Автомат болон цахим тоглоомын газрууд бүгд зөвшөөрөлгүйг мэдэгдлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 21 ・ 1

Цагдаагийн ерөнхий газраас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоом нэрийн дор хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан үйлчилгээний газруудад шалгалт хийжээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр мэдээлэл хийлээ.

Дүүргүүдийн цагдаагийн хэлтэс энэ оны 11-р сарын 22-29-ны өдрүүдэд харъяа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй тоглоомын газруудад шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтаар хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 25 газрыг илрүүлжээ. Үүнээс 19 автомат тоглоомын газрын 149 ширээ, бусад эд зүйлийг хураан авч, эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Мөн шалталтад хамрагдсан 16 аж ахуй нэгжид эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1 дахь зүйл ангиар /хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлах/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Мөрдөн байцаалт явагдаж буй учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна.

Нийслэлийн соёл урлагийн газраас автомат буюу цахим тоглоом хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгосон байдаг. Гэсэн ч энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн соёл урлагийн газраас бүх зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ийнхүү аль нэг хэлбэрээр автомат болон цахим тоглоомын газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Тэгэхээр автомат тоглоом нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бүгд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: