Сураг тасарсан “Их өргөө” иргэдийн газар, байрны ордерийг нь банкинд барьцаалсан хэрэг үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 04

Их засаг их сургуулийн баруун хойд тал буюу БЗД-ийн IY хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Оросын цэргийн хотхоны хоёр давхар долоо, боловсролын салбарын ажилчдын орон сууц гэгдэх эдүгээ “Сансар” хотхоны дан давхар нийлсэн нийт найман байрны 142 айл  “Их өргөө” компаний захирал, УИХ-ын гишүүн Д.Арвины эрэлд хатаад  гурван  жилийн нүүр үзэж буйгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын ажлын явц байдалтай танилцах үед оршин суугчид нь сэтгүүлчдэд хандаж, байр сууриа илэрхийлсэн юм. Орон нутгийн ээлжит сонгуулийн дараа  Ардчилсан намаас нэр дэвшигчид ард түмэнд амласан ёсоороо Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхэд тус хорооны оршин суугчид тун чиг баяртайгаар хүлээж авч, нийслэлийн бусад дүүргийн хороодоос хамгийн түрүүнд газраа чөлөөлсөн юмсанж. Гэвч барилгын ажил хоёр барилгын суурийг хагас дутуу цутгаснаар таг чиг болсон аж. Үнэндээ ч ээлж дараагаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд “Баганат өргөө” “Нарт”, “Шинэ Амгалан”, “Хангай”, “Шинэ Толгойт” хороолол ашиглалтад орж буй талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж буйг уншсан, сонссон, үзсэн иргэд бухимдахгүй байх аргагүй шүү дээ.

Тиймдээ ч  “УИХ-ын гишүүн Д. Арвины “Их өргөө” компанид итгэл хүлээлгэснийхээ горыг эдэлж байна”  хэмээн бухимдсан оршин суугчид   биднийг эхлээд  нийслэлээс яваа  албан тушаалтнууд байна  гэж ойлгоод ширүүн угтсаныг нуугаад яах вэ. Тухайн үед хашааныхаа газрыг орон сууцаар солих хүсэлдээ хөтлөгдсөн иргэд  эрхэм гишүүнд итгэл хүлээлгэн юу хүснэ, түүнийг нь  тушаал авсан цэрэг шиг үг дуугүй биелүүлж, байрныхаа ордерийг хүртэл өгөөд явуулсан байх юм.  Ордер ч үгүй, газар ч үгүй болсон  оршин суугчид өнөөдөр талын нэг тарж одсон төдийгүй байр түрээслэн  амьдарч байсан зарим нь түрээсээ өгч чадахгүйд хүрч айлын хашааны буланд дөрвөн ханат түрээслэн амьдарч байгаа бол түрээсийн мөнгө авч чадаагүй хоцорсон  нь  ах дүүсдээ нэр нүүрээ баран гудамжинд гарахдаа тулаад байгаа аж.  Харин тэдний өмнө олон сайхан зүйлийг ярьж “Хамтдаа зүтгэвэл бид чадна” хэмээн оршин суугчдыг уриалж байсан  “Их өргөө” компани  хэргээ бүтээж аваад л  шилээ харуулан одсон бололтой.  Ямартай ч  иргэдийн газрыг өөрийн болгох үедээ Д.Арвин гишүүн  оршин суугчдад болон Нийслэлийн удирдлагуудын өмнө  хэлж байсан  үг нь  хэвлэлийн хуудаснаа үлджээ.   Эл мэдээллийг  бүрэн эхээр нь   засваргүйгээр хүргэх нь зөв байх. 

“Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ” гэх  2014-10-22-ны өдрийн мэдээлэлд  “Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины санаачилгаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 142 өрхийн  үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж өнөөдөр /2014.10.22/ шав тавих ёслолын арга хэмжээ болов.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Арвин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, төсөл гүйцэтгэгч “Их Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батчулуун нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо. 

 УИХ-ын гишүүн Д.Арвин барилгын шав тавих ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр “Энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөхөд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчдын хүсэл зорилго ихээхэн хөшүүрэг болсноос гадна Улаанбаатар хотын бодлого ихээхэн дэмжлэг болсныг онцлон хэлмээр байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжиж ажилласан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар болон Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх газрын удирдлагууд, хамт олонд  талархаж байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөх болсон нь Баянзүрх дүүргийн ард иргэдийн дэгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй салшгүй холбоотой” гэлээ” хэмээн онцолж,  үйл явдлын гэрчлэх гэрэл зургийг нийтэлсэн байлаа.

 Харамсалтай нь өнөөдөр  “Сансар” хотхоны хуучин барилгын туурыг  тойруулж барьсан  хашааны завсраар харахад, хагас дутуу цутгаад орхисон барилгын  хоёр  суурь,  хагасыг нь нураагаад орхисон барилгын үлдэгдэл, хятад ажилчдыг  байрлуулах зорилгоор нураалгүй үлдээсэн хоёр давхар ВАМ-ын орон сууцны барилгаас өөр нүдэнд өртөх зүйл алга байлаа. Хашааны хаалгыг нэлээд нүдэхэд, 30 хэргэм насны бүсгүй гарч ирэв. Тэрбээр барилгын манаач аж.  Түүнээс “Их өргөө” компаний удирдлагууд хаана байдаг тухай асуухад  “Энд байдаггүй. УИХ-ын гишүүн Д.Арвин  л хааяа газраа эргэж ирдэг байснаа өнгөрсөн оны аравдугаар сараас хойш харагдсангүй.   Барилгын ажил яагаад эхлэхгүй байгаа талаар  мэдэх зүйл алга. Би   аравдугаар сараас хойш цалин аваагүй. Саяхан өвдөж, эмнэлэгт хэвтсэн. Нөхөр маань гишүүнтэй уулзаж, цалинг минь авах гэсэн боловч хүлээж аваагүй гэсэн. 

Оршин суугчид байсхийгээд хашааны хаалга нүдэж, Арвин гишүүнтэйгээ уулзуул, дамжуулж хэл  хэмээн шаарддаг. Би гишүүнийг хаанаас олж болохыг мэдэхгүй болохоор жаал загнуулж байгаад л ордог” гээд өөрөө гэмтэй адил  хаалгаа  зөөлхөн хаасан юм.  Сурвалжлах баг “Их өргөө” компаний  байгаа байдлыг тэмдэглэж аваад дараагийн барилга руу  хөдлөх гэж байтал арваад авгай, хүүхнүүд тойрч хаанаас явааг  асууж, хоргоонгоо зарим нь  тайлбар  хэлүүлэхгүй загнаж гарав. Тэдний  маш их бухимдалтай байгааг,  эмх замбараагүй  дээр дээрээс урсгах үгнээс  анзаарч  болохоор.  “Сансар” хотхоны  оршин суугчид түр хороо  байгуулжээ. Өөрийгөө  С.Цолмон хэмээн танилцуулсан ахимаг насны эмэгтэй  түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн нь гэнэ. Тэрбээр дэргэдээ зогсоо эмэгтэй рүү заан “Энэ бид хоёр хөлөө хүрэх  бүхий л газраар явж байна. Тэгээд ч нэмэр алга.  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүртэл нээлтийн  арга хэмжээнд оролцож, тууз хайлчилж байсан атлаа эдүгээ манай асуудлаар ганц ч үг хэлэхгүй юм. Тиймээс НИТХ-ын дарга Д.Баттулгад хандсан гэв.  
 

 С.Цолмон: “Их өргөө” иргэдийн  газрыг, байрны ордерийг барьцаалж зээл авсан атлаа барилгаа барихгүй хоёр  жил боллоо


- Тэрбээр   “Бид  яасан азгүй улс вэ. Нийслэлийн бусад хорооны Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд  хашааныхаа газрыг орон сууцаар сольж, халуун ус хананаасаа аваад жаргаж  суугаагаа  телевизээр хөөр баяр болгон ярих юм. Тэднийг  хараад атаархахдаа байж ядах газраа олж ядаж байна. Д.Арвин гишүүн биднээр тоглож орхилоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдсаны дараахан манай хорооны оршин суугчидтай уулзалт зохион байгуулан  “ Та бид сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал  жил хагасын дараа шинэ орон сууцанд, жаргалтай сайхан амьдарч чадна. Тиймээс та бүхэн надад итгэ. Би та бүхнийг  орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын  төлөө зүтгэх болно” гээд найман  байрны газрыг,  нийтийн  ээзмшлийн зам талбай болон иргэдийн  байрны ордерийг  авсан.   Эл үйл явдлын дараахан  хоёр давхар долоон байрны  зургааг нь нурааж,   оршин суугчдыг  орон сууцны барилга ашиглалтад ортол  жил хагас амиа аргал гээд  цөөн  хэдэн айлд   байрны түрээс гэж  гурван сая төгрөг өгсөн.  “Их өргөө” компани хуучин барилгыг   нурааж дууссаныхаа дараа баахан хятад ажилчид   авчраад  хоёр барилгын суурь цутгасан. Эхний хоёр сард өглөө үдэшгүй  машин техник ажиллаж, хятадууд унтахгүй шаагилдахыг харсан бид яасан их баярлаж байсан гэж бодно. 

Гэвч тэр бүхэн урьдаас дэглэсэн  жүжиг байсан юм билээ.  Банкны ажилтны хэлснээр “Их өргөө” компани  барилгын суурь цутгасан дүр эсгэж,   түүнийгээ   зээлийн эдийн засагч нарт үзүүлж байгаад их хэмжээний зээл авсан байгаа юм.  Бас барьцаа болгож иргэдийн орон сууцны ордерыг тавьсан байдаг.   Барилгын ажил таг зогссоны дараа танил  барилгын инженер  маань хятадуудын цутгаад орхисон барилгын суурийг үзээд маш их гайхсан. Суурийн цутгалтын өргөн ердөө тоосгоны  хэмжээтэй  адил гээд боддоо.   Бүхэл бүтэн есөн давхар барилгын суурь  тал   тоосгоны дайтай нимгэн цутгалттай  байгааг юу гэж  ойлгох юм.  Иймэрхүү бантан зуурч хаяад сураггүй  алга болсон.  

Оршин суугчид Д.Арвин гишүүнтэй уулзах гэж хөөцөлдөөд    хоёр жил  болж байна.  Аргаа барахдаа нийслэлийн Гэр  хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг  даргатай  уулзаад ч асуудлаа шийдүүлж чадаагүй. Ирэх долоо хоногт НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзах учиртай. Тэр хүн л нэг тийш болгож өгч магадгүй гэлээ.   Ингээд иргэдийн үгийг хүргэе.  
 

Б.Болормаа:  “Их өргөө”-өөс түрээсийн мөнгөө олж авмаар байна


-Саяхан манай нэг  оршин суугч /Боловсролын салбарын ажилчдын байр/ байрныхаа ордерийг банкинд барьцаалж зээл авах гэтэл “Танай байрны ордерыг  “Их өргөө” компани  барьцаанд тавьсан  юм байна. Тиймээс зээл өгөх боломжгүй” гэсэн байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх