Г.Янсанжав: Өр зээлийг аж ахуйн нэгж, хувь хүн бүрээр нь ил тод болгомоор байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 21
 

Г.ГАНЧИМЭГ

Монгол Улсын гавьяат эдийн засагч Г.Янсанжавтай ярилцлаа.

-Төвбанк мөнгөний бодлогын хүүг хэвээр нь хадгаллаа. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Өнгөрсөн сонгуулийн үеэр жижиг намууд эрх баригч улс төрийн хүчнийг Монгол Улсыг зээлийн өрөнд унагаасан гэж их ярилаа. Төгрөгийн ханш унаад ам.долларын ханш өсч байгаа нөхцөлд валютын ханшийг яаж бууруулах вэ, мөнгөний бодлогыг яаж цэгцтэй байлгах вэ гэдэг нь чухал асуудал болоод байна. 2012 онд 1338 төгрөг байсан ам.доллар 2050 төгрөг болж, төгрөгийн ханш сүүлийн дөрвөн жилд 50 орчим хувиар унасан тухай МАН хөтөлбөртөө бичжээ.  Үүнтэй холбоотойгоор бүх хүний цалин буурчихсан шүү дээ. Зөвхөн цалин ч биш бүх тэтгэвэр тэтгэмж буурсан. Тэр үеийн 500 мянган төгрөгийн цалин 370 ам.доллартай /500000:1350/ тэнцүү байж.

Одоо ам.долларын ханшийг дунджаар 2000 төгрөг гэж бодвол 500 мянган төгрөгийн цалин чинь 250 ам.доллар /500000:2000/ болчихсон байна. Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөгийн цалин авч байгаа ч 120 ам.доллар буюу 240 мянган төгрөгийг ханшийн зөрүүгээс алдаж байгаа юм. Гэтэл яг энэ хэмжээгээр нь үнэ өсчихсөн. Үүнийг зохицуулахын тулд арилжааны банкуудын зээл явж байна. Цалин ерөөсөө хүрдэггүй, бүгд зээлтэй болчихсон байгаа. Ард түмний амьдрал зээлэн дээр тогтож байна. Тэтгэврийн хүн байсан ч зээлтэй, ажил хийж байгаа нь ч цалингийн зээлтэй байгаа. Зээл бүгдээрээ хэрэггүй гэж үзэж байгаа юм биш. Гэхдээ энэ их өр зээлийн асуудлыг одоо зохицуулах цаг нь болсон. Унаж буй машин, амьдарч байгаа байшин, тэр байтугай унтах ор, барьж байгаа утас нь ч зээл л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс яаж цаашид өр зээлийн дарамтаас гарах вэ. Эдэлж хэрэглэж буй бүх зүйл нь банкинд зээлийн барьцаанд байна шүү дээ. Ийм учраас л зээлийг зохих төвшинд барих хэрэгтэй. Энэ чинь мөнгөний бодлогоор л шийдэгдэх асуудал. Гэтэл өнөөдөр төгрөгийн ханшийг чангалаад гадаад валют, ам.долларын ханшийг сулруулаад явъя гээд байна. Үүнийг мэргэжлийн үүднээс авч үзвэл мөнгөний бодлогын хүүгээ нэмэх шаардлагатай. Нэмж байж л төгрөгийн ханш чангарна шүү дээ. Харин амьдрал зээлийн хүүг бууруул гэж шаардаад байдаг. Ийм хоорондоо зохицохгүй үзүүлэлтүүдийг мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийн оролцоотойгоор өмнөх Засгийн газар, шинэ байгуулагдах Засгийн газартай хамтарч ард түмэндээ үнэн зөв, ил тод мэдээлэл өгмөөр байна.

-Мөнгөний бодлогын хүүг өсгөвөл арилжааны банкуудын зээлийн хүү өснө. Тэгэхээр ард түмний нуруун дээр эргээд л дарамт болох юм биш үү? 

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас харахад ард түмэн ухаантай учраас саналаа нийлүүлж МАН-д нь өгсөн гэж бодож байна. Харин одоо эдийн засаг үнэхээр хүнд байдалд ороод байна уу, үгүй юу гэдгээ нийтэд ил тод болгох хэрэгтэй байна. Монголбанкны хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар “Төвбанкны үндсэн зорилт үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэжээ. Гэтэл өнөөдөр Төвбанкны хуулийн үндсэн зорилт биелэгдэхгүй байна. Төгрөг тогтворгүй болж, зүгээр цаас болчихсон гэж ярих болжээ. Тэр ч байтугай зарим иргэн цалингаа ам.доллараар тогтоолгож төгрөгөөр авч байя гэх яриа ч гардаг. Тиймээс ам.долларын ханшийг бууруулъя гэвэл зөвхөн гадаадаас орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Харин зээлийн хүүг нэмэгдүүлэх боломж байхгүй.

-Гадаадаас валют оруулж ирнэ гэхээр “Дахиад л зээл тавих нь” гэж ойлгогддог шүү дээ?       

-Үгүй л дээ. Мэргэжлийн Засгийн газар өөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад УИХ-аар батлуулахад гадаад валютын эх үүсвэрийг хэрхэн татахаа тусгаж өгөхөд л асуудал тодорхой болно.

-Үүнээс гадна манай улс таван төсөвтэй болчихлоо гэдэг асуудал яригдаж байна?

-Манай улс одоо таван төсөвтэй болчихоод байна гэж МАН-ын хөтөлбөрт дурджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бонд, төмөр замын төсөв тусдаа буюу улсын төсвөөс гадуур авсан зээлээ өрөндөө оруулж тооцохгүй байгаа юм уу. Эрх баригч хоёр том хүчин одоо үүний учрыг тайлж, ажлаа өгч авалцах нь дээр болов уу. Улсын төсвөөс гадуур авсан өр, зээлийн асуудлаа одоо ард түмэндээ ил тод болгох хэрэгтэй. Үнэхээр аваагүй юм бол эрхээ хүлээлгэж өгч буй хүчин “Энэ бол худал. Манай улсад таван төсөв байхгүй шүү дээ. Нэг л төсөвтэй” гэдгээ ард түмэндээ мэдээлэх цаг нь болсон. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх