Аялагчдад олигтойхон үйлчилгээ үзүүлчих газар Монголын хөдөөд алга

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 27

Наадмын олон хоногийн амралттай залгуулаад амралтаа авчихлаа. Зуны дэлгэр цагт Монгол орноо хөндлөн гулд туулж, аялах зорилготой. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгаар сар гаруй явлаа. Монголын аялал жуучлалын бүс нутгаар явж байгаа минь энэ. Өвөрхангай аймгаас үзэж харах зүйл эхэлж байгаа юм. Монголын эртний хот Хархорин, Эрдэнэзуу хийд, Орхоны цэлгэр хөндий угтана. Зуншлага энэ жил хаа сайгүй сайхан байгаа. Байгалийн сайхны талаар ярихаас илүүтэй аялал жуулчлалын бүс нутгаар юу дутагдаж байсныг хэлэх нь зүйтэй байх.

Өвөрхангай аймгийнхан энэ жил гүүгээ эрт барьж, айраг эрт гарсан. Замд “Айраг зарна”, “Хонь зарна” гээд зэвэрсэн төмөр, нимгэн банзан дээр эв хавгүй бичсэн байх нь олонтаа. Замын хажууд гүүгээ бариад айраг зарж байгаа газруудаар орлоо. Манай хөдөөнийхний хэнэггүй зан хэвээрээ л байна. “Нарантуул” захаас худалдаж авсан метрийн өнгө өнгийн бүрээсээр сүүдрэвч барьсан байх. Төмөр, мод оролцуулаад сүүдрэвч болгожээ. Яажийсан модон сандал, ширээ тавьчихсан, тоос шороо пургиад хэрэг алга. Ийм сүүдрэвчинд тавтайхан суугаад айраг уух аргагүй. Хултай айргаа хурдхан залгилаад хөдлөх, эсвэл ундаа, цэвэр усны саванд хийлгүүлж аваад явна. Ундааныхаа савыг хаанаас авсан юм бэ гэж асуух хэрэг байхгүй. Замын хажуугаар хүүхдээ мотоцикльтой явуулаад түүлгэчихдэг юм гээд хэнэг ч үгүй хариулна. Айрагны газруудаас “Хэдэн жил энд айраг зарж байна даа” гэж асуухаар олонх нь “Хамгийн багадаа найман жил айраг зарж байна” гэж байна лээ. Тэгсэн мөртлөө олигтойхон сүүдрэвч бариад, томхон ширээ, вааранд айргаа хийж тавих зэргээр тав тухтай орчин бүрдүүлчих ухаан, сэтгэл төрдөггүй бололтой. Замд тааралдах цайны газрууд ч ялгаагүй. Арав гаруй жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ. Орчин, үйлчилгээ, хоолны чанар гээд бүр ч дордсон дүр зураг харагдана. Цагаан бүрээс нь пад хар болж, яажийсан гэр ч таарна. “Гэр гуанз, бүх төрлийн хоол хийж өгнө” гээд хулдаасан хэвлэлд бичээд самбар тавьчихсан харагдана. Ороод хоол идэхээр амт муутай, порц бага. Хэдхэн мах, будаа тавган дээр тавьчихаад 6000 төгрөгөөр зарна. Цайны газрын эзэд, тогооч нарын сэтгэлгээнд “Хотынхон хэдхэн ма х , будаанд цадчихна. Тэрийгээ үнэтэй зардаг юм байна лээ. Бид ч юу дутах вэ” гэх буруу ойлголт суусан гэж бодмоор бараг бүгд ижил үнээр үйлчилж байв. Гэвч мөн л тав тухтайхан суугаад хооллочих боломж муу юм, хаа сайгүй. Говь-Алтай , Баянхонгор аймагт явахад хоолны чанар, орчны талаар бүр яриад ч хэрэггүй гэмээр.

Эргээд Архангай аймгийн нутгаар явлаа. Тамирын голын хөндий, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Шар нохойн там, Тэрхийн цагаан нуур гээд үзэх газар зөндөө. Гэвч мөн л ялгаа байхгүй зэлүүд тал, аялагч, жуулчдад зориулсан юу ч алга. Байгалийн тогтоц, хээр тал л угтана. Хоргын тогоо орчим хог новшиндоо дарагдчихсан. Тэнд нь хэдэн хүн хуушуур, бууз, банштай цай, цай, ус, ундаа гэх мэтийг зараад зогсож байх. Тэгсэн атлаа нутаг орон Хоргын тогооны үүх түүхийн талаар хүүхдүүдэд сонирхуулчих хүн ч байхгүй юм. Тэрхийн цагаан нуур орчимд хонож таарав. Дүнзэн байшин, шавар байшинтай амралтын газрууд байх юм. Модон ор, хоёр сандал ширээ. Хоногийн 60 мянган төгрөгийн үнэтэй, харин гэр буудал нь 40 мянган төгрөг. Бороо орохоор үнэ нь бүр ч нэмэгддэг юм байна лээ. Дотоодын амрагчид газрын баримжаа асуусаар байгаад төв зам дагуух айлуудын гэрийн эзэд бүгд залхчихсан байдалтай.Ярвайсан амьтан гарч ирээд “Хөвсгөл явах гэж байгаа бол тод замаа дагаад л давхиад бай. Хоргын тогоо ч ялгаа байхгүй тод замаа дагаад л давхи” гэж хэлчихээд гэр рүүгээ орчихно. Сум болгонд замын тэмдэглэгээ, километр заасан самбарыг нэн тэргүүнд байршуулах хэрэгтэй санагдсан. Жолооч нар замын самбар дагаад л давхичихна. Айлуудаар орж зам асууж, гэрийн эздийн уур цухлыг бараад байхгүй. Гэсэн ч аялал жуулчлалын бүс нутгийн ядаж зүг чиг тодорхой, эвдэрсэн замын тэмдэглэгээ хийх нь аялагчдын нэн тэргүүнд хүсэх зүйл байв. Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал жуучлалын хамгийн том бүс нутаг. Зуны улиралд жилдээ хэдэн мянган жуулчин Хөвсгөл далайг зорьдог. Энэ зун ч ялгаагүй аялагч, амрагчдын хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Байгалийн сайхныг мэдрэхээр Хөвсгөл далайг зоригсдын олонх Хатгал сумын төвөөр дайрч, далайн эрэг хүртэлх замдаа л аялал жуулчлалын гол газруудын нэг атлаа хөгжил муу, дүнсгэр хэдэн байшингийн олонх нь дэлгүүр болсныг харна. Ийн явсаар далайн эрэг орчмын жуулчны бааз, гэр баазуудтай залгана.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх