Нүүрс, модны үнэ буурахгүй ч хэрэглээг багасгах боломжтой

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 21
 

 

-ЭНЭ НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШӨНИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТАРИФЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ЮМ-

 

        Хүйтний ам наашилж буй энэ өдрүүдэд гэр хорооллын иргэд өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлдэг бөгөөд түлээ, нүүрсээ хямд үнээр худалдан авахыг эрмэлздэг. Гэвч өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил түлээ нүүрсний үнэ огтхон ч хямдраагүй нь иргэдэд хүндрэл учруулж эхэлжээ. Учир нь замын хажуугаар нүүрс мод жижиглэн зарж буй ченжийн хариулт “Цаашдаа үнэ хямдрах болов уу” гэсэн иргэдийн горьдлогийг талаар болгож буй. Цаг агаарын байдал тогтуун дулаахан байхад нүүрс яагаад ийм өндөр үнэтэй байгааг ченжүүдээс тодрууллаа. Тэд хэлэхдээ “Уурхайгаас нүүрс өндөр үнэтэй ирж байгаа. Цаг агаар дулаан байгаа болохоор нүүрсний уурхайгаа бүрэн нээж амжаагүй байна. Налайхын уурхайд цөөн тооны нүүрсний нүхэн амыг нээсэн. Алаг толгой болон Багануурын нүүрс хараахан орж ирээгүй байна. Цаашдаа нүүрсний үнэ өсөх хандлагатай” гэв. Тиймээс бид өнөөдрийн байдлаар нүүрс ямар үнэтэй байгаа талаар тодрууллаа.

 

ШУУДАЙТАЙ НҮҮРС 3000, ПОРТЕР НЬ 160 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 

        Нийслэлийн хэмжээнд мод, нүүрсний эрэлт худалдан авалт ихтэй газруудын нэг бол “Цайз” зах билээ. Тус зах дээр жижиг шуудайтай нүүрс 2000, том нь 3000 төгрөг бол 40 кг-ын шуудайтай мод 3500 төгрөгийн үнэтэй байна. Харин портер нүүрс 160 мянган төгрөг, өндөрлөгөөтэй буюу тэвшнээс илүү гаргаж ачсан бол 200 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Зарим газарт энэ үнэ бага зэрэг нэмэгдэж байх жишээтэй. Хотын гудамж, талбай, зам дагуу жижиглэн зарж буй нүүрсний үнэ “Цайз” захын ханшнаас илүү юү гэхээс дутахааргүй байна. Учир нь уурхайгаасаа хамаарч нүүрсний үнэ ханш хоорондоо харилцан адилгүй байдаг гэдгийг худалдаачид онцолж байв. Түүнчлэн иргэд ихэвчлэн Налайх, Багануур, Алаг толгойн нүүрсийг түлшиндээ хэрэглэдэг нь жил бүрийн худалдан авалтаас ажиглагддаг гэдгийг тэд хэллээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн Налайхын уурхайн нүүрсийг гадуур худалдаалж байна. Ер нь жилийн жилд цаг агаараас шалтгаалан нүүрсний үнэ тогтворгүй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр хүйтэн, цас орж байвал үнэ нь 200-300 төгрөгөөр нэмэгддэг. Харин цаг агаар тогтуун байвал урьдын үнээрээ борлуулдаг гэдгийг иргэд хэлж байв.

 

ЧЕНЖҮҮД НҮҮРСНИЙ ҮНИЙГ НЭМДЭГ

 

        Иргэд ихэвчлэн нүүрс, модыг шуудайгаар нь худалдаж авах сонирхолтой байдаг гэнэ. Энэ нь тэдний өрхийн орлоготой шууд хамааралтай гэдгийг олон хүн тодотгож байлаа. Тэр дундаа сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал бий болсоноос үүдэж иргэд портер машинаар нүүрс авч чадахгүйд хүрээд байгаа юм байна. Портер нүүрс худалдаж авахад хүргэлт үнэгүй гэдэг. Үнэн хэрэгтээ ченжүүд үнийг нэмж хүргэлтийнхээ зардлыг гаргаад авчихдаг хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэгээд ч хол газар бол хүргэж өгөхгүй. Зам нь хэтэрхий өгсүүр байвал замын голд буулгах зэрэг олон асуудал тохиолддог талаар учирлалаа. Энэ талаар Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэн П.Должинсүрэн “Өглөө, оройд сэрүүхэн учраас гэрт зайлшгүй гал түлэх хэрэгтэй байдаг. Одоохондоо хүйтрээгүй болохоор нүүрс, модны үнэ хямдхан байгаа гэж бодсон. Гэтэл эсрэгээрээ байна. Өнгөрсөн жилийн ханшнаас ч илүү байгаа юм байна. Манай ойр орчмын айлууд ихэвчлэн шуудайгаар нь нүүрс авч түлдэг. Мэдээж өрхийн орлогоосоо шалтгаалж байгаа шүү дээ. Бидний өрхийн орлого нэг сард дунджаар 500 мянган төгрөг. Өвлийн ид хүйтний улиралд өдөрт нэг шуудай мод, 2-4 шуудай нүүрс түлдэг” хэмээв. Нийслэлийн хүн амын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр өрхийн дийлэнх хувь нь нүүрс хэрэглэдэг байна. Үүнээс улбаалан агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс нийслэлийн утааг багасгах үүднээс өнгөрсөн онд гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг 50 хувь болгож хөнгөлсөн. Ингэснээр нүүрсний хэрэглээг багасгахын зэрэгцээ иргэдийн амьдралд ихээхэн дэм болж чадсан гэдгийг олон хүн хэлж байв. Дээрх хөнгөлөлт энэ онд үргэлжлэх болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Уг асуудлыг тодруулахаар бид холбогдох байгууллагыг зорьсон юм.

 

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮРГЭЛЖЛЭХ ЭСЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ШИЙДВЭРЛЭНЭ

 

        Дээрх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооныхон дараах мэдээллийг өглөө. Тэдний өгсөн мэдээллээр “Өнгөрсөн онд гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тариф нэг кВт нь 77.10 төгрөг байсан. Эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлснээр энэ тоо 38.55 төгрөг болсон. Уг шийдвэрийг Засгийн газар 2015 онд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гаргасан бөгөөд хөнгөлөлт 21:00- 06:00 цагийн хооронд үйлчилдэг байсан” гэлээ. Түүнчлэн энэ жил тухайн хөнгөлөлт үйлчлэх бүрэн боломжтой. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар оруулж байж шийдвэрлэнэ гэдгийг дуулгалаа. Хэрэв цахилгааны хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэх юм бол арванхоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломжтой болох юм. Ямартай ч шөнийн тарифыг хөнгөлснөөр нүүрс түлж гэрээ халаадаг өрхийн тоо 30- 50 хувиар буурна гэж үзжээ.

 

Г.Мягмарсүх

Монголын үнэн

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх