С.Дашзэвэг: Хүнд итгэл үзүүлнэ гэдэг өөрөө хамгийн том чанар

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 20

1991 онд Зэвсэгт хүчний ангид салаан захирагчаар ажлын гараагаа эхэлж байсан шавилхан дэслэгч залуу өнөөдөр хариуцлагатай ажил албыг нугалсан дадлага, туршлагын их уурхай болон ажиллаж байна. Энэ бол хурандаа С.Дашзэвэг юм. Тэрээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, Ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилладаг юм.

-Монголын Зэвсэгт хүчинд ачаа үүрэлцэж яваа нэг эрхмийн хувьд таныг гэж харж байна. Хожмын нэг өдөр чадварлаг, мэргэжлийн Зэвсэгт хүчний төлөө ажиллаж байсан цаг хугацаагаар бахархан суух байх. Таны хувьд Зэвсэгт хүчинтэй хэзээнээс холбогдов?

- Миний төрж өссөн нутаг гэвэл Баянхонгор аймгийн Жаргалант сум. Их сайхан нутаг. Уул толгод, ухаа гүвээний аль нь ч дотно сайхан. Миний хувьд 1987 онд сумандаа аравдугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн команд, явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж төгссөн хүн. Сонсогч болохоос өмнө аав асууж байна. "Миний хүү ямар мэргэжил сонгох гэж байна" гэхээр нь "Цэрэг болно" л гэсэн. Хүүхэд байхдаа цэргийн хувцастай ах нарыг хараад "Цэрэг болно" гэдгээ шийдчихсэн хэрэг л дээ, ер нь. Тэгээд шийдвэрээ аль эрт гаргачихсан. Цэргийн хүн болоход нөлөөлсөн өөр нэг алхам бол тэр үед зохион байгуулагддаг байсан "Дөл" тоглолт. Ахлах ангийн сурагчдын биеийн тамир, бэлтгэл сургуулилтыг сорьсон энэ тэмцээний ачаар олон хүн цэргийн болохоор шийдсэн байдаг юм. Энэ тэмцээний үеэр цэрэгжлийн багш, ахмад Н.Эргээ "Миний хүү цэргийн хүн бол" гэж захиж байсан ч бас нөлөөлсөн байна.

-Та хаана, хаана үүрэг гүйцэтгэж байв. Хамгийн тод дурсамж, сургамж болсон ямар үүрэгт ажил байдаг вэ?

-Цэргийн Нэгдсэн дээд сургуулиа 1991 онд төгсөж, ажлынхаа анхны гарааг Их говийн гарнизон хэмээх нэрлэгдсэн Зүүнбаянгийн 126 дугаар нэгтгэлийн Зэвсэгт хүчний 132 дугаар ангид мотобуудлагын салааны захирагчаар эхэлж байлаа. Дараа нь салаа, ротын захирагчаар, 1993-1998 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүндэт харуулын салаа, ротын захирагчаар, 1998-1999 онд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид штабын орлогч, сургалт эрхэлсэн орлогчоор, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, ЗХЖШ-ын Цэргийн алба, соёл хүмүүжлийн хэлтсийн орлогч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч зэрэг цэргийн бүхий л шатанд ажиллаж туршлага хуримтлуулсан байна. ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, Ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2013 оны арванхоёрдугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацааг эргээд харахад мэдэхгүйгээсээ мэдэх хүртлээ, чадахгүйгээсээ чадах хүртлээ зүтгэжээ гэж харж байна. Энэ нь албандаа төдийгүй хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах, хүнтэй ажиллаж сурах, бусдад итгэл хүлээлгэх, өөрөө итгэлийг нь хүлээж ажиллахын төлөө хичээх гээд арми надад олон зүйлд сургасан гэж боддог. Ялангуяа, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчаар ажилласан цаг хугацаа маань дадлага, туршлагын он жилүүд байжээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, анги байгууллагынхаа үйл ажиллагааг улам төгөлдөржүүлж, алба хаагчдынхаа боловсрол мэдлэгийг дээшлүүлж, нийгмийн хамгаалалд нь анхаарах гээд завгүй цаг хугацаа. Манайхан ч гар нийлэмжтэй, хөдөлмөрч мундаг залуучууд. Зэвсэгт хүчний тэргүүний жагсаалч анги, шилдэг тохижилттой анги, Зэвсэгт хүчний биеийн тамир спортын уралдаанд тэргүүн, дэд байранд шалгарч, даргыгаа мөн ч их баярлуулсан даа.

-ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрынханд оролцохгүй ажил, гүйцэтгэхгүй үүрэг гэж алга. Газрын даргынхаа ачаалалаас үүрэлцдэг, ажлыг нь гардан зохион байгуулах их ажил таны нуруун дээр ирдэг байх?

-Өө, тэгэлгүй яах вэ. Манай газар Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын өдөр тумын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, цэргийн алба, сахилга зохион байгуулалт, сургалт бэлтгэл, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулна. Түүнээс гадна Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, олон улсын хамтарсан сургууль, сургалт, дадлагууд зохион байгуулан явуулахад газрынхан гол ачааг нь үүрнэ. Миний хувьд газрынхаа даргыг тэр болгон оролцуулаад байхгүйгээр бусад хэлтсийн дарга нартайгаа хамтран ажил албыг сайхан явуулахын төлөө ажилладаг. Ер нь Зэвсэгт хүчний удирдлагаас өгсөн ямар ч үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө өөрт байгаа ямар хүч бололцоо байна түүнийгээ дайчлан ажиллах сайхан шүү дээ. Сүүлд нь даалгасан ажлыг нь сайн биелүүлчихээд илтгэх бүр ч сайхан. Зэвсэгт хүчний удирдлагаас олон томоохон ажлуудыг надад итгэл хүлээлгэн даалгадагт битүүхэндээ талархаж явдаг юм. ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Бямбажав дарга надад олон ч ажил даалгаж байсан. Үүнд нь би талархаж, тэр чанараараа олон ажлыг удирдан зохион байгуулж, сурч, мэдэж, өөртөө асар их мэдлэг, дадлага хуримтлуулж авсан гэж боддог. Жишээ нь БНӨСУ-д явагдаж буй энхийг дэмжих ажиллагааны хоёр дахь мотобуудлагын батальоны захирагчийн орлогчоор томилсон тухай юм. Дарга өрөөндөө дуудаад "Дашзэвэг ээ, чи чадах уу хө" гэж асуухад нь "Та надад итгэл, найдвар хүлээлгэж байгаа бол би чадна" гэж хэлсэн. Дараа нь үүргээ биелүүлж ирчихээд "Таны өгсөн итгэлийг алдахгүйгээр үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ" гээд илтгэж зогсож байсан маань сайхан санагдаж билээ.

Дараа нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Оросын холбооны Улсад зохион байгуулагдсан "Эх орны дайны түүхт ялалтын 70 жил"-ийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох цэргийн алба хаагчдын бэлтгэлийг хариуцан ажиллах, ахлаж явах үүргийг мөн л өгсөн байлаа. Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын 250 цэргийн алба хаагч, оюутан, залуучууд оролцсон "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялал, жил бүрийн Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал гээд удирдлагын өгсөн үүрэг бүрийг чин сэтгэл зүтгэлээ гардан хариуцаж хийж явсандаа талархдаг юм. Хамгийн сүүлд гэхэд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хамгаалалтанд бие бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж оролцуулсан гээд цэрэг эрстэйгээ, журмын нөхөдтэйгээ хамтдаа том, том ажлын ард гарсан байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх