Жирэмсэн эхчүүдийн жинхэнэ зовлон буюу эрүүл мэндийн салбарын “эмгэнэлт” үйлчилгээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 28 ・ 4

Мөнгөтэй бол амьдар, мөнгөгүй бол үх гэсэн бичигдээгүй хууль Монголын эрүүл мэндийн салбарт үйлчлээд удаж буй. Хүнд суртал, авлига хамгийн их цэцэглэсэн энэ салбарыг эрүүлжүүлэх талаас нь манай төр засаг ажилласан удаа үгүй. Харин ч хүний амийг мөнгөөр хэмжих нь зөв хэмээн өөхшүүлэх нь холгүй болж улс төрийн намуудын тоглоомын талбар болгон хувиргаж орхисон. Энэ салбарт сайдаар суусан ганц нэгхэн хүнийг эс тооцвол бусад бүх сайдууд нь салбараа мэдэхгүй самарч байлаа. Улс төрийн томилгоо нь эмнэлгийн дарга нарт халдварлаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хүний амь аврахын төлөө зүтгэх учиртай эмч, сувилагч нар нь даргаа эсэргүүцэн суулт зарлаж байсан эмгэнэлтэй тохиолдол ч бий.

Нэг ч өдөр эзэнгүй байх учиргүй эрүүл мэндийн салбарыг өнгөрсөн Засгийн газар ч тэр шинэ засгийн газар ч тэр үнсэнд хаясан шалз шиг орхиж, өнөө хэр томилгоо хийгдэлгүй явсаар. Үүнийгээ гэнэт ухаарчсан уу яасан. Эрүүл мэндийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг томиллоо. “Мэргэжлийн Засгийн газар” байгуулахаа амлан байж гарч ирсэн МАН-ынхан хүн бүрийн хамгийн чухал асуудал болох Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүний гарт атгуулах байх гэсэн хүлээлт нийгэмд байна.  

Энэ салбарт шийдвэрлэлтээ хүлээж байгаа болоод зайшгүй шинэчлэл хийх олон асуудал байгаа. Тухайлбал, Хариуцлага, хяналт шат шатанд алдагдаж, эмч нар нь үдээс өмнө төрийн ажлаа ор нэр төдий гүйцэтгэж, харин үдээс хойш нь хувийн ажлаа эрхэлж, бизнес хийдэг болоод удаж байна.Эмэгтэй хүний хувьд ээж болно гэдэг хамгийн сайхан мэдээ. Орчлонд нэг хүнийг нэмэх тэр баярт агшин юугаар ч солимгүй аз жаргал. Гэвч эмчийн хяналтад орохоос эхлээд л асуудал үүсдэг. Худлаа хэлсэн хүнд яах гэж хөл хүнд болов доо гэж харамсах нь энүүхэнд. Жирэмсэн эхчүүд уг нь бүх шинжилгээгээ өрхийн эмнэлэгтээ өгөөд, шинжилгээний хариу ирсний дараа нарийн мэргэжлийн эмч нартаа үзүүлээд явах бүрэн боломжтой.Гэтэл өнөөдрийг хүртэл энэ жижигхэн асуудлыг шийдэж чадсангүй. Өрхийн эмнэлэгтээ бүртгүүлж эмчийн дэвтрээ авна гэдэг аз эзийн асуудал.

Өрхийн эмч өрөөндөө байна гэдэг өдрийн од шиг ховор тохиол. Тэндээс шинжилгээний бүх бичгээ авсны дараа дүүргийн амбулатори дээр очиж шинжилгээнд хамрагдах асуудал бол азтай, бас чадалтай хүний л хийх ажил. Өглөө 08.30-аас эхэлсэн шинжилгээний өрөөнд өдөрт нэг өрхийн эмнэлгээс зургаан хүн л авах хуваарьтай. Тэр хуваарьт багтахын тулд хөгшин залуу, хүүхэдтэй, хүүхэдгүй, жирэмсэн, ДОХ, тэмбүүгийн шинжилгээ өгөх гэж байгаа олон янзын хүмүүс ёстой л “алалцаж” гарна даа. Хөгшин настай, хүүхэд тэвэрсэн, хөл хүндтэй бүсгүйчүүд л энэ тулаанд ихэвчлэн ялагдаж хоцорно. Эхний гурван сардаа, бас долоон сартайд дахин бүх шинжилгээнд орох учраас тэнгэр тулсан гэдэстэй ээжүүд эрчүүдийн хөлд гишгүүлэх шахам л тэнд шахуулан зогсох нь өрөвдөлтэй.

Энэ мэтээр өглөө болгоны 08:00 цагаас өдрийн 12:00 хүртэл “тулалдаж” байж долоо хоногийн хугацаанд бүх шинжилгээгээ өгч чадвал их юм. Үүний дараа өнөөх нарийн мэргэжлийн эмч нараар гарын үсэг зуруулна гэдэг их л тэвчээртэй хүний хийх ажил болно доо.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 29/

    odoo iim said tabihaar buur dordon shdee bolioo iun zogzezeg be.

    Хариулах
  • Батаа / 2016 07 сар 28/

    Хуулинд байгаа зүйл ангиар ял өгпөг шүүгчид хэдэн саяар цалинжаад хүний амьны төлөө чагнуураас өөр зүйлгүй эмч хэдэн зуугаар цалинждаг гээд боддоо эндээс л эхлэх ёстой

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 28/

    Эмнэлэгийн салбар удирдлагуудаас болж үнэхээр уналтад орсон байна Эрс шинэчлэл хи йх хэргэтэй цаг нь болсон байна шүү

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 28/

    jirmee eejuud ordnii gadaa jagsaal xiivel olnii anxaarliig tataj magad. ternees bish mongolchuud xol tolgoi ni xaanaa bgaag ch olj xaraxaa bolij dee. orovdoltei l bna shuu. irged ni shaardlagaa oligtoi tavij chadaxgui luivarchid ni tolgoi deer gartsan

    Хариулах