Д.Бадамсүрэн: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс их хордож байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 25

Р.ОЮУН

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Д.Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Хоол боловсруулах эрхтэний ямар өвчлөл түгээмэл байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Манай тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 70 хувь нь элэгний цирроз ээнэгшлээ алдчихсан, нойр булчирхай хайлчихсан, ходоод, хоол боловсруулах дээд замын цус алдалттай өвчин нь хүндэрсэн хүмүүс ирдэг. Хоол боловсруулах эрхтэнд улаан хоолой, ходоод, дээд гэдэс, бүдүүн, нарийн гэдэс, элэг, цөс, нойр булчирхай ордог. Монгол Улсад халдварт бус өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэний эмгэг багтдаг. Үүн дотроо элэгний өвчлөл тэргүүлж байна. ДЭМБ-ын гаргасан тооцоогоор 2030 он гэхэд бусад хөгжилтэй улс оронд зүрхний шигдээс, харвалт тэргүүлэх хандлагатай байгаа. Харин Монголын хувьд элэгний цирроз ихсэх хандлагатай байна гэсэн. Өнгөрсөн жилээс эхлээд “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжүүлж С вирусын тархалтыг 2020 он гэхэд зогсоохоор ажиллаж байгаа нь үр дүнтэй болж байна. Харвони эм орж ирсэнтэй холбоотойгоор элэгний С вирусын өвчлөл буурах хандлагатай ч В вирусын тархалт их байна. Үүн дээр архины шалтгаант элэгний эмгэг нэмэгдэж байна.

-Архи хоол боловс­руулах эрхтэнд яаж нөлөөлдөг вэ?

-Сүүлийн үед Монголд архисах өвчин ихэссэн. Архисах өвчний дор архины улмаас үүсч буй элэгний эмгэгүүд, нойр булчирхайн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Мөн эмийн шалтгаант өвчин сүүлийн үед их ирэх боллоо. Эмийн замбараагүй хэрэглээтэй, дур мэдэж эм уух, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд замбараагүй хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нэг аюултай зүйл нь эмч бичиж өгдөггүй, сүлжээгээр мэргэжлийн бус хүмүүсийн үгээр их хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд хортой.

-Тэгвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хүний биед сөргөөр нөлөөлж байна гэж ойлгож болох уу?

-Монгол хүний элэг эмийн болон архины төрлийн бодисыг удаан задалдгийг манай зөвлөх эмч, академич, Б.Цэрэндаш багшийн судалгаагаар нотлосон. Хүнсний нэмэлт бүтээг­дэ­хүүнүүдийг ихэвчлэн  европын оронд үйлд­вэр­лэдэг. Тэнд том биетэй жин ихтэй хүмүүст зориулж үйлдвэрлэсэн нэмэлт бодисуудыг энд монголчууд тэр тунгаар нь хэрэглэхээр эмийн хордлогод ордог. Эмийн хордлого нь элэг, бөөрний хавсарсан дутагдлаар илэрдэг. Би эмч болсноосоо хойш ийм зургаан тохиолдолтой таарсан ч нэг хүнийг л аварч чадсан. Тэгэхээр ямар хүнд байдалд ордог нь ойлгомжтой байх.

-Сүүлийн үед хүмүүсийн амнаас нойр булчирхай өвдөөд гэсэн үг их гарах болж. Энэ юунаас болж байна вэ?

-Сүүлийн үед асар хурдацтай нэмэгдэж байгаа өвчлөл бол цөсний шалтгаант нойр булчирхайн хурц үрэвсэл. Нойр булчирхай хайлаад орж ирж байна. Энэ нь нэг талаасаа архины шалтгаантай, нөгөө талаасаа цөсний шалтгаантай. Үүний дараа ходоодны хеликобактери яригдана. Ходоодны хеликобактери нь ариун цэврийн нөхцөл муу хөгжингүй орнуудын өвчин гэж нэг талаар тодорхойлдог. Сүүлийн үед гарч байгаа аюултай зүйл нь манайхан антибиотик замбараагүй хэрэглэснээс хеликобактери нь дасан зохицдог. Өнгөр­сөн зун хий­сэн Х.Оюунцэцэг багшийн судалгаагаар хеликобактерийн үед уудаг эмэндээ 37 хувь нь дасал болчихсон байсан. Энэ эмийг бөөр, нойр булчирхай, цөс, уушгины үрэвсэлд хэрэглэдэг. Гэтэл хеликобактерид уусаар байгаад бусад өвчинд үйлчлэхээ больсон. Тиймээс эм, тангын замбараагүй хэрэглээг больж, мэргэжлийн эмчид хандаж, зайлшгүй шаардлагатай үед л эм уугаач гэж хэлмээр байна. Зөвхөн парацетамол гэхэд Монголд 44 хэлбэрээр орж ирж байна.

-Ходоод цанхайж, гэдэс дүүрэх нь юутай холбоотой вэ. Идэж, ууж байгаа хоол хүнснээс болж байна уу. Ийм тохиолдолд яах ёстой вэ?

-Ходоод цанхайж, гэдэс дүүрэх нь олон шалтгаантай. Гэдэсний өөрийнх нь эмгэг, ходоод, нойр булчирхай, цөс байж болно. Мөн нийгмээрээ стресстэй байна шүү дээ. Стресстэй байхад улаан хоолойноос эхлээд шулуун гэдсийг дуустал гэдэсний булчингууд агшилт өгдөг. Гэдэсний булчингийн мэдрэлжүүлэлтийн саа, саажилттай холбоотойгоор гэдэс дүүрч томрох тал байдаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх