Учир мэдэхгүй хүүхдүүд контр-страйкийг бодитоор нь тоглох цөвүүн цаг ирэх вий

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 29

Хөвсгөл аймгийн Түнэл суманд зургаан настай хүүхэд галт зэвсэг ашиглаж төрсөн дүүгээ буудаж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа, Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн нутагт дөрвөн настай хүү өөрийгөө буудаж, хөнөөлөө гээд ноцтой хэргүүдийн цуваа сүүлийн үед тасрахгүй байна. 
 
Гэтэл өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, иргэдийг цочроосон хэрэг гарлаа. Тодруулбал, тус өдрийн оройн 23.00 цагийн орчимд Их тэнгэрийн амны ойролцоо буун дуу 10 гаруй удаа гарсан байгаа юм. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийн сэжигтэнийг эрэн сурвалжилсан хэвээр байна. Энэ байдлаар тун удахгүй хотын төвд учир мэдэхгүй хүүхдүүд компюьтер тоглоом буюу контр-страйкийг бодитоор нь тоглох вий дээ.
 
Галт зэвсгийн хэрэг ийнхүү тасрахгүй харин ч гаарсаар байгаа нь Галт зэвсгийн хууль сул эсвэл энэ талын хуулийг иргэдэд сурталчилж чаддаггүй байгаагийн хар гай. Гэтэл өдөр тутамд хэрэглэдэг талх шиг л манай Монголд хэн хүссэн нь сонирхож байгаа галт зэвсэг, сум зэргийг худалдан авч байна. Хүнс, бараа борлуулдаг зах, худалдааны төв дээр нь бөөн бөөн хүн зогсоод “сум зарна, сум зарна” гээд зогсч байдаг хэтэрсэн, даварсан “эрх чөлөөт” орон хэд байдаг бол доо. 
 
2014 онд л гэхэд улсын хэмжээнд иргэдийн гар дээр бүртгэлтэй галт зэвсэг 44 мянга гаруй. Үүнээс 15 мянга орчим галт зэвсэг нь нийслэлийн иргэдийн гар дээр байна гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ тоо хэдээр нэмэгдсэн болоод албан ёсоор бүртгүүлээгүй хэчнээн галт зэвсэг байгааг таашгүй. Тиймээс иргэдэд галт зэвсэг гэдэг зүйл хэн хүссэн нэгэн нь ашиглаад, хадаглаад байдаг зүйл биш. Тоглоом биш гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй байна. 
 
Уг нь Монгол Улсын хуулиар галт зэвсэг болон сумыг хууль бусаар худалдан авсан, борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ хэмээн заасан байдаг. Хэргийнхээ уг чанараас хамаарч тав хүртэл жилийн хорих ял хүлээлгэдэг. Мөн иргэд бүртгэлтэй галт зэвсэгээ буруу ашиглаж, хадгалж байснаас болоод хүний амь нас эрсэдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тиймээс галт зэвсгийг хадгалах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Уг нь сүүлийн үед албан ёсны зөвшөөрөлтэй галт зэвсгийн дэлгүүрүүдээр зарагдаж байгаа галт зэвсгийг аюулгүй хадгалж, хамгаалахад зориулагдсан эд хэрэглэл олон бий болсон.
 
Тиймээс нэгэнт галт зэвсэг ашиглах, хадгалах гэж байгаа л бол учир мэдэхгүй баяцхан хүүхдээ болон өөрийгөө хамгаалах буюу эзэмшиж буй галт зэвсгээ аюулгүй хадгалдаг байх шаардлагатай байна. Учир нь галт зэвсэг тоглоом биш хүний амь настай шууд холбоотой зүйл. Тиймээс зөвхөн эзэмшигч нь л тухайн галт зэвсгийг хэрэглэж болохоор аюулгүй байлгах хэрэгтэй байна. 
 
www.mminfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх