Хөгжлийн банкийг шалгах цаг нь одоо л ирж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 19

Хөгжлийн банкийг шалгах цаг нь одоо л ирж байна

 

 

-Хөгжлийн банканд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тус банкны үйл ажиллагаанд мөрдөх шаардлагатай дүрэм журам батлагдаагүйг дүгнэж байжээ- 

 

Өнгөрсөн Лхагва гарагт Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоох шийдвэр гаргасан. Эдгээр хөтөлбөрүүдийг зогсоох болсон шалтгаан нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухайн хэд хэдэн хуулийг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл, “Сайн хөтөлбөр”-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж хэрэгжүүлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг нь энэ оны улсын төсөвт суулгалгүйгээр УИХ-ын сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж нийтдээ 596 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн юм. 

 

Энэчлэн ихээхэн хөрөнгө мөнгө төсвөөс гадуур зарцуулагдсан учраас нэгдсэн хяналт шалгалт хийх үүргийг Засгийн газраас холбогдох байгууллагад нь үүрэг өгсөн байна.

 

Юун түрүүнд “Хөгжлийн банк”-нд шалгалт оруулж өнгөрсөн хугацаанд санхүүжүүлсэн бүхий л төсөл хөтөлбөрүүдийн зарцуулалтын тайлан баланс, мөн аудитын газраас тус банканд хийсэн шалгалтын бичиг баримт гээд нэлээд олон зүйлийг шалгахаар нэгдсэн шалгалт орох болсон байна.

Түүнчлэн шалгалт оруулахаас өмнө тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчилж гадна дотны шахалтгүйгээр дотоодын хяналт шалгалтыг явуулж үүний дараа илэрсэн зөрчлийг Засгийн газарт өгөх аж.

 

Ингээд тус банк өнгөрсөн хугацаанд төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой зээлийг хуулийн хүрээнд өгч байсан эсэх, мөн тус банкны удирдлагын багт ямар, ямар хүн ажиллаж байсан гэх зэрэг олон ноцтой баримтыг энэ удаа уншигчдад хүргэх гэж байна. Тиймээс доор бичигдсэн зүйлийн аль нь үнэн аль худал болохыг Засгийн газраас хийгдэх гэж буй хяналт шалгалтууд эцэслэн тогтоох буй зээ. 

 

АЖЛЫН ТӨСӨВТ ӨРТӨГ ТОДОРХОЙГҮЙ БАЙХАД ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙСАН

 

“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа авто замын барилгын ажлуудад гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийхгүйгээр хуучнаар Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 04 сарын 05-ны өдрийн 29 дүгээр тушаалаар баталсан “Түр журам”-ыг үндэслэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж санхүүжилтүүд олгосон нь аудитын шалгалтаар тогтоогджээ.

 

Уг журам нь нэгдүгээрт, сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулахыг зөвшөөрч тендерийн хуулийг зөрчсөн, хоёрдугаарт, уг журмыг хууль зүйн яаманд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр акт биш аж. Уг ЭЗХЯ-ны сайдын хүчин төгөлдөр бус журмыг баримтлан нийт 200 сая ам.долларын зээлийг “Гудамж” төсөлд олгосон байна.

 

“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй ихэнх ажлууд нь ТЭЗҮ, зураг төсөл нь хийгдээгүй, төсөвт өртөг нь тодорхойгүй байхад Хөгжлийн банк нь ойролцоо дүнгээр гэрээ байгуулан зээл олгодог бөгөөд ажлын төсөвт өртөг гэрээ байгуулснаас хойш байнга нэмэгдэж, түүний дагуу тооцоо судалгаагүйгээр санхүүжилт нэмж олгосоор байна. Өөрөөр хэлбэл, тухайн ажлын төсөвт өртөг тодорхойгүй байхад зээл олгож, үүнийгээ даагаад тухайн ажлын хүрээнд гарсан зардалд нь нийцүүлэн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хууль дүрэм зөрчиж байна. 

 

ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИЖ БУЙ ЭСЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ТОГТОЛЦОО ХӨГЖЛИЙН БАНКАНД БАЙХГҮЙ 

 

Хөрөнгө оруулалтын зориулалтаар гаргасан Засгийн газрын үнэт цаас (Чингис бонд)-ны хөрөнгийг УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолд “нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулахыг” Засгийн газарт даалгасан.

 

Гэтэл Хөгжлийн банк нь “Төслийн нэгж” нэртэй төсвийн хөрөнгийг үргүй зарцуулагч нарт, тухайлбал: “Гудамж” төслийн нэгж, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгж, “Хүрэн нүүрснээс байгалийн синтетик хий үйлдвэрлэх” төслийн нэгж, “Шинэ төмөр зам” төслийн нэгж тус бүрт зөвхөн үйл ажиллагааны зардал (үндсэн хөрөнгө, машин худалдан авах, ажилтнуудын цалин (Гудамж төсөл гэхэд 70 гаруй ажилтантай), бичиг хэргийн зардал г.м) нийт 17.0 тэрбум төгрөг олгосон байна.

 

Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудад санхүүжилт олгох ёстой байтал Төслийн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлж, дээрх УИХ-ын тогтоолыг зөрчиж байгаагийн дээр эдгээр төслүүд хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих тогтолцоо Хөгжлийн банканд байхгүй байна.

УИХ-ЫН ТОГТООЛД ЗААГААГҮЙ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ӨР, ТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН 

 

Түүнчлэн Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор /АҮЦ/ барих төслийг эхлүүлэхэд (энэ цогцолборыг усны нөөц болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр барих боломжгүй гэж дүгнэсэн, ТЭЗҮ хийгдээгүй) АНУ-ын компаниас хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор 7.9 тэрбум төгрөг, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д, мөн АНУ-ын компаниас хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор 10 сая ам.доллар олгох зээлийн гэрээ байгуулаад хэсэгчлэн олгож байна.

 

Мөн Хөрөнгийн биржид 8.7 сая ам.долларын зээл олгож, Хөгжлийн банкны хуулинд заасан “УИХ-аас баталсан томоохон төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ” гэсэн заалтыг шууд зөрчиж, УИХ-ын тогтоолд заагаагүй Хөрөнгийн биржийн өр, төлбөрийг санхүүжүүлсэн. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх