Хар тамхины хар зах: Диллер, хассл, дэлгүүр...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 24
 

Б.ЭНХЗАЯА

Залуусын дунд тахал мэт түгэж буй хар тамхины хэрэглээ, түүний аюулын талаар манай сонин хөндөн бичиж байгаа билээ. Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон залуусын тоо жил ирэх тусам хурдтай өсч, тэднийг хуулийн байгууллага хяналтаасаа алдаад байна. Тийм атал хар тамхи хэрэглэдэг залуусын нэг өдрийн хэрэглээний мөнгөөр л Монгол Улс бүтэн жилийн турш энэ төрлийн гэмт хэрэгтэй “тэмцэх” бодлогыг санхүүжүүлдэг нь нийтлэлийн явцад харагдсан. Нийтлэлийн дараа залуусын ирээдүйд санаа зовнисон, цагаан тахлын аюулыг жигшсэн, хар тамхитай тэмцэх Монгол Улсын бодлогыг шүүмжилсэн олон уншигч сонины редакцитай холбогдож байр сууриа илэрхийлж байна. Тэдний дундаас нэгэн уншигчийг энэ онцолж ярилцлаа.

Тэрээр “ice” буюу “мөс”-ний хэрэглэгч байж. “Мөс” хэрэглэснээс болж бараг амь тавихын даваан дээр түүнээс татгалзаж, аюулт эмгэгээс өөрийгөө ангижруулж яваа нэгэн ажээ. Эмгэг гэж онцолсон нь учиртай. Манай улсын хувьд хар тамхи хэрэглэгчдийг гэмт хэрэгтэн гэж үзэн хариуцлага тооцдог хуультай. Тэр нь ч зөв. Гэхдээ хариуцлага тооцохоос өмнө хар тамхины донтолтыг өвчин, эмгэг гэж харж, эмчилгээг түлхүү хийх ёстойг тэрээр онцолсон. Монгол Улс хар тамхинд донтогчдоос торны цаана суулгаж ангижрах уу, эсвэл эмчилж зөв замд нь оруулах уу. Энэ тухай тэрээр бас судалжээ. Түүнтэй адил хар тамхинаас ангижрах хүсэл зорилготой олон залуус байгаа. Тэд ч бас дуу хоолойгоо гаргаж, нийгэмд тархаж буй чимээгүй тахлыг илчлэхийг хүсч байгааг ярилцлагч тэмдэглэсэн юм. Өмнөх нийтлэлүүдэд онцолсноор хар тамхины аюулыг зөвхөн хөрөнгөтэй айлын хүүхдүүд “түгээгч” байхаа больж, нийгмийн бүхий л давхаргыг хамарсан. Тэдний дунд хар тамхины ямар наймаа өрнөдөг, бидний төсөөлөөгүй ертөнц, “хар зах” бий болсныг нэрээ хэлэхийг хүсээгүй зочин маань илэн далангүй ярьсан юм. Энэ ярилцлага уншигч танд муугаар үлгэрлэх сэдэл болохгүй гэдэгт найдаж байна. Гагцхүү хар тамхи гэгч цагаан тахал цөөхөн монголчуудыг мөдхөн залгих мангас бүү болоосой, бодит байдлыг төр, засаг анхааралдаа авч хүчтэй тэмцээсэй гэсэн үүднээс энэхүү ярилцлагыг бэлтгэлээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та “мөс” хэрэглэдэг байсан гэлээ. “Мөс” бол хар тамхины төрлүүд дундаас хамгийн аюултай нь гэж үнэн үү?

-Би анх гурван жилийн өмнө найзынхаа санал болгосноор “мөс” хэрэглэж үзсэн. Түүнээс хойш сарын дараа дахиж татсан. Эхлээд сардаа нэг удаа татдаг юм шүү гэж өөртөө амалсан. Дараа нь долоо хоногт нэг удаа болсон. Бүр болиод хоногтоо нэг удаа татахыг хичээсэн. Гэвч миний хүссэнээр болоогүй. Хар тамхи хэрэглэснээс хойш би маш хурдан турсан. Бараг нүднээс гарсан. Хүмүүс хар тамхи татсан хүмүүсийг мансуурч, биеэ хянах чадваргүй болдог гэж ойлгодог. “Мөс” бол тийм биш, эсрэгээрээ. Геройн, морфин энэ тэр бол мансууруулах, өвчин намдаах үйлчилгээтэй бол “мөс” сэргээш гэсэн үг. Бид ямар нэг зүйлээс таашаал авдаг шүү дээ. Хоол идэж, ажлаа бүтээсний дараах тэр мэдрэмж. Тархинд тэр мэдрэмжийг ялгаруулдаг бодисын хэмжээг “мөс” ихэсгэчихдэг. Хүний биед байгаа бүх чадал тэнхээ, нөөцийг шавхаад гаргачихдаг гэж ойлгож болно. Өвчин мартагдана, сэтгэл санаа өөдрөг болно. Унтаж, ядрахаа мэдэхгүй. Хоол ч идэхгүй хэд хоногоор явна. Би хувьдаа гурав хоног унтахгүй, хоол идэхгүй явж үзсэн. Бүр тав хоног унтаагүй, хооллоогүй яваа нэгэнтэй ч таарч байлаа. Сүүлдээ тэр хий зүйл харж, өөртэйгөө ярьж эхэлсэн гэсэн.

“Мөс” бол хүнийг физиологийн хувьд маш их ядраадаг. Унтахгүй, хоол идэхгүй удаан хугацаанд байхад огцом хэмжээгээр булчингийн массаа алдаж эхэлнэ.  Ингэхээр мэдээж дархлаа суларч өвчлөмтгий болно. Дараа нь бүр яс арьс болдог. Муухай ааштай болно, худлаа ярьж хийхгүй гэснээ хийнэ. Бүх зүйлээс айна. Гэр бүл, бүхий л орчноос тасарчихдаг. Хэрэглэдэг хүмүүс шөнө ер унтдаггүй. 00:00 цагаас хойш дэлгүүр нээгдэж, наймаа эхэлдэг.

-Хар тамхи худалдаалдаг дэлгүүр байдаг хэрэг үү?

-Үгүй хасслуудыг хэлж байгаа юм.

-Хассл гэж?

-Хассл гэж диллерээс эцсийн хэрэглэгчид хүргэдэг зуучлагч. Диллер гэдэг нь урдаас бөөнөөр бараа оруулж ирж хасслд өгдөг хүмүүсийн нэршил. Хассл эцсийн хэрэглэгчид худалдана. Хар тамхины наймаа ийм шат дараатай явдаг. Хятадад нэг гр “мөс” 40-60 мянган төгрөгийн үнэтэй. Диллерүүд түүнийг бөөнөөр оруулж ирээд, дундаас нь ашиг хүртэж нэг граммыг хасслуудад 300 мянгаар зарна. Хассл түүн дээр 100 мянган төгрөг нэмж хэрэглэгчид зарна. Ингэж нугардаг бизнес болохоор диллерүүд хэзээ ч олддоггүй. Олдсон ч хасслууд нь диллер болчихдог. Хассл баригдвал эцсийн хэрэглэгч хассл болох жишээтэй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх