2001 оны Центрпойнтын зодоон

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 04 сар 21 ・ 1

Цэвэр он тооллоороо бол 2000 он нь XXI зууны босго биш, харин 2001 он бол 21-р зууны босго юм. 20-р зуунаас эх авсан цуутай зодоонууд яван явсаар 21-р зууны босгон дээр ирээд эцсийнхээ "тулаан"-ыг шавхаж "Центрпойнтын зодоон" хэмээх дуулиант хэргийг төрүүлсэн билээ.

Центрпойнт дахь "Казинос" бааранд болсон энэхүү зодооны процедурыг хуульчид, сэтгүүлчид янз янзаар тайлбарласаар ирсэн. Тэдний дийлэнх хэсэг нь уг зодооныг улс төр, бизнесийнхний захиалгаар үйлдэгдсэн "Детектив" жүжиг гэж үздэг. Тодруулж хэлбэл жирийн нэг хулигаануудын хэрэг бус улс төр, бизнесийн олигархиудын эрх ашигт байнга заналхийлдэг байсан Чимэдийн Энхтайваныг замаасаа зайлуулах, болж өгвөл устгах "Барбарос" төлөвлөгөөний болхи гүйцэтгэл байсан гэж үздэг юм.

"Центрпойнтын зодоон" гэгчийн дүйвээнээр Чимэдийн Энхтайван, Дамбын Хишгээ, "Шөвгөр" Өлзий нарын цөс ихтэй атаман эрчүүдийг "Ганц худаг"-т хорьж байсныг хэн хүнгүй мэднэ. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг хөдөлгөөнд оруулсан энэхүү дуулиант хэргийн улмаас "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр, "XLTA"-гийн Батболд, "Бурхан халдун"-ы Мөнхдаш нарын долоо найман хүн шалгагдаж, хоригдох нэг нь хоригдож нэг хэсэгтээ л олны анхаарлыг татаж байлаа.

Ялангуяа Ч.Энхтайваныг хэргийн гол буруутнаар тооцож найман жилийн ялаар шийтгэсэн. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хэргийг анхнаасаа зориудаар зохион байгуулсан гэдгийг ямар ч эргэлзээгүй бичиж байлаа. Тухайн үед рэкет, рецедив гэж нэрлэгдэж байсан эрүүгийнхэн Центрпойнтын "Казинос" бааранд орой болгон цуглаж уулздаг байж.

Тиймээс тус баарыг түрээслэн ажиллуулж байсан "Халзан" Баяраа гэгч цагдаа, хүчний байгууллагынхны шахалтаар төрсөн өдрөө тэмдэглэх нэрийдлээр хүмүүсийг цуглуулж дайлсанаар зодооны эхлэлийг тавьсан гэдэг. Зодоон гардаг орой тус бааранд Чимэдийн Энхтайван, "ХLTA'-гийн Батболд нар ажил хэрэг ярилцан сууж байтал гаднаас Дөчин мянгатын ерээд оны атаман гэгддэг "Монзуй" хочит Нямдорж, Ижилболд, Эрдэнэ-Очир нарын залуус дайрч орж ирээд, улмаар хоёр гартаа хутга атгасан Нямдорж Ч.Энхтайвантай цуг явж байсан "Улаан" Төмөрөө гэгчийг хутгалснаар зодоон үүссэн байдаг.

Эх сурвалжууд энэ талаар өгүүлэхдээ "Уг нь бол Чимэдийн Энхтайваныг хутгалах даалгавартай байсан ч "Монзуй" Нямдорж маш их согтсон байсан учраас хаа хамаагүй хүнтэй сөргөлдсөн" гэж тайлбарладаг. Ч.Энхтайван мэдээж хамт явсан найзыгаа хутгалуулчихаад зүгээр суугаагүй нь лавтай. "Монзуй" Нямдоржийг юу юугүй хутга бариад давхиад ирэхээр нь "Улаан" Төмөрөө Ч.Энхтайваныг хамгаалахаар дундуур нь гүйж ороод гуя, хэвлий, цээжиндээ таван удаа хутгалуулан хүнд гэмтэл авсан байдаг.

Яг тэр үед Центрпойнт руу дайрахаар бараг л бэлэн байдалд орчихоод байсан Чингэлтэй дүүргийн цагдаа нар маш шуурхай хүрч ирсэн ч харамсалтай нь мөнөөх "Барбарос" төлөвлөгөө ёсоор нь Ч.Энхтайванаас бусад рэкетчид нь байсангүй. Гэвч заавал биелүүлэх даалгавар ёсоор тухайн үед рэкетээр ид мандан бадарч байсан Дамбын Хишгээ, "Шөвгөр" Өлзий болон бас бус хүмүүсийг баривчлахаар тэр шөнөжингөө хайж бараг л Улаанбаатарын бүхий л баар, ресторанаар шагайж үзсэн гэдэг билээ. Гэсэн ч дараа нь тэднийг олж аваад баривчилсан байдаг. Энэхүү хэргийн цаана улс төр, бизнесийн "Хотын фракц" гэгддэг одоогийн зарим нэг "бизнесмен" УИХ-ын гишүүдийг байсан болов уу гэж хардсаар байдаг юм. Учир нь Ч.Энхтайван хожим нь улс төр, бизнесийн олон хүний факт баримтуудыг өөртөө байдаг тухай мэдэгдсэн нь ийм ойлгоц төрүүлэхэд хүрсэн. Тэрбээр шоронд хоригдож байхдаа олон арван ноцтой мэдээллийг дэлгэж байв. Ингэхэд ер нь Ч.Энхтайван хэнийг, хэзээ, хэрхэн дарамталж байсан юм бол гэдэг асуулт гарч ирнэ.

Энэ талаар эх сурвалжууд мэдээлэхдээ "Энхтайванд дарамтлуулсан гээд байгаа хүмүүс чинь өөрсдөө ихээхэн "но"-той болоод л бусдын шантаажинд орж байгаа юм. Тиймээс ямар ч гэмгүй хүнийг Энхтайван очиж зодож нүдээд дээрэмдчихээгүй шүү дээ" гэлцдэг. Ер нь Центрпойнтын зодоон нь тухайн үед зах замбараагүй байсан гэмт бүлэглэлүүдийг бага ч атугай хумиж чадсанаараа онцлогтой. Гэвч хумиж байгаа нь тэр гээд зарим нэг хүнийг хэлмэгдүүлчихсэн тал ч бий. Жишээ нь тэртээ далаад оны Хандгайтын зодооны гол төлөөлөгч, ерээд оны Гүнтийн буудалцааны хохирогч болох "Шар" Энхээг "Энэ этгээд Центрпойнтын зодоонд мөн л оролцсон байж таарна" гээд хэлмэгдүүлчихсэн байдаг.

Энэ тухай би бээр "Шар" Энхээтэй уулзаж ярилцахдаа бас асуугаад авсан. Тэр өгүүлэхдээ "Би тэр Центрпойнтын зодоон гэгчид ерөөсөө оролцоогүй. Тэр үед би Улаанбаатарт байгаа ч үгүй. Компанийхаа ажил төрлийг хөөцөлдөөд Дорноговьд чехүүдтэй хамт явж байсан юм. Тэгтэл цагдаагийнхан огт гэм зэмгүй намайг "Центрпойнт"-ын хэрэгт хамруулчихсан. Нэгэнт дээрээс зохион байгуулсан хэрэг байсан болохоор би алтаар яриад, мөнгөөр бөөлжөөд ч нэмэр байхгүй шүү дээ. "Центрпойнт"-ын зодооны хэрэг ид мандаж байх үед би Чех рүү ажлаар явсан юм. Тэгтэл нөгөө л муу нэртэй, луу данстай "Шар" Энхээ Центрпойнтын зодоонд оролцсон гээд зарлачихдаг байгаа. Бүр олон улсын интерполийн шугамаар зарласан гээд бод. Тэгээд намайг Чехийн хил дээрээс баривчлуулж байгаа юм.

Би Чехийн мөрдөнд нэг жил 14 хоног хоригдсон. Эцэст нь тэгээд ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, сулла гэсэн бичиг Монголоос ирсэнээр намайг гудамжинд гаргаад хаячихсан" гэж билээ. Зарим хүн энэхүү хэргийг улс төр, бизнесийнхний захиалгаар цагдаагийнхан гүйцэтгээгүй, ерөөсөө л зодоон болсон дуудлагаар цагдаагийнхан Центрпойнтод явж очсон гэж үздэг юм. Энэ талаар жинхэнэ үнэн зөвөөр тайлбарлаж өгөх хүн бол Центрпойнтын зодооны үеэр зургаан хүнийг хутгалж гэмтээгээд найман жилийн ял аваад Авдрантын онцгой руу шидэгдэж байсан "Монзуй" Нямдорж юм.

Тиймээс би бээр саяхан түүнтэй уулзаж ярилцлаа. Тэр өгүүлэхдээ "Центрпойнтын зодооны талаар сэтгүүлчид янз бүрээр таамаглаж бичдэг. Улс төр, бизнесийнхэн зохион байгуулсан, үүнийг нь цагдаа нар гардаж гүйцэтгэсэн гэх мэтээр ярьсаар ирлээ. Ийм юм бол байхгүй. Зодоон болдог тэр орой Центрпойнтын "Казинос" бааранд манай найз Дондог, "Шар" Амгаа нар "Халзан" Баяраагийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм билээ. Энэ үед уг бааранд сууж байсан Чимэдийн Энхтайван манай гурвыг дээрэлхэж, дарамтлаад "Та нар муусайн эндээс зайл" гээд хөөгөөд гаргасан байдаг.

Тэгээд Дондог гарангуутаа над руу утасдахгүй юу. Биднийг хуучин цагийн атаманууд дээрэлхээд баарнаас хөөгөөд гаргачихлаа гэхээр нь би Ижилболд, "Шар" Эрдэнэ-Очир хоёрыг дагуулаад тийшээ явж хүрсэн. Тэгээд л "Казинос" бааранд давхиж ороод шууд хутгалаад эхэлсэн дээ. Би тэр үед "Улаан" Төмрөө, "Далдага" Цогтоо, боксчин Жамганы хүү Наранцогт нарын зургаан хүнийг хутгалсан. Үүнийхээ ялыг хангалттай эдлээд гараад ирсэн болохоор би өнөөдөр бардам ярьж байгаа юм. Яах юм бэ, үнэн юм үнэнээрээ сайхан.

Центрпойнтод бөөн хутга, зодоон болоод ирмэгц цагдаагийнхан дуудлагаар ирсэн. Тэрнээс биш дээрээс зориуд зохион байгуулсан гэх зодооны улмаас ирээгүй. Харин энэ зодооны дараа Центрпойнтын гэх хэргээр далимдуулаад эрүүгийнхнийг баривчилсан нь бол үнэн. Үүнийг л сэтгүүлчид дээрээс зохион байгуулсан гэж бичээд байсан хэрэг шүү дээ. Үнэхээр ч тэр үед манай улс төр, бизнесийн зарим "но"-той нөхөд эрүүгийнхэнд дарамтлуулаад тэнэг юм шиг болчихсон байсан. Тэгвэл эд нарт хэн тус болсон бэ? Муу нэртэй "Монзуй" Нямдорж би л тус болсон. Гэхдээ захиалгаар биш шүү. Яахав нөгөө гай газар дороос гэгчээр тэр нэгэн орой Центрпойнтын зодоон санамсаргүйгээр болж эрүүгийнхнийг хумиж авах хувьсгалын тохироо нь бүрдчихгүй юу.

Тэр үед Ц.Нямдорж гуай Хууль зүйн сайд байсан. Тэгээд Центрпойнтын хэргийн явцтай танилцаад миний тухай "Хорин хэдтэй энэ хүүхдийн хэрэг бол тэртэй тэргүй ойлгомжтой байна. Харин цаана нь нэр холбогдоод байгаа хүмүүс өмнө нь янз бүрийн асуудал үүсгэж байсан улс байна. Тэднийг сайн шалга. Дараа нь наад хүүхдээ бас шалга. Тэгээд бүгдийг нь аваачаад хий" гэж үүрэгдэж байсан гэдэг юм. Тэгээд шалгаж байцаагаад эхэлтэл нөгөө эрүүгийн гэгдэх нөхдүүдийн өмнөх хэргүүд нь илэрч гарч ирээд, нэг ёсондоо тэр үед яригдаж байсан рекэтүүд, эрүүгийнхнийг хумиж авсан юм.

Центрпойнтын зодооны гол учир ердөө энэ шүү дээ..." гэж хэллээ. 20-р зууны Монголын түүхэнд гарсан цуутай зодоонууд энд хүрээд өндөрлөж байна. Үнэндээ 1990-2000 он хүртэлх хугацаанд эрүүгийнхэн хаданд гарсан он жилүүд байлаа. Учир нь энэхүү арван жилийн хугацаанд Монголд өрнөсөн Квантуны армийнхны танхайрал, Гүнтийн буудалцаан, Центрпойнтын зодоон хэмээх цууд гарсан гурван том зодооныг эрүүгийнхэн гардаж гүйцэтгэсэн юм. Харин 2000-2010 он хүртэлх арван жилийн хугацаанд авилгачид, луйварчид, олигархиуд, популистууд, барилгачин хятадууд хаданд гарсан он жилүүд байв.

Яагаад гэвэл тэднийг айлгаж дарамталдаг рэкетүүд болоод эрүүгийнхэн хумигдсан болохоор тэр шүү дээ. Дээр нэг сонин санаа гарч ирсэн дээ. "Энхтайванд дарамтлуулсан гээд байгаа хүмүүс чинь өөрсдөө ихээхэн "но"-той болоод л бусдын шантаажинд орж байгаа юм. Тиймээс ямар ч гэмгүй хүнийг Энхтайван очиж зодож нүдээд дээрэмдчихээгүй шүү дээ" гэх мэдээлэл. Одоогоос арваад жилийн тэртээ "Шим" группийн захирал Л.Цандэлэг "Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байна" гэж сонин хэвлэлээр тун зоригтой мэдэгдэж байлаа. Уг нь гадаад орнуудад бол хээл хахуульд идэгдсэн, олигархижсан төрийг орон нутгийн мафиуд л айлгаж ичээж, зарим нэг ноцтой асуудлыг нь "зохицуулж" байдаг юмсанж. Жишээ нь Япон улсад якудза нар ихээхэн нэр хүндтэй байдаг бөгөөд үе үе эх оронч сэтгэлгээ цухалзуулдаг тэднээс улс төрийн буруу шийдвэр гаргасан улс төрчид айж эмээдэг гэж байгаа. Тиймдээ ч Японы улс төрчид жаахан буруу зүйл хийчихвэл жинхэнэ ёс зүй гаргаж өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа огцордог.

Мөн Хятадын "Триад" буюу мафийн гурвалууд төрийн өмчийг шамшигдуулан идэж авилгын мөнгөөр хөлжсөн этгээдүүдийг төрийн нэрийн өмнөөс залхаан цээрлүүлэх ажилд идэвхийлэн оролцдог ажээ. Одоо тэгэхээр хэдэн жилийн өмнө "Шим" группийн захирал Л.Цандэлэгийн хэлсэн үг ойлгогдож байгаа биз. Мөн цөс ихтэй монгол эрчүүд цөөрсөнөөс болж өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Монголд орж ирсэн барилгачин хятадууд яасан ч их даврав даа. "Хөх Монгол" бүлгэмийн Д.Гансүрэнд барилгачин хятадууд монголчуудыг барьж авч зодсон маш олон хэргийн жагсаалт байдаг юм. Үнэндээ 2000 оноос хойш монголчууд хятадуудад мөн ч их зодуулсан шүү. Харин муу нэртэй, луу данстай эрүүгийнхэн бол (Квантуны арми гээчийг эс тооцвол) гэмгүй номхон ард иргэдтэй тэгтлээ толхилцож байсангүй, харин тэд хоорондоо л гөвшилцөж байсан. Бас буруу гарын улс төрчдийг дарамталж байсан. Энэ тухай нарийн тайлбарлах гээд хэрэггүй биз. Мэргэн уншигч та ойлгохын дээдээр ойлгож байгаа. Эцэст нь харин XX зууны Монголын түүхэнд өрнөсөн цуутай зодоонуудад хийсэн бяцхан дүгнэлтээ нэг сануулчихъя.

1904 оны Да хүрээний зодоон, 1907 оны лам нарын зодоон, 1912 оны Маймаа хотын зодоон, 1961, 1966 оны хятад, монголчуудын зодоон зэрэг нь голдуу улс үндэстнээ өмгөөлж хамгаалсан улс төрийн шинжтэй, нэгдмэл санаа зорилготой, тэгэхдээ ихэвчлэн хятадуудтай гар зөрөлцөж байсан байх юм. Харин 1976 оны Хандгайтын зодооноос хойш монголчууд дандаа хоорондоо "алалцаж" иржээ. Тэгэхдээ өчүүхэн зүйлээс болж шүү! Есөн гудамжны зодоон ганц шил архинаас болсон бол Хандгайтын зодоон нэгэн атаманы эрхи танхи хүүхнээс болсон. Түүнчлэн Үйлдвэр комбинатын зодоон хаалганд оруулсан ганц бөмбөгнөөс болсон бол Хүнсний хорийн зодоон чөлөөгүй яваа нэг цэргээс болсон. Гүнтийн буудалцаан загвар зохион бүтээгч Түвшин агсаны буу нэртэй нэг муу хөндий төмрөөс болсон бол Центрпойнтын зодоон "Халзан" Баяраа гэгч нөхрийг "Казинос" баарнаас хөөж гаргаснаас үүдсэн. Харин 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун бол бас ч гэж улс үндэстнээ өмгөөлж хамгаалсан улс төрийн шинжтэй, нэгдмэл санаа зорилготой байлаа. 1904-1982 оны зодоонуудад монголчууд голдуу махан гараараа нударгалцаж явсан бол 1982 оноос хойш чулуу мод, хутга шөвөг, буу шийдэм хэрэглэх болсоноороо тун аюултай.

Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн жил "Монгол кино" нэгтгэлийн найруулагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Норолхоо гуай миний "XX зууны Монголын түүхэнд өрнөсөн цуутай зодоонууд" гэсэн нийтлэлээр баримтат кино хийхээр зөвшилцсөн боловч эдүгээ өөр ажилтай болоод амжсангүй. Тиймээс энэ сэдвээр баримтат болон уран сайхны кино хийх сонирхолтой найруулагч, хувь хүмүүс байвал 95824175 дугаарын утсаар холбогдож болно.

Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2016 04 сар 22/

    Эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хаацаалах хэрэггүй. Энэ этгээдүүд өнөөдөр Ардчилсан намын лидрүүд болоод явж байна шүү дээ. Монголд ямар төр байна вэ?????

    Хариулах