төрийн бүх шийдвэрийг гаргадаг намууд худлаа байгааг мэднэ. Гэтэл бид яг л үнэн юм шиг төсөв баталж, үнэн юм шиг дахин дахин сонгоно. Хэрэв худал гэдгийг мэдсээр байж үнэн юм шиг өөрийгөө хуураад байвал түүнийг ямар эрх чөлөө гэдэг юм бэ. Хэрэв эрх чөлөөг бүрэн ойлговол хөгжлийн философийг бүрэн ойлгох юм.

 

“ЭРХ ЧӨЛӨӨ”-Г БИД ЯАГААД БУРУУ ОЙЛГОНО ВЭ?

 

Эрх чөлөө гэдэг энэ үг бидний мэддэг юм шиг хэрнээ огтоос мэддэггүй үг. Би МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж эхэлж байхдаа хүртэл энэ үгний гол учрыг мэддэггүй байж. Ер нь олон хуульчид эрх чөлөөг “миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэдэг суурь ойлголтоос хэтрэхгүй ойлголттой явдаг.

“Freedom, Liberty” гэж хоёр үгийг бид шууд л эрх чөлөө гээд орчуулдаг. Гэтэл Freedom гэж үг угтаа нийгэм танд өгч байгаа өргөн сонголтуудыг хэлдэг аж.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх