Бүх эхчүүдэд адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 07 ・ 2

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Тодруулбал, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт ажиллаж буй 300,0 гаруй мянган малчин нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлж байгаа юм. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин руу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай болж байгаа талаар дээрх хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулж байсан.

Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Мөн өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй  малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахааар УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж тодруулах гишүүн гараагүй бөгөөд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Гишүүдийн гаргасан “Ерөнхий боловсролын сургууль, коллеж, их, дээд сургуулийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй”, “малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчээр ажилласан хугацаанд хамаарахгүй” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжигдсэн. Байнгын хорооны хуралдаанаар ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: