“Марубени”, “Жаст”, “Хан Ресурс”-ын дараах “Эрдэнэт”

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 23

e58e186093f6a0ddoriginal

Монгол Улсыг хагас зуун жил ганцаараа шахуу тэжээгээд буй “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ эзэмшиж байв. Хувь нийлүүлсэн энэхүү компанийн дүрэм журмаар ОХУ өөрийн мэдлийн хувьцаагаа зарах тохиолдолд заавал ч үгүй Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэх ёстой бөгөөд энэ дагуу ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт мэдэгдсэн.

Харин Ч.Сайханбилэг ОХУ-ын тэрхүү мэдэгдлийг Засгийн газрын хуралдаанаар, УИХ-ын чуулганаар оруулалгүй дур мэдэн өөрийнхөөрөө шийдсэн. Өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэгийн 27 настай хүүгийн хувийн өмч болчихоод буй. Ч.Сайханбилэг нэгэнтээ “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголынх боллоо хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн үлдсэн 49 хувь нийт Монголын биш нэг хүний өмч болжээ. Мөн эзэмшигч этгээд нь өөрийн 49 хувиа хэсэгчилж болон бүхлээр нь гаднынханд худалдах боломжтой. Уг нь хоёр улсын дүрэм журмаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар худалдаж авах  давуу эрхтэй байв. Гэвч Ч.Сайханбилэг стратегийн чухал ач холбогдолтой “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар худалдан авах боломжгүй хэмээгээд Худалдаа хөгжлийн банкинд баталгаа гаргаж өгчээ.

Нэгэнт Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж өгч, “энэ компани найдвартай энд зар” гэсэн болохоор Оросууд зараад 500 сая ам.доллараа аваад явсан. Тэгвэл өдгөө 500 сая ам.долларыг хаанаас олов, Худалдаа хөгжлийн банкны хур хөрөнгө байв уу, тус банкны удирдлагууд харилцагчдынхаа хадгаламжийг эрсдэлд оруулж энэ мөнгийг босгов уу, эзэн нь гэх 27 настай хүүгийн хөрөнгө байв уу гэдэг асуудал урган гараад буй. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компани худалдаж авсан энэ үйл явц “хулгай” хэмээн хэд хэдэн улстөрчдийн зүгээс мэдэгдээд байна.

Мөн эрх баригч МАН-ын бүлгээс ч энэ асуудлыг шалгах Ажлын хэсэг томилсон. ОХУ-ын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг харьцангуй хямдаар буюу 500 сая ам.доллараар Монгол Улсад худалдсан. Харин ард түмний өмчийг Засгийн газар нэрийн дор хэн нэгэн этгээд хувийн компанид шилжүүлснийг дээрх улстөрчид эсэргүүцэж, үүний ард маш том хуйвалдаан явагдсан гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Тэгвэл иймэрхүү хуйвалдаан өмнө нь Монгол Улсад хэд хэд гарч байжээ. Эдгээрээс хамгийн алдартай нь “Марубени”, “Жаст”, “Хан Ресурс”-ийн хэргүүд юм. Түүх сөхвөл, 1996 онд “Буян” Жагаа буюу Б.Жаргалсайханыг Монгол Улсын Засгийн газар батлан дааж, Японы “Марубени” корпорацид баталгаа гаргаж өгснөөр Марубенийхэн Б.Жаргалсайханд хөрөнгө оруулж “Буян” компаниа байгуулахад нь тусалжээ. Товчхондоо, Б.Жаргалсайхан гэдэг нөхөр төлөхгүй бол Монгол Улсын Засгийн газар төлнө гэснээр Япончууд Б.Жаргалсайханд нийтдээ 30-аад сая ам.доллар зээлсэн.

