Тусгай зориулалттай агнуурын бас нэг хуйвалдаан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 06 ・ 1
 

Б.ЭНХЗАЯА

Манай улс 1960-аад оны үеэс эхлэн гадаадын анчдыг хүлээн авч угалз, аргаль, янгир, буга, хар сүүлт зээр, цагаан зээр, бор гөрөөс, гахай, чоно зэрэг ан, амьтдыг агнуулж иржээ. Манай компаниуд гадаадын анчдад ан, амьтнаа агнуулах үнийг урьдчилан тохирох замаар тогтоодог. Компани анчнаас зуучилж авсан мөнгөнөөсөө толгой тутамд агнуурын нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн хураамжийг тухай бүр төсөвт төлдөг хуультай. Сүүлийн жилүүдэд энэ ажил хамгийн ашигтай бизнесийн нэг болж хувирчээ.

Тусгай зориулалттай ан, агнуурын тоо хэмжээг Засгийн газар жил бүр баталдаг нь байгалийн нөөц баялгаараа төсөвт тодорхой хэмжээгээр түлхэц болгох, нөгөө талаар олсон ашгийн тодорхой хувийг тухайн зүйл амьтны амьдрах орчныг сайжруулж, хамгаалах, тоо толгойг нь өсгөх үүрэгтэй. Гэвч энэ нь хэсэгхэн хүмүүсийн бизнесийн талбар болж, улсад орох ёстой мөнгө нь ч хууль журмаараа орохоо больсон гажуудал, хуйвалдаан болж хувирсныг салбарын мэргэжилтнүүд мэр, сэр ярих боллоо.

Тусгай зориулалттай агнуурын бизнест агнах амьтан, анчин хоёр нь байвал өөр ямар нэгэн техник тоног төхөөрөмж, нарийн технологи, стандарт, дулаан, цахилгаан, усан хангамж, ажиллах хүчин, материал, түүхий эд, ажлын байр шаардагдахгүйгээрээ онцлог. Энэ бизнесийг одоо гарын арван хуруунд багтах цөөн хэдэн компани л хариуцдаг юм байна.

2012 оны эхээр Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар урд нь мөрдөгдөж байсан хууль, төлбөр хураамжийн хувь, хэмжээ хүчингүй болсон билээ. Нэг үгээр төлбөр, хураамжийн хэмжээ шинэ хуулиар нэмэгдсэн гэсэн үг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д “Гадаадын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг тухайн ан олзвор /трофей/-ын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гэж заасан байна. Өмнөх хуулиар бол 60-70 хувиар тооцдог байжээ. 

Агнуурын амьтны жишиг үнийг Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолоор 20 мянган ам.доллараар тогтоосон байдаг. Алтайн угалз нэгийг агнуулахад агнуурын нөөц ашигласны төлбөрт нь гадаадын анчдад зуучлагч компани төсөвт 14 мянган ам.доллар төлдөг байсан бол 2012 онд батлагдсан шинэ хуулиар 18 мянган ам. доллар болж төлбөр нь нэг угалзад дөрвөн мянган ам.доллараар буюу  20 хувиар  нэмэгджээ. Энэ мэтчилэн гадаадын анчдад агнуулдаг бүх төрлийн ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр 20 хувиар тус, тус нэмэгдсэн билээ. Харин тусгай зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ нь нэмэгдээгүй байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 06/

    хулгайчуудаас татвар авч чадахгүй байгаа БОНХЯ-д арга хэмжээ аваач. Батцэрэг авлига аваа биз. Тэгээгүй бол юу гэж ингэх вэ. Шалгуул.

    Хариулах