Монгол төрийн хараа хүүхэд хамгааллаас холдох учиргүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 27

С.УЯНГА

Арчаагүй аав, ээжийнхээ архины мөнгийг залгуулах гэж гуйлга гуйна. Эсвэл хэрцгий хойд аав, хүйтэн сэтгэлтэй хойд ээжийн гарын шүүс болж гадуур тэнэхээс аргагүйд хүрнэ. Идэх хоол, өмсөх хувцсаар дутагдаж хулгай хийгээд шийтгүүлнэ гээд эмзэг давхаргын хүүхдүүдийн амьдрал бидний нүдэн дээр ив ил байна. Өөрөөсөө бус төрүүлсэн эцэг эхийнхээ хариуцлагагүйн  буруугаас алдаж эндэж яваа  тэднээс элэг нэгтэн нь хулгай хийчихнэ, хувцас бохирдуулчихна хэмээн эмээж зугтдаг. Харин харийн иргэд хэдэн халтар төгрөг сарвайдаг дүр зураг тогтоод уджээ. Энэ байдал  бүр нүдэнд дасал болчихож. Уг нь улс орны ирээдүй, нийгмийн нэгэн хэсэг болсон тэдгээр хүүхдүүдийг өөд нь татаж өргөөд босгох гэр бүл, найз нөхөд байдаггүй юм гэхэд өрөвдөж энэрэх эх орон баймаар. Хайраар тэтгэх эцэг эхгүй тэднийг хайхрах  төр засаг  баймаар. Гэвч тэнэмэл гэх тодотголтой, амьдралын боломж тааруу хэмээн дүүрэг хороондоо бүртгэлтэй тэднийг жилдээ цөөн удаа цуглуулж ундалж хооллоод эргүүлээд гудманд нь “тавьчихдаг”. Эсвэл эд материал төдийнхнөөр нүдийг нь хуурахаас хэтрэхгүй байсаар өнөөг хүрлээ.

Нийгмийн эмзэг давхаргын эдгээр хүүхдүүдэд санаа тавих үүрэгтэй төрийн болон сайн дурын байгууллагууд олон ч гарт баригдаж, нүдэнд харагдахаар үр дүнтэй ажилласан нь ховор юм. Ядаж Монгол хүүхдүүд ямар орчинд, яаж амьдарч байгааг судалсан бодитой тоо баримт алга. Эсвэл хэдэн жилийн өмнөх, санхүү мөнгөний асуудлаас болж судалгаа хийж чадаагүй гэх нийтлэг хариулт л өгдөг. 

Тэгвэл монгол хүүхдүүд бодит амьдрал дээр ямар орчинд, хэрхэн өсч торниж буйг НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан судалжээ. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдүүдийн ядуурлын шалтгааныг гадаадын эрдэмтэд нарийвчлан судалсан байна.

Судалгаанаас харахад өрхийн орлогын түвшин хүүхдийн гачигдалд нөлөөлөх чухал хүчин зүйл болжээ.Орлого муу, ядуу айлын хүүхдүүд давхацсан хэд хэдэн гачигдалд өртөж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас танилцуулав.  Жишээлбэл, ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртөж байгаа бол 24-59 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг таван гачигдалд өртөж байгаа гэнэ. Насны ангиллаар судалгааны үр дүнг харвал 0-5 насны 10 хүүхэд тутмын долоо нь буюу бараг 70 хувь нь усан хангамж, ариун цэврийн байдал, орон сууцны байдал, хүнс тэжээл буюу хөхний сүүгээр дутагдаж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Xүүхдийн эрүүл мэнд өсч хөгжихөд амин чухал шаардлагатай нийгмийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан үздэг учир хүүхдэд тулгарч буй гачигдлууд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой, давхацсан, олон төрлийн байдаг бөгөөд энэ нь хүүхэд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдэд асар их сөрөг үр дагавартай болохыг харуулдгаараа ач холбогдолтой ажээ.

Хүүхдийн хувьд ядуурал нь тэдний сэтгэл зүй, бие махбодь, оюун санааны хөгжилд таагүй нөлөө үзүүлдэг байна.  Ер нь хүүхдийн ядуурлын энэхүү судалгаагаар хүүхдийн гачигдлын түвшин нь шинжилгээнд хамрагдсан эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, бага насны хүүхдийн хөгжил, усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон байр, хүүхэд хамгаалал гэх зэргээр бүхий л салбарт өндөр байгааг харуулжээ.  Хамгийн гол нь эдгээр олон төрлийн гачигдал нь  нэг хүүхдэд давхацсан байдалтай байгаа нь өрхийн орлоготой холбоотой гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Жюдит Бруно хэлсэн юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх