“Эрдэнэт”-ийн захиралд нэр нь яригдаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 03 ・ 2

Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт зүйлдвэрийн захирлыг нь томилно гэж албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар хэн томилогдох бол гэдэг нь олны анхаарлын төвд орсон нь нууц биш. “Эрдэнэт"-ийн шинэ захирлаар хэд хэдэн хүний нэр “сойгдож” байгаа бололтой. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдын хамтрагч Т.Бадамжунайг томилож магадгүй гэх бор шувуу ойрын өдрүүдэд газар авсан билээ. Харин түүний араас "Алтжин" группийн тэргүүн Г.Алтан, “Эрдэнэт”-ийн экс захирал Ч.Ганзориг нарын нэр яригдаж байна. Тэгвэл “Эрдэнэт”-д “эзэн” суухаар санаархаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг сонирхуулъя.

 

 

 

“Эрдэнэт” үйлдвэрийн захиралд нэр нь яригдаж буй УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нь МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн. Тиймээс ч Засгийн газарт багтаагаагүй гомдлыг нь Эрдэнэт үйлдвэрийн захирлын албан тушаал томилж барагдуулах нь гэх бор шувуу нисэх болов. МАН-ын бялуунаас хараахан хүртэж амжаагүй байгаа түүнд Төрийн өмчит хувьцаат компаний аль нэгд  захиралын албан тушаалд томилохоор тохиролцсон байх магадлалтай. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын албан тушаалыг түүнд өгөхөөр шийдээд буйг улс төрийн хүрээнийхэн ярьж буй юм.

 

Түүний охин Б.Гаваа өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын даргаар ажилладаг. Энэ утгаараа эрх баригч намаас хийгдэж буй томоохон томилгоонуудад Т.Бадамжунайгийн нөлөө өндөр  гэж харах хүн олон байна. Т.Бадамжунайгийн хувьд улс төрийн болоод хувийн амьдралын арвин түүхтэй. Намтараас нь сонирхвол, Т.Бадамжунай нь хоёр охинтой, бурхан цуглуулах хоббитой, томоохон эдлэн газруудтай гэх. Том охин нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгтэй ханилсан гэдгээр нь олон түмэн андахгүй.

 

Харин бага охин нь солонгос хүнтэй гэр бүл болсон тухай хэсэгтэй л шуугисан. Үүнтэй холбоотойгоор Дорнодын Мэнэнгийн 27 мянган га газрыг Өмнөд Солонгосчуудад ногоо тариулахаар өгсөн нь асуудал дэгдээж байсан юм. Т.Бадамжунай Төмөр замын техникум, Техникийн их сургуулийг төгссөн эдийн засагч мэргэжилтэй аж.

 

 

“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захиралыг томилох талаар яригдаж  буй дараагийн хүн нь “Алтжин” группийн тэргүүн Г.Алтан. Түүнийг "Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захиралаар томилогдоход дотны найз УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь тусалж байгаа гэгдэж байгаа юм. Тодруулбал Ц.Нямдорж сүүлийн үед “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьж эхэлсэн нь Г.Алтангийн ашиг сонирхлыг хамгаалан, замыг нь засч өгч байгаа юм биш гэх хардлага олон нийтийн дунд төрөөд байгаа. Тэдний хувьд нэг нутаг усны сайн найзууд юм.

 

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр Ц.Нямдорж Монголын эдийн засгийг гартаа атгасан. Түүний мэдэлд, одоогоор Сангийн Яам, Монголбанк гээд байгаа. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэр хэмээх саалийн үнээний ерөнхий захирлын сэнтийд Г.Алтан заларсан  тохиолдолд Монгол Улсын эдийн засаг Ц.Нямдоржийн мэдэлд ирэх нь тодорхой гэж хардах хүн ч багагүй байгаа юм.

 

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2006 онд “Алтжин” группийн Бөмбөгөр худалдааны төв шатаж, эндээс амьдралаа залгуулж байсан олон хүн хохирч байсан. Тэрбээр ЗХУ-ын Одесса хотын Их сургуулийн биологийн ангийг дүүргэж эх орондоо ирээд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуульд мэргэжлээрээ хичээл заан оюутнуудаас өндөр үнэлгээ авч, шулуун шударгаараа дуудуулж байсан багш Г.Алтан төдөлгүй нарийн ухаан гарган бизнест хүч үзэн амжилтад хүрсэн нь өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн захиралаар томилогдох , “Төрийн банк”-ны эзэнээр тодрох эсэх нь олны анхааралд дахин өртөөд буй.

 

 

Үйлдвэр худалдааны сайдын албанаас 2008 онд шууд нисээд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын сэнтийд заларсан Чимэддоржийн Ганзоригийн нэр дахин энэ албан тушаалд томилогдох тухай яригдаж эхэлсэн бололтой. Тэрбээр Ш.Отгонбилэг агсны дараа Эрдэнэтээс төрсөн хамгийн том тэрбумтан гэгддэг нэгэн. Түүнийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “халаасны хүн” гэдэг нь Эрдэнэтийн Ерөнхий захирлаар нисч очсоноор нь тайлбарлагдана. Түүнийг Ерөнхий захирлаар ажиллах ёстой дөрвөн жил нь 2012 онд дууссан ч “Эрдэнэт”-ийн баялгаас хүртэх аргаа олсон зальтай нэгэн гэлцэх нь бий. Төрсөн дүү Ч.Батзориг нь оффшорт долоон данстай гэдгээрээ олны анхаарлыг эрхгүй татаж байв.

 

Хэргийн мөрөөр судлахад Ч.Батзоригийн оффшорт данс нээлгэсэн цаг хугацаа Ч.Ганзориг “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үетэй давхцаж байсан нь батлагдсан. Тодруулбал, Ч.Батзориг гэгч нь оффшор бүсэд 2008 оны долдугаар сарын 10, 2008 оны долдугаар сарын 21, 2009 оны нэгдүгээр сарын 20, 2009 оны наймдугаар сарын 13, 2012 оны хоёрдугаар  сарын 10-нд тус тус данс нээлгэжээ. Ч.Ганзориг 2008-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан. Ч.Батзориг оффшорт дөрвөн компанид хувьцаа эзэмшиж байсан бөгөөд гурав нь дефолт болж, нэг нь одоо ч идэвхтэй хэвээрээ байгаа аж.  

 

Үүнээс харахад “Гок”-оос төрсөн тэмбумтан гэгддэг Ч.Ганзориг Монголын ганц саалийн үнээ “Эрдэнэт”-ийг удирдаж байхдаа зувчуулсан мөнгөө дүүгийнхээ нэр дээр оффшорт хуримтлуулсанбайхыг үгүйсгэхгүй юм. Мөн түүнийг Монголын тэргүүн баячуудын нэг хэмээн цоллодог нь оргүй биш юм. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрээс хөрөнгө хуримтлуулаад зогсохгүй Булган аймгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Бумбат” хайрханыг өмчлөн авч амралтын газар байгуулж амжсан гэдэг. "Бумбат” хайрханыг хашиж Араб, Англиас үнэ цохин авч ирсэн 300 гаруй шилмэл агт морьд, азарганы томоохон эдлэн байгуулсан нь өнөөдөр түүний хүү Г.Тэмүүлэнгийн улсын наадамд торгон жолоо өргүүлдэг хурдан морьдынх нь удам угсаа ажээ.  Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг эрхмийг дахин захиралын сэнтийд нь залбал Монголын ганц саалийн үнээ гэгдэх “Эрдэнэт”-ийн баялгийг  эзэмших нь дамжиггүй.

 

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 04/

    Алтан авгай нөхөр асан Ж-гын босгосон САПУ-гын хөрөнгийг салгаж чадсан юм.Одоо ард түмний хөрөнгөөр боссон банкийг салгаж авна гэж байгаа байх,Гэхдээ энэ хормойн хийтэд зүгээр юмаа өгдөг ард түмэн байхгүй гэдгийг анхааруулъя.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 03/

    good

    Хариулах