Харин хугацаа тулж төлөх болоход Б.Жаргалсайхан луу унжсанаар Япончууд Монгол Улсын Засгийн газрыг Лондонгийн Арбитрийн шүүхэд өгсөн байдаг. Арбитрийн шүүхэд Япончууд ялалт байгуулж, Монгол Улс давж заалдахаар болсон ч энэхүү шүүх хурлын өмнө манай талаас “Марубени”-ий удирдлагуудтай уулзаж тохиролцоонд хүрснээр Б.Жаргалсайханы өрийг хойшлуулсан. Өдгөө яг ямар тохиролцоо хийгдсэн нь тодорхой байдаг хэдий ч Монгол Улс өдийг хүртэл “Марубени”-ийнхэнд өрөө төлж, хамгийн сүүлд энэ оны эхээр Таван толгойн цахилгаан станцын тендерийн ялагчаар “Марубени”-ийг тодруулсан юм. “Буян” Жагаагийн Монгол Улсад тарьсан балгийг Монгол Улс өдий олон жил үүрч, өнгөтэй өөдтэй орд газар, хөрөнгө оруулалт ихтэй ажлуудаа Япончуудад өгч байна. Тэгвэл “Жаст”-ын гэх хэрэг бас л замхран одож байна.

“Буян” Жагаагийн адилаар нэгэн үе Монголын хамгийн баян хүн гэгдэж явсан Ш.Батхүү буюу “Жаст” группийн эзэн түүний мэдэлд “Хадгаламж” банк, “Жаст” шатахуун түгээх 45 станц гэх мэт олон компани, хөрөнгө байв. Ш.Батхүүд Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж өгч, мань хүн “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” компани хэмээх улсын өмчийг хувийн компани шигээ гаднын компанид барьцаалж байгаад асар их зээл авсан. Тэрбээр Английн алдарт “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 109 сая ам.доллар зээлсэн бөгөөд өдгөө энэ өрөндөө бүхнээ өгсөн ч өртэй үлдээд байгаа гэдэг. Энэ хэргийн ард буюу Ш.Батхүүд зээлийн баталгаа гаргаж өгсөн хүний нэгийг С.Баяр гэдэгт хуулийнхан эргэлздэггүй.

Тэгвэл С.Баярын өөрийнх нь үйлдсэн нэгэн том хэрэг өдгөө Монгол Улсад 140 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад байна. Дорнодын ураны ордыг Канадын “Хан Ресурс” компанид эзэмшүүлж, хөрөнгө оруулалтаа хийгээд ажлаа эхэлсэн хойно нь энэ ордыг ОХУ-д өгсөн. Улмаар Хан Ресурсийнхэн алдагдлаа Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж Олон улсын шүүхэд хандаж, эцэстээ тэдний нэхэмжилсэн 70 сая ам.доллар буюу 140 тэрбумын төгрөгийг төлснөөр энэ хэрэг нэг юм шувтарсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар их хэмжээний мөнгийг өмгөөллийн хөлс болон бусад зардлуудад зарцуулж, хэн нэгэн даргын ганц гарын үсгээ төлөө хэдэн арван тэрбумаар шатав. Мэдээж Хан Ресурсийнхний нэхэмжилсэн 70 сая ам.доллар тэдний хөрөнгө оруулалтаас хамаагүй их мөнгө байсан юм. Хамгийн гол нь, төр, түмэнд хохирол учруулсан улстөрчид дахиад сонгогддогтой адил муу нэр зүүсэн гаднын хөрөнгө оруулагчид компанийнхаа нэрийг өөрчлөөд Монголд дахиад орж ирдэг байх юм.

Ингэж л тэд харилцаа холбоо тогтоосон Монголын улстөрчидтэй дахин холбогдож байгалийн баялгийг өртөг багатайгаар зөөх ажилдаа ордог байна. Тэгвэл энэ мэтчилэн асар том хуйвалдааны араас “Эрдэнэт” үйлдвэр орчихож байгаа юм биш биз гэх хардлага олон нийтийн дунд байна.

Магадгүй тун удахгүй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан 500 сая ам.долларыг аль нэг гаднын байгууллагаас хэн нэгэн этгээд Монгол Улсын Засгийн газраар баталгаа гаргуулж байгаад авчихсан, тэрийгээ төлж чадахгүй Олон улсын шүүхэд дуудагдаж, улмаар Монгол Улсын Засгийн газар бөөн өр, бөөн алдагдал хүлээх вий. Эцэст нь, энэ бүхний үйл лайг чинь ард түмэн л үүрч, та нарын тавьсан өрийг янз бүрийн татвар, торгууль, хураамж мэтчилэнгээр төлдөг шүү.

 

Төгс

14408768_1075659032554287_872381660_n


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх