Монголын хөрөнгийн биржийн хөрөнгөөр хоолонд орж, фитнесст явдаг байсан гэх Х.Алтай дахин захирал болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 20 ・ 2

d489ff724763088eoriginal

Элчин сайд асан Л.Хангайн хүү Х.Алтай Монголын хөрөнгийн  биржийн захирлаар дахин томилогджээ. Уг нь тэрбээр өмнө нь энэ албыг хашиж байхдаа сайн нэртэй байгаагүй л дээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ны 2011, 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийхэд нэлээд зөрчил илэрсэн байдаг. Нэг ёсондоо Х.Алтайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад гэсэн үг.

Тодотгоход,  шалгалтаар төрийн өмчийн гэх статустай уг компанийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлэн ажилласныг тогтоож, 112.6 сая төгрөгийн акт тогтоосон байдаг юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Янжинсүрэн хэлэхдээ “ -Гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлж, зориулалтын бусаар зарцуулсан зардлууд нэлээд байна. Хөрөнгийн бирж дээр гарч буй зөрчлүүдээс дурдвал, шагнал урамшуулал олгох, нэмэлт зардал буюу унаа, гар утасны зардал хэтрүүлэн хэрэглэсэн, хувийн зардлаа албан байгууллагаас төлүүлсэн зэрэг байна. Шагнал урамшуулалыг дотоод журмаар зохицуулдаг байсан. Ингэхдээ ажлын үр дүнгээс үл хамааран тус компанид 3 сар ажилласан бол цалингийн 50 хувь, 6 сар ажилласан бол 100 хувь, харин удирдах албан тушаалтнууд хоёр сарын цалин болон түүнээс дээш хэмжээнд урамшуулдаг байсан зөрчил илэрсэн. Нийт тэтгэмж, урамшуулал шагналд зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж 62,7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэхээр болсон.” гэж байсан юм.

 За мөн албаны хэрэгцээнд гүйцэтгэх захирал машин унах эрхтэй байтал орлогч гурван захирал мөн албаны машин хэрэглэсэн. Ингэхдээ 16,8 литрээс илүүгүй шатахууны зарцуулалттай автомашин хэрэглэх ёстой гэсэн тогтоолыг зөрчин 22 литр шатахуун зарцуулдаг жийп машин унадаг байсан. Мөн гар утасны төлбөрийн хувьд гүйцэтгэх захирал сард 200 мянган төгрөг, орлогч захирал 70 мянга, хуулийн зөвлөх 50 мянга, гэх мэт ярианы эрхтэй байхыг ТУЗ-аас баталсан байна. Гэтэл үүнийгээ хэтрүүлэн хэрэглэсэн явдал их байна. Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ний ТУЗ-ын шийдвэрээр гүйцэтгэх захирлын нэр дээр сард 20 мянган ам.долларын эрхтэй, гүйлгээ гарсан тухай бүрд дүүргэлт хийж байх гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний карт байдаг. Үүнийг зориулалтын бусаар хоолонд орох гэх мэтдээ ашигласан үндэслэлээр 17 сая төгрөгийг Х.Алтайгаар нөхөн төлүүлэх нь зүйтэй хэмээн акт тогтоосон гэж байсан юм.

За мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтай болон орлогч хоёр захирал бялдаржуулах клубт хичээллэх гурван сая төгрөгийг компаниас гаргуулсан зөрчил илэрсэн байдаг.

Тэгэхээр хөрөнгийн биржийн хөрөнгөөр хоолонд орж, фитнесст явдаг Х.Алтай эргээд хүрээд иржээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: