Өндөр цолтнуудын тоглоом болсон аймаг, сумын наaдам

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 29 ・ 5

Д.ЦЭРЭННАДМИД

1. БӨХЧҮҮД ХӨДӨӨНӨӨ “ЖҮЖИГ” ҮЗҮҮЛЖ ЯВНА

 

Улсын их баяр наадам түүхэн тэгш ойнуудтай давхацсаны учир тун өргөн болсон. 1024 бөх зодоглож аварга, арслангаас эхлээд олон цолтон төрж энэ тухай бахархаж бас янз бүрийн өнгө санаатай яриа одоо ч тасраагүй л байна. Гэхдээ улсын баяр наадмын бөх дажгүй болсон. Гуйлттай, гуйлтгүй дэндүү олон начин төрүүлснийг эс тооцвол. Бас өндөр даваанд шүүлт ямар болсныг, цэцийн шийдвэр зөв үү, буруу юу гэдгийг эргэцүүлсэн үг сонсогдсоор байгааг анзаарвал өөлөх юм бий л байх.

Харин ч энэ жилийн наадам сайхан боллоо гэх үгийг олонтаа сонслоо. Одоо хөдөөд хаа сайгүй наадам болсоор байна. Сайхан наадах ч сайхан л даа. Гэвч хөгийн гэмээр хачин юмс их дуулдах юм.

Тэр чинь юү вэ гэвэл аймаг, сумын наадмын бөх гэж булайгаар дүүрэн гэх. Булай нь юу юм бэ гэхээр улсын том цолтнууд аймаг, сумын наадам хэсч хөдөөгийнхнийг доромжилж яваа муухай нь аргагүй дүр зураг мөнөөс мөн. Тиймийн учир энэ тухай бичихээс аргагүйд хүрсэн юм. Гурав, дөрвөн жилийн өмнө манай сонинд “Дотоод үйлдвэрийн начин төрүүлсэн аймгийн наадмууд” гэсэн нийтлэл гарч байсан. Түүнийхээ үргэлжлэлийг одоо тэрлэх минь энэ.

Улсын наадмын өнгийг тодорхойлдог бүр тодруулбал үзүүр, түрүүнд яригддаг том бөхчүүд аймгийн наадамд очоод сумын заан залууд л унаад өгч байна. Хошин шогийнхны жүжиглэл ч юм шиг. Зарим унаагүй нь элэг бүсээ тайлна гээч. Ойрынхны жишээ цөөнгүй. Дархан-Уул аймгийн наадамд аварга, арслан тэргүүтэй олон бөх очиж барилдав гэх. Гэтэл улсын наадмын манлай болж байсан аварга Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс нар хоёр залуу бөхтэй дөрөвт үлдээд сүүлд нь алга болж энэ наадмын сүр сүлдийг бүр гутааж орхижээ. Тэгээд аймгийн арслан Г.Ганням түрүүлж, сумын заан Очирбат үзүүрлээд аймгийн заан болж байх юм гэнэ. Бас арслан П.Бүрэнтөгс, Д.Азжаргал хоёр Сэлэнгийн наадмын тавын даваанд Цогбаяр, Тулга гэх залууст тахимаа өгч түмнийг гайхшруулав. Ингээд тус аймгийн наадамд зодоглосон 256 бөхөөс улсын алдар цолтой 30-40 бөхийг ардаа орхиод хоёр залуу бөх үзүүр, түрүү булаалдсан байна. Энэ байдал тун шог байгаа биз. Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс гэдэг хоёр хүний хувьд бол яая гэхэв гэмээр ч хайран сайхан аварга, арслан цол. Тийм өндөр цолыг шороотой хутгаж орхих нь өөрсдийгөө ч доромжилсон хэрэг юм. Тэднийг наадамч олноо олон жил баясган цэнгүүлж явах сайхан бөхчүүд гэж хэн хүнгүй хайрын үгээр мялааж байдагсан. Гэтэл тэд түмний хайр, хүндлэлийг шавхайтай хутгаад хаячихлаа. Шившигтэй хэрэг.

“Гарьд магнай” кинонд Очир зааны “Монгол бөхийн дэнж ёс бусын юмаар сэвтэх учиргүй ээ” гэсэн үг бий. Тэгвэл одоогийн аварга, арслангууд нь хүртэл тав, гурван төгрөгнөөс болж үндэсний бөхийнхөө уламжлалтай алтан дүрэм, ёс жаягийг уландаа гишгэж гүйцлээ шүү дээ. Гэтэл яасан гээ. Багануурын наадамд очсон улсын цолтнууд маань дөрөв, тавын даваанд комбайнд өртсөн тариа шиг унасаар байгаад гарьд Б.Гончигдамба, харцага Ц.Содномдорж нар аймаг, сумын заан цолтой хоёр залуутай дөрөвт үлдэж. Тэгсэн долоогийн даваанд гарч ирээд гарьд, харцага хоёулаа нэг нь барилдалгүй, нөгөөх нь жаахан барьц авах дүр үзүүлж байгаад элэг бүсээ тайлж тэр залууст тахимаа өгөөд бас өвгөн бөхийн дүрээр тэднийг үнсэж харагдав. Тэгээд хоёр залуугийн нэг нь аймгийн арслан, нөгөө нь аймгийн заан болж байгаа юм. Ийм үйлдэл үзсэн наадамчид битгий наадам үймүүлээд бай гэж хашгирч байлаа. Үнэндээ энэ бол наадмын нэр хүндийг барсан өөдгүй доромжлол юм л даа. Бас л хайран сайхан цол хэргэм. Төрөөс өгсөн цол гэдэг цэвэр ариунаар хадгалж эзэн нь болж яваарай гэсэн болохоос ашиг хонжоо, арилжаа, наймааны хэрэгсэл болгож булайгаа тарьж яв гэсэн үг биш ээ. Хэрэв дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар нэг залууд даваа өгч үнсэх юм бол сайхан л харагдана даа. Харин эр бяр нь жигдэрсэн ид насандаа яваа бөхчүүд сумын заанд уначихаад үнсэж үнгэлж байгаа нь хэчнээн муухай харагдав даа.

Нэг хошин үгтэй найз маань найраа хийж тэднээс мөнгө төгрөг хүссэнээрээ авсан болохоор хайр  нь хүрээд байх л даа гэж егөөдөв. Энэ егөө үг үнэний л хувьтай байх. Тэр үнэтэй үнсэлтийг анх 2013 онд билүү дээ Хэнтий аймгийн наадмыг арслан, гарьд цолтон тэргүүлсэн хэдэн бөх холиож хаях үеэр улсын арслан Х.Мөнхбаатар санаачилсан гэдэг юм. Бууж өгсөн бөхөө учиргүй үнсээд л харагдсан. Утгагүй юм гэдэг чухамдаа үүнийг хэлнэ.

 

2. ЯГ Л НЭГ УДААГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ШИГ БӨХЧҮҮД

 

“Бөх маань ийм болчихлоо. Одоо яах вэ” гэсэн асуултыг Монголын үндэсний бөхийн холбооныхонд тавьмаар байна. Гагцхүү тэд хариулт хэлэхгүй л дээ. “Энэ жил аймаг, сумын баяр наадмыг хойшлуулснаас боллоо. Түүнээс биш бөхийн барилдааны дүрэм маань хүчин төгөлдөр байгаа” л гэсэн тайлбарархуу юм хэлнэ. Ингэж л хар цагаанаар өмгөөлөөд өнгөрөхийг хичээх болов уу?

Наадам болон бөхийн өргөөнд долоо хоног бүр шахам болдог барилдаанд олон бөх зодоглохыг л бөхийн хөгжил гэж эндүүрээд байна. Ерөөс тооны өсөлт олигтой юм биш дотоодод нь чанар гэж юм байж хөгжил, дэвшил бий болдог эдийн засгийн ухагдахуун байдаг шүү дээ. За тэгээд зөвхөн тоондоо биш дээрх жишээнээс эхлээд найрааны хүчээр чанаргүй цолтон төрж бөх дотроосоо “түүхийрээд” байгаа юм. Жил жилийн наадмаар олон начин төрдөг. Тэднээс дараа нь цолоо баталж байгаа нь бараг байхгүй. Энэ жилийн наадмаар гэхэд нэг ч начин цолоо батлаагүй шүү дээ. Хоёр, гурвын даваанд л “хог болж” байгаа юм даа. Энэ дүр зургийг харахнээ найрааны хүчээр цол авсан “жол бөхчүүд”-ийг нэг удаа хэрэглээд хаядаг аяга, тавагтай зүйрлэмээр.

Ер нь улсын цолтой бөхчүүд маань мөнгө бариад ирвэл амныхаа хүүхдэд ч сөхрөөд өгөх нь ээ дээ. Улсын баяр наадмын дараа Говь-Алтай, Дорноговь, Хэнтийгээс бусад аймаг наадмаа хийчихлээ. Гэтэл тэр аймгийн наадамд улсын арслан

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2016 07 сар 30/

    Монгол бөхөд олон асуудал бий хамгийн ичмээр нь 21-р зуунд хөлсөө арчих алчуургүй спорт

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 29/

    НААДМАА ТОВОЛСОН ХУГАЦААНДАА ЗЭРЭГ ХИЙ ХОТ АЙМАГ СУМД ТЭГЭЭД СУМАНД АВАРГА АРСЛАНГУУД ИЧИХГҮЙ БАРИЛДАХЫГ НЬ ХАРЦГАА

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 29/

    НААДМАА ТОВОЛСОН ХУГАЦААНДАА ЗЭРЭГ ХИЙ ХОТ АЙМАГ СУМД ТЭГЭЭД СУМАНД АВАРГА АРСЛАНГУУД ИЧИХГҮЙ БАРИЛДАХЫГ НЬ ХАРЦГАА

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 29/

    Монгол бөх бөх биш болсон,шунал-соёл хоёр нь сүлэлдсэн гэдэг яриа үүнийг л хэлээд байгаа юм,ерөөсөө монголд наадам наадам биш назгайрсан бужигнаан болж хичнээн хоног үргэлжлэн амьтаны ажил алдуулсан зүйл болж,хийх юмгүй уйдсан бөхчүүд аймаг сумаар хэсэж бай шагнал цуглуулаж иргэд олон түмнийг тохуур

    Хариулах
  • sumo shig deed dood gd huvaachihaar yum tegvel iimerhv hogin yum garhgui shd s / 2016 07 сар 29/

    sumo shig deed dood gd hu

    Хариулах